Хилийн чанадад амьдардаг Монгол Улсын иргэн гэмт хэрэг, зөрчилд холбогдох, амь насаа алдах харамсалтай хэргүүд гарсаар байна. Хамгийн сүүлд буюу гуравдугаар сарын 11-нд Монгол Улсын иргэн БНТУ-д бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Иймээс хилийн чанадад амьдарч буй иргэдтэй холбоотой гарч буй хэрэг, зөрчлийн асуудлаар Гадаад харилцааны яамны Консулын газрын гуравдугаар нарийн бичгийн дарга Т.Бат-Оршихтой ярилцлаа.
–Турк улсад Монгол Улсын иргэн бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Энэ хэрэгт танай яамны зүгээс ямар оролцоотой ажиллаж байна вэ?
-Хувь хүний нууцтай холбоотой хэрэг учраас дээрх хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Ийм асуудал болсон нь үнэн. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Турк улсад өнгөрсөн онд нэг иргэн гэмт хэрэгт холбогдсон бол өнөөдрийн байдлаар есөн иргэн ял эдэлж байна. Турк улс визгүй болохоор манай улсын иргэд ихээр зорчдог. Хамгийн сүүлд өгсөн мэдээллээр манай улсын 3000 орчим иргэн тус улсад хууль бусаар оршин сууж байгаа гэсэн мэдээлэл бий.
-Өнгөрсөн оны байдлаар хилийн чанадад манай улсын хэчнээн иргэн гэмт хэргийн хохирогч, холбогдогч болсон бэ?
-2018 оны байдлаар манай улсын 1400 орчим иргэн хилийн чанадад гэмт хэрэгт холбогдсон гэсэн мэдээллийг гадаадын холбогдох байгууллагаас дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан бидэнд мэдээлсэн. Үүнээс манай улсын иргэд БНСУ-д хамгийн ихээр гэмт хэрэгт холбогддог. Өнгөрсөн онд гэхэд 1000 гаруй иргэн БНСУ-д гэмт хэрэгт холбогдсон байна. Үүгээр зогсохгүй хоёр хөрш болоод Турк улсад манай улсын иргэд гэмт хэрэгт холбогдох нь их байгаа.
-Өмнөх онуудтай нь харьцуулахад хилийн чанадад гэмт хэрэг зөрчилд холбогдсон хүмүүсийн тоо буурч байна уу эсвэл өсөх хандлагатай байна уу?
-2017 онтой харьцуулахад хилийн чанадад үйлдэгдэж буй гэмт хэргийн тоо харьцангуй буурсан. Европын ихэнх орнуудад хувь хүний нууцыг хамгаалах хуультай. Уг хуулиар тухайн иргэн гэмт хэрэг, зөрчилд холбогдсоны дараа мэдээллийг нь өөрийн улсын Элчин сайдын яаманд нь мэдэгдэх эсэх талаар асуудаг. Хэрэв тухайн иргэн мэдээллээ өгөхийг хүсэхгүй байна хэмээн, гарын үсэг зурсан тохиолдолд тухайн иргэний мэдээллийг манай элчин сайдын яаманд өгдөггүй. Харин элчин сайдын яамандаа мэдээлэл өгөхийг хүссэн байвал дипломат төлөөлөгчийн газраас ар гэрийнхэнтэй нь холбоо тогтоогоод, мэдээлэл өгч, тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж ажилладаг.
-Хэрэг, зөрчилд холбогдсон иргэдийг нас, хүйсийн байдлаар авч үзвэл?
-Ихэвчлэн эрэгтэйчүүд гэмт хэрэгт холбогддог. Насны хувьд 19-40 насны орчим хүмүүс дийлэнх хувийг эзэлж байна. Мөн хэрэг зөрчлийн дийлэнх нь хулгай, танхай гэсэн хэргүүд байдаг.
-Хөрш орнуудад манай улсын иргэдтэй холбоотой хар тамхи, мансууруулах бодисын хэрэг нэлээдгүй бүртгэгддэг. Өнөөдрийн байдлаар хилийн чанадад манай улсын хэчнээн иргэн хар тамхины хэргээр ял эдэлж байна вэ?
-БНХАУ-д хар тамхины хэрэгт холбогдсон иргэдэд оноох ялын хэмжээ өндөр байдаг. Хятадын эрүүгийн хуулийн 347 дугаар зүйлд зааснаар хар тамхи их, бага хэмжээгээр ч хамаагүй зөөвөрлөсөн гэж үзвэл эрүүгийн хэрэг үүсгэдэг. Тухайлбал, 50 грамм хүртэлх хар тамхийг зөөвөрлөсөн бол таван жилийн ял оноодог. Хэрэв 50 граммаас дээш байсан тохиолдолд ялын хэмжээ нэмэгдэж, цаашлаад цаазаар авах ялтай. Хар тамхины хэргээр нийтдээ 45 хүн хилийн чанадад ял эдэлж байгаагаас Хятадад 44, Словак улсад нэг иргэн ял эдэлж байна.
-Гадаад руу зорчиж буй иргэдэд юуг анхааруулах вэ?
-Иргэддээ анхааруулж хэлэхэд танихгүй хүнээс дайвар бүтээгдэхүүн авахгүй байх хэрэгтэй. Нөгөө талаар өөрийнх нь ачаа тээшнээс хар тамхи илэрсэн бол тухайн хүнийх гэж үздэг. Жишээ нь БНХАУ-ын хилээр арван грамм хар тамхи хилээр авч гарлаа гэхэд гурван жилийн ял оноох жишээтэй. Тиймээс залуучууд маань хар тамхинаас аль болох хол байж, татгалзах хэрэгтэй. Манай Консулын газраас өнгөрөгч 2018 онд Цагдаагийн ерөнхий газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэстэй хамтраад хилийн чанадад хулгайн гэмт хэргээс сэргийлэх талаар хамтран ажиллаж эхэлсэн. Энэ хүрээнд хилээр гарч буй Монгол Улсын иргэдэд тараах материал өгч байгаа. Иргэд маань тухайн улсад зорчихдоо хууль журмыг нь сайн судалж байх хэрэгтэй. Манай консулын веб хуудсанд гадаадад зорчиж буй иргэдийн гарын авлага байдаг. Түүнд бүх анхааруулга байгаа.
Жишээлбэл, БНХАУ-руу нэвтрэхдээ 20 мянган юань, эсвэл 5000 ам доллараас дээш бэлэн мөнгө биедээ авч яваа бол заавал гаальд мэдүүлэх хэрэгтэй.
Тэгэхгүй бол хилээр гарахад нь хураах жишээтэй байдаг. Мөн сүүлийн үед Эрээний боомтоор нэвтэрсэн иргэд санаандгүй байдлаар бууны сум цүнхэндээ хийж хилээр нэвтэрсэн тохиолдол бүртгэгдэж байна. Энэ нь улсын хилээр галт зэвсэг нэвтрүүлсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсээд явчхаж байгаа юм.
-Тэгвэл Монгол улсад оршин суугаа гадаад иргэд гэмт хэрэгт холбогдсон талаар тоон мэдээлэл бий юу?
-Цагдаагийн газраас ирүүлсэн мэдээллээр 2018 оны байдлаар гадаадын арван улсын 61 иргэн Монгол Улсад гэмт хэрэгт холбогдсон. Дээрх иргэдийг Монгол Улсын журмаар хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Мөн манай улсад гаднын 15 иргэн ял эдэлж байна.
-БНСУ-д манай улсын иргэд хамгийн ихээр гэмт хэрэгт холбогддог гэж та хэллээ. Энэ байдлаас хоёр улсын харилцаанд ан цав үүсгэх үү. Цаашлаад ямар нэгэн сөрөг нөлөөтэй юу?
-БНСУ-д манай улсын иргэд “хараар” амьдраад байгаа нь эргээд визний нөхцөл хөнгөвчлөх асуудал удаашралтай болох талтай. Иргэд маань хариуцлагатай аялаад, хугацаандаа ирэх юм бол манай иргэд ирээдүйд визгүй болоход дөхөмтэй юм. Тэгэхгүй тэнд оччихоод “хараар” амьдраад байх юм бол эргээд визний нөхцөлд сөргөөр нөлөөлнө. Өөрөөр хэлбэл, визний нөхцөл улам хатуу болох юм. Тиймээс иргэддээ хугацаандаа ирэхийг уриалмаар байна.
Холбоотой мэдээ