Г.Занданшатарын айлчлалаар хоёр тал тодорхой асуудлуудаар нэгдсэн шийдэлд хүрлээ | News.MN

Г.Занданшатарын айлчлалаар хоёр тал тодорхой асуудлуудаар нэгдсэн шийдэлд хүрлээ

Г.Занданшатарын айлчлалаар хоёр тал тодорхой асуудлуудаар нэгдсэн шийдэлд хүрлээ

Г.Занданшатарын айлчлалаар хоёр тал тодорхой асуудлуудаар нэгдсэн шийдэлд хүрлээ

Швейцарийн Холбооны Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарт тус улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Паскал Баерисвил, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Даниела Стоффел, Төрийн зөвлөлийн (парламентын Дээд танхим) Гадаад харилцааны байнгын хорооны дарга Филиппо Ломбарди нар бараалхлаа.

Эдгээр уулзалтуудаар хоёр тал хамтын ажиллагаагаа парламент хооронд төдийгүй худалдаа, эдийн засгийн бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн чухлыг тэмдэглэж, үзэсгэлэнт байгальтай, түүнийгээ хайрлан дээдэлдэг өв уламжлалтай орнуудын хувьд аялал жуулчлалыг харилцан хөгжүүлэх, соёл урлаг, боловсролын салбарын хамтын ажиллагаанд түлхүү ач холбогдол өгөх, олон улс, бүс нутгийн хамтын ажиллагаанд харилцан бие биеийг дэмжиж ирсэн уламжлалаа цаашид ч хадгалах, шинэ чиглэлээр баяжуулах зэрэг нэгдсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.

Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, хатагтай Паскал Баерисвилтэй хийсэн уулзалтаар Швейцарийн Холбооны Улсын Гадаад хэргийн сайд И.Кассисын Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр ярилцан тохиролцсон хамтын ажиллагааны олон асуудлыг хугацаа алдалгүй, үр дүнтэй хэрэгжүүлэх нь чухал болохыг санал нэгтэй тэмдэглэв.

Уулзалтуудаар Монгол Улсын Засгийн газраас баталсан Оффшор бүсийн жагсаалтад Швейцарийг оруулсан тухай асуудал хөндөгдсөн юм. Энэ талаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тайлбарлахдаа “Энэ нь зөвхөн төрийн албан хаагч, улс төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой асуудал юм. УИХ-аас авлигатай тэмцэх зорилгоор төрийн албан хаагчид болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүд албан үүрэг гүйцэтгэх хугацаандаа оффшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглосон. Энэ хязгаарлалт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ байгуулаагүй улс орнуудад зонхилон хамаарч байгаа. Жагсаалтад тус улсыг багтаасан нь хоёр улсын харилцаанд, түүний дотор бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдын эрх ашигт сөргөөр нөлөөлөх учиргүй” гэв.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар асуудлыг зохистой шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байгааг мэдээллээ.

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, хатагтай Даниела Стоффел авлига, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудлыг Швейцарь Улс Монголтой адил онцгой анхаардаг. Манай улс мөнгө санхүүгийн талаарх олон улсын стандартыг чанд мөрддөг. Тиймээс нэгдүгээрт, Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээг хоёр орны хооронд ойрын үед байгуулах; хоёрдугаарт, 20 гаруй жилийн өмнө байгуулсан Давхар татвар ногдуулахаас зайлсхийх хэлэлцээрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж байна. Үүнтэй холбогдуулан хоёр талын хамтарсан Ажлын хэсэг байгуулах, Швейцарийн Холбооны Улсын Ерөнхийлөгч буюу Сангийн сайдыг Монгол Улсад айлчлуулах, энэ үеэр дээрх асуудлуудыг шийдвэрлэх саналыг тавьж байна гэв.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар түүний саналыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлж, асуудлыг Монгол Улсын Засгийн газарт уламжилж, хугацаа алдалгүй шийдвэрлэх талаар парламентын зүгээс онцгой анхаарал хандуулах болно гэв.

Мөн манай талаас тавьсан Швейцарийн Холбооны Улсын Элчин сайдын яамыг Монголд нээх, Швейцарийн парламентад Швейцарь, Монголын бүлэг байгуулах саналыг Төрийн зөвлөлийн Гадаад харилцааны байнгын хорооны дарга, ноён Филиппо Ломбарди нааштайгаар хүлээн авч, шийдвэрлэх талаар Төрийн зөвлөлөөс онцгой анхаарах болно гэж амлалаа.

Ийнхүү тодорхой асуудлуудаар хоёр тал нэгдсэн ойлголцолд хүрч чадсан нь Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын айлчлалын нэг чухал үр дүн боллоо.

Энэ өдөр Швейцарийн Холбооны Улсын парламентын удирдах албан тушаалтан, ажилтнууд тус улсын сонгуулийн зарчим, хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын бүтэц, үйл ажиллагааны онцлог, парламентын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлдэг арга барил, хуралдааны дэг зэрэг асуудлаар Улсын Их Хурлын дарга тэргүүтэй Монголын парламентын төлөөлөгчдөд танилцуулга хийж, сонирхсон асуултад нь хариуллаа.

Швейцарь нь Холбооны улс бөгөөд Кантон буюу 26 муж улсаас бүрддэг аж. 200 суудалтай Доод танхим буюу Үндэсний зөвлөл, 46 суудалтай Дээд танхим буюу Төрийн зөвлөл 4 жилийн хугацаатай сонгогддог. Тус бүр жилд 4 удаа, 3-7 хоног чуулдаг. Дээд, Доод танхим хамтран Засгийн газрыг томилдог. Засгийн газар нь 7 сайдтай. Нэг сайд нь нэг жилийн хугацаатай Ерөнхийлөгчийн албыг давхар хаших бөгөөд энэ албанд ээлжлэн томилогддог юм байна.

Засгийн газрыг болон гишүүдийг огцруулдаггүй, парламентыг тараах, парламентын гишүүнийг огцруулах эрх зүйн зохицуулалт байхгүй. Парламентын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж болохгүй.

Энэ мэт олон онцлог, засаглалын институцүүдийн хараат бус, бие даасан байдлыг бүрэн хангадаг туршлага, парламент хянан шалгах чиг үүргээ хэрэгжүүлдэг арга барил гэх мэт олон зүйл Монгол Улсын Их Хурлаас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй шинэчлэлийн бодлогод тус нэмэр болох нь дамжиггүй.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Швейцарийн Холбооны Улсын парламентын Дээд, Доод танхимын нэгдсэн хуралдаанд зочилж, Танхимуудын тэргүүн нар Г.Занданшатар болон Монгол Улсын парламентын төлөөлөгчдөд баяр хүргэж, үг хэлэв.

Ийнхүү Монгол Улсын Их Хурлын даргын Швейцарийн Холбооны Улсад хийсэн айлчлал амжилттай өндөрлөлөө.

УИХ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Amar 2019-03-14 202.179.25.97

OK

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж