Сэргээгдэх эрчим хүчний тарифыг хөнгөлнө

Хуучирсан мэдээ: 2019.03.14-нд нийтлэгдсэн

Сэргээгдэх эрчим хүчний тарифыг хөнгөлнө

Сэргээгдэх эрчим хүчний тарифыг хөнгөлнө

Монгол Улсын Эрчим хүчний яам, Английн Элчин сайдын яамтай хамтран "Ухаалаг эрчим хүч" форумыг өнөөдөр /2019.03.14/ Гадаад хэргийн яамны Зөвшилцлийн танхимд зохион байгуулж байна.

Форумын үеэр эрчим хүчний салбарын мэргэжилтнүүдийн илтгэлүүдээс гадна Англи улсаас уригдан ирсэн мэргэжлийн экспертүүд Их Британи улсын ухаалаг эрчим хүчний сүлжээ, эрчим хүчний нөөцлүүр, усан цахилгаан станц, нарны эрчим хүч зэрэг асуудлаар сонирхолтой илтгэлүүдийг танилцуулж байна.

Их Британи улс нүүрстөрөгчийн ялгарал багатай инновациараа дэлхийд тэргүүлж буй. Өнөөдөр дэлхийн инновацийн индексээр Их Британи улс дөрөвдүгээр байрт орж, 2015-2021 оны хооронд зөвхөн Засгийн газраас  гэхэд 2.5 тэрбум паундыг нүүрстөрөгчийн ялгаруулалт багатай инновацид хөрөнгө оруулаад байгаа аж.

Их Британи улсаас ирсэн экспертүүдийн төлөөлөл Роберт Сонога

Их Британи улсаас ирсэн экспертүүдийн төлөөлөл Роберт Сонога “Эрчим хүчний салбар ухаалаг системд шилжих үйл явцыг саяхан Англи улсад хэрэгжүүлсэн. Дэлхийн аль ч оронд ухаалаг системийг нэвтрүүлэхэд цаг хугацаа их шаардана. Монгол Улсын хувьд манай улсын эрчим хүчний салбараас суралцах зүйлийг нь суралцаж, эх орныхоо хөрсөнд хэрэгжүүлэх нь чухал. Миний хувьд хийн гинаратор талдаа мэргэшсэн эксперт. Монгол орны хувьд нар, салхи, усан цахилгаан станцыг хөгжүүлэх хэрэгтэй.  Ингэхдээ ганц, хоёрхон том сэргээгдэх эрчим хүчний станц байгуулахаас илүүтэй олон жижиг дэд станц байгуулах нь зүйтэй” хэмээн зөвлөлөө.

Ц.ДАВААСҮРЭН: УСАН ЦАХИЛГААН СТАНЦ, ХИЙН ГИНАРАТОР, ӨНДӨР ХҮЧИН ЧАДАЛТАЙ БАТЕРЕЙ ХУРИМТЛУУРЫГ НЭВТРҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Бид өнөөдөр Англи улсын Элчин сайдын яамтай хамтран Монголын эрчим хүчний салбарт ойрын хугацаанд хэрэгжих томоохон төслүүдийн талаар хэлэлцэж байна. Өнгөрсөн намар эрчим хүчний салбарыг дунд хугацаанд хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулж, Засгийн газраар батлуулсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд гадны хөрөнгө оруулалтаар хийх шаардлагатай байгаа төслүүдээ танилцууллаа. Тухайлбал, усан цахилгаан станц, хийн гинаратор, өндөр хүчин чадалтай батерей хуримтлуур зэрэг эрчим хүчний салбарын системийн найдвартай, үр ашигтай байх чиглэлд тодорхой төслүүдээ санал болгож байгаа. Эдгээр эрчим хүчний эх үүсвэрүүд бий болсноор салбарын систем бие даасан, үр ашигтай салбар болж чадна. Одоогийн байдлаар Монголд нар, салхины эрчим хүчийг хүссэн хэмжээгээрээ хөгжүүлж чадахгүй байгаа. Нар жаргах, салхи буурах үед шууд эрчим хүчний дутагдалд ордог. Тэр дутагдлыг хаах эх үүсвэр манай улсад байдаггүй. Гадаадын хөгжингүй орнуудад усан цахилгаан станц, хийн турбин ашиглан маш хурдан нар, салхины эрчим хүчний эх үүсвэрийг нөхчихдөг. Гэтэл Монголд нүүрсний турбин гинаратороор 4-5 цаг халааж байж, ажилладаг байх жишээтэй. Тиймээс өвлийн улирлын ачааллыг дааж гарахад хүндрэлтэй байдлыг сэргээгдэх эрчим хүчинд үүсгээд байгаа. Ойрын хугацаанд бид Дэлхийн банктай хамтран “Эрчим хүчний мастер төлөвлөгөө”-г боловсруулж, 2019 ондоо багтан гаргахыг зорьж байна. Бидэнд эрчим хүчний дотоод нөөц бололцоо байна шүү гэж харж байгаа. Учир нь сүүлийн гурван жилийн улсын төсвийг харахад 500 тэрбумаас нэг их наяд төгрөг хүртэл давсан биелэлттэй байна. Энэ чинь тэр байтугай усан цахилгаан станц барих мөнгө. Үүнээс харахад бид салбарын бодлогоо сайн тодорхойлж чадахгүй байна. Улсын төсөвт мөнгө илүү гарсан гээд суухгүйгээр эргэлтэд оруулж, эрчим хүчний салбарыг дэмжих хэрэгтэй” гэв.

Мөн Эрчим хүчний яамны сайд яриандаа Зүүн хойд Азийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах “Азийн супер сүлжээ”-ний төслийн хүрээнд олон улстай хамтарч ажиллаж байна. Эрчим хүчний салбарт 2019 онд хийх ажлуудаас дурдахдаа ДЦС-4” ТӨХК-ийн дөрвөн гинараторыг шинэчлэх, “ТЭЦ-3” цахилгаан станцад 75 мВт-аар шинэчлэх, 250 мВт-аар өргөтгөх хоёр төсөл хэрэгжүүлэхээр ОХУ, БНХАУ-ын компанитай хамтарч ажиллахаар болжээ. Харин Амгалан дулааны станцыг үр ашигтай болгохын тулд 50 мВт-ын гинаратор тавьж, цахилгаан дулаан хослон үйлдвэрлэдэг болгоно. Тавдугаар цахилгаан станцын ажлыг концессоор хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай хийх ёстой ажил байсан. Гэтэл өнгөрсөн 2017 оны сүүлчээр энэ хөрөнгө оруулалтыг хийх гэж байсан компаниуд нь гарсан гэсэн мэдэгдэл хүлээн авсан. Одоо бид хөрөнгө оруулагчдад газын турбин гинараторын төслийг хоёр гараа өргөн дэмжинэ гэдгийг хэллээ.

ФИЛИФ МАЛОНЕ: НҮҮРСТӨРӨГЧИЙН ЯЛГАРАЛ БАГАТАЙ ИННОВАЦИЙГ НЭВТРҮҮЛЭХЭД АНХААРЧ АЖИЛЛАНА

Их Британи Умард Ирландын Вант улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Филиф Малоне

“Монгол Улсын Эрчим хүчний яамтай хамтран “Ухаалаг эрчим хүч” форумыг зохион байгуулж байгаад баяртай байна. Ялангуяа энэ форум нь монголын эрчим хүчний салбарын стратеги боловсруулахад чухал үүрэгтэй. Монгол Улсад эрчим хүчний салбарт нэн шаардлагатай хийж хэрэгжүүлэх шаардлагатай хэд хэдэн төслүүд байгаа. Энэ асуудлууд ганц Монголд ч бус бусад орнуудад тулгардаг. Их Британи улсын хувьд эрчим хүчний сүлжээ маш олон жилийн өмнөөс технологи, бодлого төлөвлөлт гэх мэт түвшинд хөгжиж ирсэн. Манай улсын эрчим хүчний салбар далайн эрчим хүчийг ашиглахдаа маш туршлагатай. Одоогийн байдлаар 7.6 гВт цаг эрчим хүчийг далайн салхинаас үйлдвэрлэдэг. Цаашдаа 2030 он гэхэд 30 гВт цаг хүргэх зорилгыг тавиад байна. Тиймээс Монгол Улсын эрчим хүчий салбарт ухаалаг эрчим хүчийг хөгжүүлэхэд техник технологийн тал дээр хамтарч ажиллажг, зөвлөгөөг өгөх болно. Мөн дэлхийн дулааралтайгаар холбоотойгоор нүүрстөрөгчийн ялгарал багатай инновацийг нэвтрүүлэхэд анхаарч ажиллана” гэдгийг Их Британи Умард Ирландын Вант улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Филиф Малоне хэлсэн юм.

Монгол Улсын хувьд өнгөрсөн онд сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх томоохон арга хэмжээг авч ажилласан. Монгол Улсын нийт эрчим суурилагдсан хүчний хүчин чадлын 20-иод хувийг сэргээгдэх эрчим хүч эзэлж байна. Тэр дундаа нийт үйлдвэрлэж буй цахилгаан эрчим хүчний 15 орчим хувийг сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж байгаа гэдгийг мэргэжилтнүүд онцолсон юм.

О.БАВУУДОРЖ: СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ ХУДАЛДААЛЖ БУЙ ТАРИФЫГ ХӨНГӨЛӨХӨӨР АЖИЛЛАЖ БАЙНА

Эрчим хүчний яамны Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга О.Бавуудорж

Энэ талаар Эрчим хүчний яамны Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга О.Бавуудорж  “Дэлхий дахинд хүлэмжийн хий, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх томоохон зорилтыг тавьж байна. Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль 2007 онд батлагдсан. Үүнээс хойш энэ салбарт техник технологийн маш олон дэвшил гарч, технологийн өртөг их хэмжээгээр буурсан. Үүнтэй холбоотойгоор Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулахаас өөр аргагүй болсон.  УИХ хуульд өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байгаа. Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль анх батлагдахдаа 2007 оны үнэ ханшаар сэргээгдэх эрчим хүчийг худалдаж авна гэж заасан байдаг. Гэтэл энэ хууль батлагдсанаас хойш 12 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд техник технологийн үнэ их хэмжээгээр буусан. Өнөөдөр Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчийг худалдаалж буй тариф нэлээд өндөр байгаа. Жишээлбэл, нарны цахилгаан станцаар үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг төвийн эрчим хүчний систем татаж авахдаа 1 кВт цагийг нь 16-18 америк центээр худалдаалж байна. Энэ үнийг төгрөгт шилжүүлбэл буюу эцсийн хэрэглэгчид өндөр тусч байгаа. Тиймээс цаашдаа хуулийн нэмэлт өөрчлөлтөд сэргээгдэх эрчим хүчний тарифыг тогтсон үнээр худалдаж авах схемийг өөрчлөх санал явж байгаа. Мөн хувийн хэвшлийн байгууллагын дунд сэргээгдэх эрчим хүчний төслийн өрсөлдөн бий болгож, үнэ хаялцуулах байдлаар хэн сайн технологийг хямд үнээр нийлүүлсэн нь төслөө хэрэгжүүлэх гэсэн хувилбараар хуульд нэмэлт өөрчлөлтийг хийх санал оруулсан” гэсэн юм.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж