С.Чинзориг: Хөдөлмөрийн гэрээг хугацаагүй болгоно

Хуучирсан мэдээ: 2019.03.14-нд нийтлэгдсэн

С.Чинзориг: Хөдөлмөрийн гэрээг хугацаагүй болгоно

С.Чинзориг: Хөдөлмөрийн гэрээг хугацаагүй болгоно

Засгийн газар 1999 оноос хойш анх удаа Хөдөлмөрийн тухай хуулийн төслийг шинэчлэн найруулсан бөгөөд хуулийн хэлэлцүүлэг өнөөдөр /2019.03.14/ Төрийн ордонд боллоо. Хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг дэмжсэн учраас ажлын хэсэг байгуулагдаж ажиллаж байгаа юм.

Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэгт МҮЭХ, Ажил олгогч эздийн холбоо болон бусад төрийн бус байгууллага, ажлын хэсэг Засгийн газар гэсэн бүрэлдэхүүн оролцлоо. Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэх асуудалд талууд нэгдсэн байр суурьтай байгаа ч зарим нэг зарчмын саналууд дээр санал нэгдэж чадахгүй байсаар багагүй хугацаа өнгөрчээ. Иймээс маргаантай заалтуудыг ажлын хэсгийн түвшинд өөрчлөх боломжуудыг судалж байгаа аж.

Энэ удаагийн хуулийн шинэчилсэн найруулгад ажил олгогч ажилчин хоёрын эрх үүргийг тэгшитгэх, хөдөлмөрийн гэрээгүй ч хөдөлмөрийн харилцаа үүсгэсэн л бол хуулиар эрхээ хамгаалуулах, төрийн оролцоог хөдөлмөрийн харилцаанд оролцох оролцоог багасгаж байгаа гэдгийг хууль санаачлагчид онцолсон юм. Ялангуяа хөдөлмөрийн харилцаа үүссэн л бол хуулиар зохицуулалт хийж, эрхээ хамгаалуулах эрх үүсч байгаад ажил олгогчдын зүгээс болгоомжтой хандаж байгаагаа илэрхийлсэн юм. Хэлэлцүүлгийн явцад хөдөлмөрийн гэрээтэй холбоотой асуудал ажил олгогчдын зүгээс болгоомжтой хандах, хөдөлмөрийн эрхэлтийн харилцаа холбоотой асуудлыг хуульчилсан нь буруу гэдгийг шүүмжилж байсан юм.

Нийт  аж ахуй нэгж байгууллагын 90 орчим хувь нь жижиг, дунд бизнес эрхлэгчид байдаг бол нийт ажиллагсдын 45 хувь нь албан бус секторт хөдөлмөр эрхэлж байна.

Хуулийн төслийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ:

-Ер нь хөдөлмөрийн хуулийг цаг үетэйгээ нийлүүлэн шинэчлэн найруулах зайлшгүй шаардлага бий болж байна. Аж ахуй нэгж , байгууллагын хүний нөөц, албан бус хөдөлмөр эрхлэлт, илүү цагаар ажиллах гэх мэт олон цоо шинэ харилцаануудыг хуульд оруулах шаардлага үүссэн. Тиймээс хуулийн төслийг хаврын чуулганаар батлах зайлшгүй шаардлага бий болоод байгаа юм. Хөдөлмөр эрхлэлтийн маргаан хуулийн байгууллагаар бус хөдөлмөрийн гэрээгээрээ шийдэх боломжийг хуульд тусгаж байгаа юм. Түүнээс гадна хөдөлмөрийн хуулийн зохицуулалтад ажил олгогч болон ажилтны эрх үүргийг тэгш хамгаалсан хууль. Тиймээс бид аль нэг талынх нь эрх ашгийг давамгайлах, дордуулсан зүйл байхгүй. Одоогийн хөдөлмөрийн хуулиар хөдөлмөрийн гэрээ байгуулсан л бол ажилтны эрх ашигтай холбоотой асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулдаг. Гэтэл хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр хөдөлмөр эрхлэх асуудал маш их байгаа учраас энэ асуудлыг хуульчилсан нь зохимжтой гэж үзсэн. Хөдөлмөрийн гэрээ байгуулсан л бол хөдөлмөрийн харилцааны хэв шинж үүссэн л бол ажилтны цалин хөлс, нийгмийн хамгаалалтай холбоотой асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулах саналыг Засгийн газраас оруулсан. Ажил олгогчдын зүгээс энэ асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаа ч хэлэлцүүлгийг явцад ойлголцоод явах боломжтой гэдгээ илэрхийлсэн. Мөн хөдөлмөрийн эрхтэй холбоотой асуудлыг  батагаажуулах шаардлага байгаа юм. Нийт аж ахуй нэгж байгууллагын 56 орчим хувь нь нэг жилийн хугацаатай гэрээ байгуулж  байгаа нь хөдөлмөрийн гэрээ байгуулалт маш хангалтгүй байна гэж үзэж байгаа юм. Тиймээс дагалдан, хүний оронд түр ажиллах, туршилтын хугацаанд ажиллаж байгаа бол түр хөдөлмөрийн гэрээ байгуулдаг байх бөгөөд бусад нь хугацаагүй байх санал хуульд оруулж байгаа.


Хуулийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.МӨНХ-ОРГИЛ:

-Хуулийн төслийн нийт өөрчлөлтийн 99 хувь дээр ажил олгогч, МҮЭХ, Засгийн газар, УИХ санал нэгдэж байгаа. Зарим нэг санал нийлэхгүй зүйлүүд бий. Тухайлбал, МҮЭХ-оос долоон шаардлага тавьсны зургааг нь бид хүлээн зөвшөөрч байгаа бол ганцыг нь хүлээн зөвшөөрөхөд хүндрэлтэй байгаа юм. Тэдний зүгээс МҮЭХ ажил хаях онцгой эрхтэй байх эв санааны ажил хаялтын заалтыг оруулахыг санал болгосон ч Засгийн газар, УИХ, Ажил олгогч эздийн холбоо хүлээн зөвшөөрөхөд хүндрэлтэй байгаа юм. Монгол Улсад МҮЭХ-ны эрх зүйн зохицуулалт хангалтгүй, Монголын маш олон аж ахуй нэгж үйлдвэрчний эвлэлгүй байгаа. Байхгүй газруудад үйлдвэрчний эвлэл ажил хаяж болно гэсэн заалт үйлчлэхгүй болж байгаа юм. Эсвэл заавал бүх аж ахуй нэгж хүчээр үйлдвэрчний эвлэл байгуулах шаардлага тулгарч байгаа юм. Энэ нэг шаардлагыг хүлээж авах боломжгүй болж байгаа юм. Ер нь бол өнөөдрийг хүртэл мөрдөгдөж ирсэн хуулиудын суурь зарчмыг муутгахгүйгээр гэрээгээ сайжруулаад явах ёстой гэсэн зарчим барьж байгаа юм. Түүнээс гадна хуулиас сануулах, цалингийн торгууль, ажлаас халах үндсэн сахилгын шийтгэлүүдээс цалин хасан сахилгын шийтгэлийг бүрэн хассан. Өөрөөр хэлбэл, хүн ажил хийсэн л бол хөдөлмөрлөсөн цалингаа авахгүй ёстой, зөрчил гаргасан бол зөрчлийн шийтгэлээрээ явна. Хүн ажил хийснийхээ төлөө цалин авч байж, хийсэн ажлынхаа урамшууллыг хасна гэдэг нь нэг талаас буруу, сахилгын шийтгэл биш гэж үзэж хуулиас хассан байгаа. Харин ажил олгогч, ажилтан хоёр яг тэгш эрхтэй гэдгийг тодотгож өгсөн. Хуулиараа ажил олгогчид илүү шаардлага тавьж, хоорондын гэрээгээрээ ижил эрхтэй байхаар тусгасан. Хоёулаа л хариуцлага хүлээнэ.

 МҮЭХ, АЖИЛ ОЛГОГЧ ЭЗДИЙН ХОЛБООТОЙ САНАЛ НЭГДЖЭЭ

Хуулийн төсөлд МҮЭХ-ноос нийтдээ долоон саналыг хуулийн төсөлд тусгах саналаа ирүүлжээ. Тухайлбал, салбарын хэлэлцээрт төрийн захиргааны төв байгууллага хуулийн дагуу оролцох үүрэгтэй байхыг баталгаажуулах, зайлшгүй шаардлагатай тохиолдолд ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр илүү цагаар ажиллуулах зохицуулалттай байх. Үйлдвэрлэлийн ослын асуудал, сахилгын зөрчлийг тогтоох, түүнд тохирсон шийтгэлийг ногдуулах, хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хорооны асуудлыг тодорхой болгох, бүх шатны хамтын гэрээ, хэлэлцээрийг Үйлдвэрчний эвлэл байгуулж байх зэрэг саналуудыг хүргүүлжээ.

Харин талууд “Үйлдвэрчний эвлэлүүдийн зүгээс хамтын гэрээ, хэлэлцээрийн биелэлтийг шаардаж хөдөлмөрийн сонирхлын маргаан үүсгэх эрхийг хуульд тусгах” буюу үүнийг эрхийн маргаан бус сонирхлын маргаан гэж үзэх нь зүйтэй гэсэн санал дээр нэгдсэн байр суурьт хүрэхгүй байгаа гэнэ. Энэхүү заалт нь эв санааны олон улсын заалтыг үндэслэж энэхүү саналыг оруулж ирж байгаагаа МҮЭХ онцолсон юм.

Мөн ажил олгогч эздийн холбооны зүгээс хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад зарим заалтуудтай санал нэгдээд явах боломжтой бөгөөд хууль хэрэв батлагдвал мөрдөөд явна гэдгийг онцолсон юм.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж