“Шударга өрсөлдөөн ба авлига” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2019.3.14/ боллоо.
Уг хэлэлцүүлэг нь бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдал судалгаан дээр үндэслэжээ. Өдгөө долоо дахь жилдээ явуулж буй уг судалгаагаар Монголд бизнесийн орчин дахь авлига буурах хандлагатай байгаа аж. Гэвч тусгай зөвшөөрөл авах, лиценз авахтай холбоотой мэргэжлийн хяналт, гааль, татварын байгууллага дахь авлига буурахгүй байна.
“ӨӨРТ ТОХИОЛДСОН АВЛИГЫН АСУУДЛЫГ МЭДЭЭЛДЭГГҮЙ”
Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын талаар Авлигатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүүгээс тодрууллаа.
-Бизнес эрхлэхэд авлигатай холбоотой ямар асуудал тулгамддаг вэ?
-Судалгаагаар бизнес эрхлэгчдэд тулгамддаг гол асуудал юу болох, хаана авлигын тохиолдол бүртгэгдэж байна гэдгийг гаргадаг. Авлигын тохиолдлын шалтгаан, түүнийг арилгах чиглэлээр Авлигатай тэмцэх газраас хувийн хэвшлийн байгууллага, төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах шаардлагатай байна. Авлигын эсрэг үйл ажиллагааг тодорхой байгууллага, тусгай албан тушаалтны үүрэг гэж ойлгодог. Үүнд бүх талын оролцоо байж үр дүнд хүрнэ. “Авлигын асуудал бизнест хүндрэл учруулж байна уу” гэсэн асуулт дээр “тийм” гэсэн хариулт өгч байна. Гэвч өөрт тохиолдсон авлигатай холбоотой асуудлыг мэдээлдэггүй. Судалгаагаар хаана эрсдэл байгааг харж, тэр эрсдэлийг бууруулах зорилготой.
-Судалгаагаар аль байгууллагад авлига их байна вэ?
Төрийн байгууллагууд тусгай зөвшөөрөл, лиценз авахтай холбоотой асуудал дээр авлигын зөрчил их гарч байна. Байгууллагуудаар нь авч үзвэл Мэргэжлийн хяналт, Татварын байгууллага дээр бизнес эрхлэгчидтэй холбоотой авлига маш өндөр байна.
ТАТВАРААС ЗАЙЛСХИЙХИЙН ТУЛД ТӨРИЙН АЛБА ХААГЧИЙГ АВЛИГЫН ХАМААРАЛТАЙ БОЛГОЖ БАЙНА
Судалгааны талаар Азийн сангийн Засаглалын хөтөлбөрийн менежер А.Баянмөнх дараах мэдээллийг өглөө.
“Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдал” судалгааг 2012 оноос эхлэн долоон жил хийж байгаа. Судалгаанаас харахад төр, бизнесийн байгууллагын хоорондох авлига буурч байна. Үүнийг авлигатай холбоотой тохиолдол нотолж байгаа. Гэвч иргэдийн дунд авлига их байгаа гэсэн ойлголт хэвээр байна. Авлига дээр номер нэг байгаа байгууллага нь мэргэжлийн хяналт, гааль, татварын байгууллага байна. Ихэнх бизнес эрхлэгчид татварын хэмжээ их байдаг гэж ойлгодог юм билээ. Энэ утгаараа, ашиг, орлогоо нэмэгдүүлэхийн тулд татвараас зайлсхийх оролдлого хийдэг. Үүндээ төрийн алба хаагчийг холбогдуулдаг. Ингээд төрийн алба хаагчийг авлигын хамааралтай болгож байна. Хамааралтай болсон алба хаагч татвараа төлөх гэж байгаа байгууллагаас авлига нэхдэг асуудал үүсдэг.
Холбоотой мэдээ