Швейцарийн Холбооны Улсад айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар энэ өдөр (2019.03.13) тус улсын Үндэсний зөвлөл (парламентын Доод танхим)-ийн дарга, хатагтай Марина Кароббио Гүшетти-тэй албан ёсны хэлэлцээ хийлээ.
Хэлэлцээний эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Швейцарийн Холбооны Улсад Монголын парламентын төлөөлөгчдийг элэгсэг дотноор хүлээн авч, хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцох боломж олгосонд нь хатагтай Марина Кароббио Гүшетти-д талархал илэрхийлэв.
Тэрбээр хоёр орон ардчилал, хүний эрхийг дээдлэх, олон улсын аюулгүй байдлыг бэхжүүлэх адилхан үнэт зүйлтэй, энэ чиглэлээр байнга хамтран ажиллаж ирснийг тэмдэглээд, Монгол Улсын парламент, Засгийн газраас ардчиллыг бэхжүүлэх, шударга ёсыг эрхэмлэх, авлига, албан тушаалтны гэмт хэргээс сэргийлэх зэрэг асуудалд онцгой анхааран ажиллаж буйг онцоллоо.
Парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломжийг сайтар ашиглах, энэ хүрээнд олон зууны түүхтэй Швейцарийн Холбооны Улсын парламентын олон нийтийн санал асуулга явуулдаг, иргэдийн төлөөлөл болон шууд ардчиллын зарчмыг хэрэгжүүлдэг, хууль тогтоох үйл ажиллагаанд сонгогчдын оролцоог хангадаг туршлага, чуулганы хуралдааны дэгийн сайн жишгүүдээс судлан, үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийг бид хүсэж байна хэмээн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ үеэр хэллээ.
Тэрбээр Швейцарийн парламентад Монголтой харилцах бүлэг байгуулах, Улаанбаатар хотод Швейцарийн Холбооны Улсын Элчин сайдын яамыг нээх санал тавьж, худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, шинжлэх ухаан, батлан хамгаалах, далайн тээвэр зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Тухайлбал, Монголын язгуур болон сонгодог урлагийг сурталчлах тоглолтыг Швейцарийн Холбооны Улсад зохион байгуулах, дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотод уран зураг, гэрэл зургийн үзэсгэлэн гаргах саналыг дэвшүүлэв.
Монгол Улсад үр дүн, өгөөж өндөртэй төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагын үйл ажиллагааг монголчууд өндрөөр үнэлдгийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэмдэглэж, Швейцарийн Холбооны Улс Хөгжлийн хамтын ажиллагааны 2017-2020 оны стратегидээ Монгол Улсыг үргэлжлүүлэн хамруулахаар болсонд талархал илэрхийлж, “Энэхүү дэмжлэг туслалцаа нь манай улсын хөгжил дэвшил, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжихэд чухал үүрэгтэй тул эл тусламжийг 2022 оноос үргэлжлүүлэн авах хүсэлтэй байна” гэсэн юм.
Түүнчлэн Швейцарийн Холбооны Улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих SGE байгууллага, хөрөнгө оруулалтын сангуудтай хамтран ажиллах боломж олгох, Европын чөлөөт худалдааны холбоотой хоёр талын чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хоёр орон бүс нутгийн болон олон улсын харилцааны асуудлаар ойр байр суурьтай байдгийг тэмдэглэхийн зэрэгцээ Монгол Улсын санаачилсан “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ”-ний VI бага хурал ирэх 6-р сард Улаанбаатарт болох гэж буйг мэдээллээ. Мөн энэ онд болох НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 2020-2024 оны гишүүний сонгуульд Монгол Улс Швейцарийн Холбооны Улсыг дэмжихээр шийдвэрлэснийг мэдэгдэв.
Швейцарийн Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн дарга, хатагтай Марина Гүшетти Монгол Улсын Их Хурлын даргаар сонгогдоод анхны гадаад айлчлалаа Швейцарийн Холбооны Улсаас эхлүүлж буйд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт талархал илэрхийлж, хоёр орны хамтын ажиллагаа олон салбарт, түүний дотор парламент хооронд амжилттай урагшлан хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа онцлов. Тэрбээр хамтын ажиллагааны ирээдүйтэй, өргөн боломжтой салбараар хөдөө аж ахуй, аялал жуулчлал, боловсрол, соёл, урлаг, хүмүүнлэгийн харилцааг нэрлэсэн юм.
Хатагтай Марина Гүшетти авлигатай тэмцэх, ардчилал, шударга ёсыг бэхжүүлэх, ил тод байдлыг хангах талаар Монгол Улсын төр, засгаас тавьж буй хүчин чармайлтыг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлэв.
Парламентын ардчиллыг бэхжүүлэх, иргэдийн оролцоог дээшлүүлэх, туршлага мэдлэгээ хуваалцах, Тамгын газар хоорондын амжилттай хэрэгжиж буй хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх хүсэлтэй байгаагаа тэрбээр онцлон тэмдэглэж байлаа. Түүнчлэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын дэвшүүлсэн асуудал, санал хүсэлтийг онцгойлон анхаарч, Үндэсний зөвлөл болон хувиасаа дэмжлэг үзүүлэхэд бэлэн байх болно гэв.
Хатагтай Марина Гүшетти Улсын Их Хурлын Тамгын газрын залуу ажилтнуудыг сургалтын гарын авлагаар хангах, боловсролын байгууллагуудын хамтарсан судалгаа шинжилгээ, бизнесийн салбарынхны худалдаа, хөрөнгө оруулалтын сонирхол санаачилгыг дэмжих, энэ зорилгоор хоёр орны Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зэрэг санал дэвшүүлснийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар бүрэн дэмжиж байгаагаа илэрхийллээ.
Хэлэлцээний үеэр Монгол Улсын Засгийн газраас баталсан оффшор бүсийн жагсаалтад Швейцарийг оруулсан асуудал хөндөгдсөн бөгөөд олон нийтэд зохистой мэдээлэл хүргэх, зорилго, ач холбогдлыг зөвөөр үнэлэх, хоёр орны нэгэнт тогтсон найрсаг хамтын ажиллагаа, бизнес, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын харилцаанд саад бэрхшээл учруулахгүйгээр асуудлыг нааштай шийдвэрлэх нь зүйтэй гэдэгт санал нэг байгаагаа илэрхийлэв.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Швейцарийн Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн дарга 1972 онд буюу 47 жилийн өмнө Монголд айлчилж байсныг дурдаад, хатагтай Марина Гүшетти-г ойрын үед айлчлахыг урьсан урилгаа дахин нотолсон бөгөөд энэ оны 6-р сарын сүүлчээр Монгол Улсад айлчлах болсноо Марина Гүшетти дуулгаж, энэхүү айлчлал хоёр орны хууль тогтоох байгууллага болон худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны цаашдын ирээдүйд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Хэлэлцээний төгсгөлд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Швейцарийн Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав.
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Швейцарийн Холбооны Улс. Берн хот. 2019.03.13
Холбоотой мэдээ