Хойд Солонгос газрын тосны импорт, нүүрсний экспортоо үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж, НҮБ-ын хоригийг зөрчсөн талаар тус байгууллага тайландаа дурджээ. НҮБ-ын шинжээчдийн хорооноос Даваа гаригт 400 хуудас бүхий баримт бичиг гаргаж, Пёньян Ойрхи Дорнодод зэвсэг худалдахыг оролдож, дэлхийн банкуудыг хакердахыг завдсан тухай мэдээлсэн байна. Мөн Японы тал Хойд Солонгосын усан онгоц далайгаар газрын тос, нүүрс тээвэрлэж буйг илрүүлжээ.
НҮБ тайландаа "БНАСАУ нефтийн бүтээгдэхүүн, нүүрсний хууль бус тээвэрлэлт, шатахууныг их хэмжээгээр нэмэгдүүлэх замаар Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг эсэргүүцэж байна” гэж дурдсан байна.
БНАСАУ олон улсын банк, даатгалын байгууллагуудыг хакердсанаас гадна Йемен, Лив, Судан дахь Хоутигийн салан тусгаарлагчдад бага оврын зэвсэг болон баллистик пуужин худалдаалахыг оролдсон ыг НҮБ-аас мэдээлжээ.
Хойд Солонгос нүүрсний томоохон экспортлогч байсан бөгөөд жилд 525 мянган тонн нүүрс экспортолж, 500 мянган тонн газрын тос импортоор авдаг байсан аж. Тус улс 2017 онд цөмийн пуужингийн туршилт хийж, түүний хариуд НҮБ Хойд Солонгост олон улсын худалдаа хийхийг хориглосон байдаг. Хойд Солонгосын тал уг хоригийг улсынх нь хараат бус байдлыг зөрчиж байна гэж үздэг бөгөөд өнгөрсөн Даваа гаригт тус улсын НҮБ дахь төлөөлөгч Ким Сон хоригоо цуцлахыг НҮБ-аас хүсжээ.
Өнгөрсөн сард Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар Вьетнамын Ханой хотноо хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалтаа хийсэн. Гэвч Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс салгасны хариуд Америкийн тавьсан хоригийг цуцлах тал дээр санал зөрөлдсөн учир ямар нэг гэрээ хийлгүй уулзалтаа өндөрлөсөн билээ.
НҮБ тайландаа “БНАСАУ зэвсгийн нийлүүлэлтэд тавьсан хоригийг зөрчсөөр байгаа бөгөөд гадаадын зуучлагчдаар дамжуулан Йемений хусит босогчдод, мөн Ливи, Сирид зэвсэг нийлүүлэхийг оролдож байна” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.
Шинжээчдийн багийн дунд хугацааны өмнөх тайлан мэдээг Вашингтонтой санал зөрөлдсөний улмаас нийтлээгүй аж. НҮБ шинэ тайлан харьцангуй бага маргаан үүсгэснийг АНУ-ын байнгын төлөөлөгч Никки Хейли огцорсонтой холбон тайлбарласан байна. Тэрбээр Пёньяны эсрэг хориг арга хэмжээг чангатгахыг идэвхтэй дэмждэг.
-ЯПОНЫ ЗАСГИЙН ГАЗАР БНАСАУ-ЫН ЭСРЭГ АВСАН ХОРИГОО СУНГАНА-
“Kyodo” агентлагийн мэдээлснээр, Японы Засгийн газар БНАСАУ-ын эсрэг дангаар авсан хориг арга хэмжээгээ сунгах бодолтой байгаа аж. Тус хориг арга хэмжээний үйлчлэх хугацаа ирэх дөрөвдүгээр сарын 13-нд дуусах бөгөөд хоригийг Японы Засгийн газар тогтмол сунгасаар 10 гаруй жил болжээ. БНАСАУ-ын эрх баригчид цөмийн пуужин туршсаны дараа буюу 2006 онд Япон улс БНАСАУ-ын эсрэг дангаар хориг арга хэмжээ авчээ.
Японы Засгийн газар БНАСАУ-ын нөхцөл байдлыг зэмлэн буруушаасан тогтоолын төслийг энэ онд НҮБ-ын Хүний эрхийн асуудал эрхэлсэн зөвлөлд танилцуулахгүй юм байна. Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга Японы эрх баригчид энэхүү тогтоолын төслийг олон жил тасралтгүй танилцуулдаг байсан талаар мэдэгдсэн байна. Тэрбээр “БНАСАУ-ын эргэн тойронд үүссэн нөхцөл байдалд бид цогц дүн шинжилгээ хийсний үндсэн дээр ийм байр суурьтай болоод байна” хэмээн хэлжээ.
БНАСАУ-ын эрх баригчдын үйлдлийг зэмлэн буруушаасан тогтоолын төслийг Японы эрх баригчид Европын Холбоотой хамтран НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан зөвлөл рүү 2008 оноос хойш тасралтгүй явуулсан байна.
БНАСАУ өмнө нь Японы эрх баригчдыг хүний эрхтэй холбоотой нөхцөл байдлын талаар худал мэдэгдэл тарааж, улс орны хэрэгт хөндлөнгөөс оролцож байна хэмээн хэд хэдэн удаа зэмлэн буруушаажээ.
Олон улсын шинжээчид БНАСАУ НҮБ-ын тусламжийг хангалттай авсан ч өр лүү нь өшиглөж буйг онцолж байна. Тухайлбал, Өмнөд Солонгосын Нэгдлийн яамны тэргүүн Чо Мён Кен олон улсын байгууллагын тусламжтайгаар БНАСАУ-д 8 сая ам.долларын тусламж илгээснийг "Yonhap" мэдээлж байв.
НҮБ-ын Дэлхийн Хүнс хөдөө аж ахуйн хөтөлбөрөөр дамжуулан Хойд Солонгосын хүүхэд, жирэмсэн эхчүүдэд 4.5 сая доллар, мөн НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-гаар дамжуулан 3.5 сая доллар тус тус олгож байжээ.
НҮБ-аас Хойд Солонгосын ган гачигт нэрвэгдсэн иргэдийг дэмжих зорилгоор 5.9 сая ам.долларын тусламж хуваарилсан байдаг. НҮБ-аас Хүнсний хөтөлбөрийн хүрээнд 2018 онд БНАСАУ-ын ард түмэнд 53 сая ам.долларын тусламж үзүүлэхээ амалсан юм. Өмнө нь Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн хөтөлбөрийн хүрээнд зөвхөн Франц, Орос, Канад, Швейцарь улсууд Хойд Солонгост тусламж үзүүлж байжээ.
Сүүлийн өдрүүдэд Хойд Солонгос пуужин хөөргөхөд бэлтгэж байж болзошгүй талаар гадны хэвлэлүүд онцолж буй юм. Саяхны нэгэн хиймэл дагуулын зургаас Хойд Солонгосын пуужин хөөргөх төвүүд хөдөлгөөнд орж эхэлсэн байж магадгүй дүр зураг ажиглагдсан байна. Мэргэжлийн байгууллагуудын үзэж буйгаар энэ нь АНУ-д сануулга өгөхөөр албаар зохион байгуулж буй ажиллагаа байж магадгүй аж.
Хоёрдугаар сарын 22-ны өдөр авсан тус гэрэл зураг дээр Хойд Солонгос өмнө нь тив алгасагч баллистик пуужингууд болон хиймэл дагуулууд хөөргөхөд зориулагдсан пуужингуудаа цуглуулж байсан Санумдон шинжлэх ухаан, судалгааны төв болон ойролцоох авто зогсоол дээрх ачааны, суудлын машинууд, төмөр замын өртөөний дэргэдэх хоёр өргөгч кран зэрэг дүрслэгдсэн байна.
Ямартай ч АНУ болон бусад улс орнууд, олон улсын байгууллагууд тус улсын үйл хөдлөл бүрийг анхааралтайгаар ажиглаж буйгаа илэрхийлж байна.
Эх сурвалж: CNN, Kyodo