NEWS агентлаг долоо хоног бүрийн Пүрэв гаригт “Яам агентлагаар сонин юутай байна вэ” буланг хүргэдэг билээ. Бид энэ удаад Гадаад харилцааны яам болон тэр дундаа Монгол Улсыг гадаадад төлөөлдөг Элчин сайд нарын томилгооны асуудлыг хөндөж байна.
ГУРВАН УЛСАД СУУХ ЭЛЧИНГИЙН ТОМИЛГОО ХОЁР ЖИЛ ГАЦАВ
Тун саяхан буюу гуравдугаар сарын 1-ний өдөр олон нийтээс хамгийн өндөр санал авч, төрийн шилдэг байгууллагаар Гадаад харилцааны яам шалгарчээ. Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх ажлаа нэр төртэйгээр биелүүлсэн гэж уг хүндэтгэлийг хүлээжээ. Гэвч төрийн дипломат харилцаа, хоёр улсын хоорондын харилцааны асуудалд тус яам тийм ч их анхаардаггүй бололтой. Одоогоос хоёр жил гаруй өмнө гурван улсад Монгол Улсыг төлөөлөх Элчин сайд нарын нэрс тодорч, тэднийг томилох шийдвэр гарч байв. Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэднийг томилохоос татгалзах шийдвэрийг хоёр ч удаа гаргасан учраас одоогоор шинээр Элчин сайд томилох асуудал хоёр жил гаруйн хугацаанд гацаанд байна. Тодруулбал,
Австрали улсад суух Элчин сайдаар Н.Чимгүүндарь, БНСУ-д суух Элчин сайдаар Б.Хурц, Тайландад суух Элчин сайдаар Б.Тэнгэр томилох байсан ч Ерөнхийлөгч дэмжээгүй учраас 2019 оны нэгдүгээр сард эрх баригч намын зүгээс тэдний оронд өөр нэр дэвшигчдийг оруулж ирэхээр болсон.
Энэ талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Н.Чимгүүндарь, Б.Хурц, Г.Тэнгэр нарыг Элчин сайдаас татаад оронд нь шинэ Элчин сайд оруулахаар ярьж байна. Дээр нь хугацаа нь дуусаад, шинээр томилох ёстой Элчин сайд нарын асуудал байгаа. Гадаад харилцааны яам энэ бүх Элчин сайд нарын асуудлыг нэгтгэж оруулахаар ажиллаж байна. Ойрын хугацаанд бид шинэ Элчин сайд нарын нэрийг оруулж ирнэ” гэж мэдэгдэж байв.
Гадаад харилцааны сайд ийнхүү мэдэгдсэнээс хойш даруй гурван сарын хугацаа өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл шинээр томилогдох Элчин сайд нарын нэрсийг оруулж ирээгүй байгаа юм.
Түүнээс гадна 2018 онд зарим Элчин сайд нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон учраас одоогоор Гадаад харилцааны яамнаас 10 гаруй Элчин сайдыг шинээр томилох саналаа оруулж ирэхээр хүлээгдэж буй.
Хэдийгээр салбарын сайд нь Монгол Улсыг төлөөлөх Элчин сайдын томилгоо удааширч байгаа ч дипломат албаны үйл ажиллагаа тасалдахгүй үргэлжилж байгаа гэдгийг онцолж буй ч хоёр жилийн нүүр үзнэ гэдэг аль ч улсын дипломат ёсонд байж боломжгүй үйлдэл. Дотоодын улс төрийн нөхцөл байдал нөлөөлсөн ч энэ асуудлыг яаралтай шийдэх ёстой гэдгийг ч хэлэх хүмүүс бий.
Гадаадад суух Элчин сайдуудыг намуудын “шагнал”-ын албан тушаал гэх яриа улс төрийн хүрээнд яригддаг. Тэгвэл энэ удаад Д.Цогтбаатар сайд “шагнал”-ын Элчин сайд нар оруулж ирэх үү эсвэл төрийн албаны мерит зарчмаа баримталсан сайд нар оруулж ирэх үү гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ.
Монгол Улс дипломат төлөөлөгчийн газрынхаа тэргүүнийг хэзээ томилох бол гэж тухайн улс орнууд харж байгаа. Гэхдээ эрх баригчдын зүгээс Элчин сайдаа томилж чадахгүй хоёр жил гацааж байгаа нь хоёр орны хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлөх аюултайг учир мэдэх хүмүүс анхааруулсан юм.
МОНГОЛ УЛС ШХАБ-Д ЭЛСЭХ ҮҮ?
Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон хэвлэл мэдээллийн байгууллагаар Монгол Улс ШХАБ-д элсэх эсэх асуудал маш хурцаар тавигдсан. Олон нийтийн зүгээс энэ асуудалд олон талын байр суурь илэрхийлсэн ч Монгол Улсын Засгийн газар энэ асуудал ямар байр суурьтай байгаа талаар тодорхой тайлбар одоогоор хийгдээгүй байгаа. Гэхдээ олон нийтийн дунд хүчтэй өрнөсөн ШХАБ-д элсэх эсэх асуудалд судлаачид болон зарим улстөрчид эсрэг байр суурьтай байдгаа илэрхийлсэн. Хэрэв Монгол Улс ШХАБ-д элсэх асуудал хөндөгдвөл энэ асуудлыг гардаж хийх хүн нь Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар. Салбарын сайд нь энэ асуудлыг судалж байгаа гэхээс өөрөөр тайлбар хийгээгүй байгаа юм.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ