"Хүн чанар, дотоод ертөнцийг харуулсан кино хийнэ"

Хуучирсан мэдээ: 2019.03.15-нд нийтлэгдсэн

"Хүн чанар, дотоод ертөнцийг харуулсан кино хийнэ"

"Хүн чанар, дотоод ертөнцийг харуулсан кино хийнэ"

"Анхны алхам", “Хүн чулууны нулимс”, “Бүлээн нурам”, “Суварган цэнхэр уулс” зэрэг үзэгчдийн сэтгэлд хоногшсон олон сайхан киног найруулсан хүн бол Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн.  Бүтээлээрээ энэ хүн үндэсний дархлааг бий болголцож яваа гэж хэлж болно.  Монгол киноны дэлгээтэй судар гэж болохоор энэ эрхэмийг монголчууд "Жийгээ " гэдгээр нь андахгүй.  Ингээд нэрт найруулагч Г.Жигжидсүрэн гэх эрхэмтэй ярилцсанаа хүргэе.


-Таныг Монголын кино урлагийн түүхийн нэгэн жарныг бичилцсэн хүн гэдгийг үзэгчид андахгүй. Энэ салбарын нэр хүндтэй төлөөлөл болсон хүний хувьд өнөөгийн кино урлагийн хөгжлийг тодорхойлж байгаа залуусыг хэрхэн дүгнэдэг вэ?

-Эргээд бодоход амьдралаа кино урлагтай холбоод нэгэн жаран өнгөрч байна. Ардчилал тогтсоноос хойш  Монголын кино хэцүү нөхцөлд байсан даа. Учир нь “Монголкино” үйлдвэр даанч замбараагүй тарсан. Тарсан ч гэж дээ тараасан гэж хэлж болно. Тухайн үед удирдлагад байсан зарим хүмүүс кино урлагт сэтгэл гаргаагүй. Энэ тухай манай ахмад инженер Санжгаан Батчулууны “Монголкино үйлдвэр үүсэж хөгжсөн түүхэн баримт” номд маш тодорхой бичсэн байдаг. Тарж бутарсны дараа  хөлөө олохгүй их уддаг юм байна. Энэ тухай Д.Цэцэг бид хоёрын “Монгол киноны нэвтэрхий толь” (2005, 2015) хоёр номоос үзэж болно. Эндээс монголын киног хэн “бүтээсэн”, хэн “хийсэн” гэдэг нь харагдах болов уу. Судлаад үзэхэд техникийн хөгжлөөс шалтгаалж кино бүтээх нь илүү хялбар болсон байдаг. Тухайлбал, 1995 оноос хойш хальсны кино хийгдэхээ больсон. Маш их өндөр өртгөөр бүтдэг юм. Эхлээд хальсаа худалдаж авна, зургаа авна, авсан зургаа угаалгана, ажлын хальсан дээрээ эвлүүлгээ хийнэ, эвлүүлсний дараа дуу, хөгжим, чимээ хийнэ, энэ бүгдийг нийлүүлээд дахиад угаалгана, шалгуулна, дарга нар зөвшөөрсний дараа кино хувилагдаж, үзэгчдэд очно. 80 гаруй жилийн түүхтэй “Монгол кино” үйлдвэр 500 гаруй ажилтантай, их сайхан газар байсан. Жилдээ бүрэн хэмжээний уран сайхны  8 кино бүтээж, гадаадын 40 орчим киног эх хэл дээрээ орчуулдаг  байсан зэргийг тооцвол Азид дээгүүрт тооцогдох хүчин чадалтай байсан. Энэ тухай 2019 онд хэвлэгдсэн Д.Цэцэгийн “Кино найруулагч Жигжидийг тодорхойлохуй” номонд нэлээд тодорхой бичсэн байдгийг үзэж болох юм. Одооны киночид (би өөрийгөө уран бүтээлч гэж боддог учраас киночид гэдэг үгийг таатай хүлээж авдаггүй) бол зургаа авлаа, үзлээ, болохгүй бол дахиад авна. Алдаагаа засч чадна. Ийм сайхан боломж бий болсон. Гагцхүү киног бүтээж буй хүний бөндгөр (толгой) хэрхэн ажиллах вэ гэдгээс шалтгаална. Судалгаанаас харахад 2010 оноос манай кино урлаг хөлөө олж эхэлсэн гэж байдаг.

Манай залуучууд киног арилжааны талаас нь хөгжүүлж чадаж байх шиг. Сүүлийн үед монголын киног XXI зуунд аваад явчих итгэл найдвар өвөрлөсөн залуу уран бүтээлчид төрөн гарч байгаад би баярладаг.

Олон янзын арга барил “школ”-тай залуус кино урлагт орж ирж байна. Тэдний гарт монголын киноны ирээдүй бий. Дэлхийн кино урлагийн амьсгал, гол судсыг мэдэрсэн залуус энэ салбарт түрж орж ирлээ. Гэхдээ дахин давтан хэлэхэд техникийн дэвшлийн ачаар үзэгчид маань мэдээллийг бүхий л төрлөөр авчихдаг болсон цаг үе. Үнэнийг хэлэхэд монголын кино өнөөдөр үзэгчдээсээ хоцорчхоод байна. Кино гэдэг их өвөрмөц, адармаатай урлагийн төрөл. Юуны түрүүнд мэргэжлийн түвшин уначхаад байгааг яаж зөв гольдролд  оруулах вэ гэдгийг анхаарч, бодлого боловсруулж хэрэгжүүлэх зайлшгүй хэрэгтэй байна. Энд гол нь сургалтын хөтөлбөрийг өөрчлөн, чанарт нь анхаарах шаардлага бий. Сэтгэл нийлсэн хэдэн залуучууд “Монголын кино институт”-ыг байгуулаад ажиллаж байна. Би тэдэнд ихээхэн найдвар тавьж байгаа. Тэд энэ зургадугаар сард “Алтан хальс” олон улсын кино наадмыг зохионо. Хөтөлбөрт нь гадаадын нэртэй кино наадмуудаас шагнал авсан уран бүтээлчидтэй хийх уулзалт-ярилцлага, Тэдний “мастер класс”-ын сургалт орсон байгаа. Энэ наадам үр өгөөжөө өгнө.

Уран бүтээлчид олон улсын кино наадамд бүтээлээ “сойх" болжээ. Таны хувьд энэ хандлагыг өөрөөр хараад байх шиг. Шалтгаан нь?

– Зарим хүмүүс нэг мундаг кино бүтээчхээд, тэрийгээ үүрээд олон улсын кино наадамд өрсөлдөхөд л цойлж гараад ирнэ гэсэн их харалган ойлголттой явсан. Одоо энэ алдаагаа ойлгож, арга замаа хайж эхэлж байна. Учир  нь дэлхийн кино урлагийн сүлжээнд хөл тавихад их хэцүү. Дэлхийн киноны сүлжээ Ази, Европ, Америк гэж тус бүртээ бүсчлэлтэй. Энэ сүлжээнд буй хүмүүс бүгд нэг нэгийгээ таньдаг.  Өөрөөр хэлбэл, олон улсын кино наадам, фестиваль, киноны зах зээлд нэгэндээ итгэл өвөрлөсөн таньдаг хүмүүс уулзаж байна гэсэн үг. Энэ их чухал. Кино бүтээнэ гэдэг оюун  санааны өвөрмөц сэтгэлгээтэй залуу хүмүүсийн хийх ажил. Кино бол найруулагчийн урлаг. Жүжигчдийг талбайд урьж тавьчхаад зургийг нь авч дарааллаар нь эвлүүлчихвэл кино болно гэдэг “бүдүүлэг” ойлголтоосоо салах хэрэгтэй. “Ер нь киноны дэлгэц танхимд сууж буй үзэгчид хоёрын хоорондох хоосон орон зайг өөрийн үзэл бодлоор холбож өгөхийг л кино найруулга” хэмээн би ойлгодог. Үүнд л кино найруулагчийн ажлын нууц оршино.

-Уран бүтээлчид АНУ, Хятадын Хонгконг,  Казахстан зэрэг орны жүжигчидтэй хамтран кино хийхийг эрмэлзэж байх шиг?

-Үүнийг би зөв гаргалгаа гэж харж байгаа. Яагаад гэвэл, өнөөдрийн монголын кино олон улсын түвшинд очихоор дууны бичлэгийн чанар, киноны өнгөний зохицолдоо гээд яривал тун тааруухан шүү дээ. Бүх зүйл нь цогц сайн болж байж кино нь үнэ хүрнэ. Энэ бүгдийг өнөөдрийн киноны уран бүтээлчид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг. Дэлхийн кино өнөөдөр техникийн хөгжлийн дээд түвшинд хүрээд байна. Энэ хэрэгцээ шаардлагыг бид хангах ёстой.

-Хуучны кинонуудаас үзэгчид одоо ч уйдаагүй. Гэтэл сүүлийн жилүүдэд нээлтээ хийсэн кинонуудыг нэг үзээд л дахиж үзмээргүй санагддаг. Энэ нь юутай холбоотой вэ. Магадгүй киноны амин сүнс болсон зохиол чанартай биш байна уу?

-Чиний хэлж байгаад үнэний тал бий. Орчин үеийн сайхан архитектурын шийдэлтэй байшин барилаа гэхэд суурь нь муу бол хэцүү. Кино зохиолд онцгой анхаармаар байгаа юм. Сайн зохиол байхгүйгээс уран бүтээлийн түвшин унаж яваа нь үнэн. Төрийн шагналт, Ардын уран зохиолч С.Дашдооров, Төрийн соёрхолт зохиолч С.Удвал, Жүжиг киноны зохиолч, орчуулагч Б.Чимэд, жүжгийн зохиолын агуу мастер Л.Ванган гуай шиг зохиол бичдэг хүн өнөөдөр алга. Утга зохиолд л гэхэд түүхэн романы үер буугаад удлаа. Гэтэл миний дээр дурдсан хүмүүсийн романд хүрч үнэлэгдэх нь хэд билээ. Бас уран бүтээлд хандах уран бүтээлчдийн хандлага ч өөрчлөгдсөн. Зах зээлийн шаардлагаар арилжааны кино зонхилох болжээ. Энэ бол хаана ч байдаг л үзэгдэл. Ер нь бол арилжааны болон урлагийн кино (арт-хаус) хоёр хоорондоо эрс ялгаатай. Ф.Феллини, А.Курасава, А.Тарковский нарын бүтээлүүдийг мөнгөний төлөөх кинонуудтай зэрэгцүүлээд харахад л ойлгомжтой. Социализмын үеийн хэдэн кинонуудаас манай үзэгчид ер уйдахгүй байгаагийн учир юу вэ. Саяхан телевизийн олон сувгаар “Хүргэн хүү” кино гарч байхад хүмүүс үзээд л байх юм. Яагаад ийм байна гэхээр уг бүтээлийн уран чадварт л байна. Тэгэхээр уран бүтээлчдийн ур чадвар дээшилж байж л монголын кино урлаг хөгжинө.

-Шинэ дэлгэцийн бүтээлийг үзэгчдэд хүргэхэд реклам их чухал. Заримдаа их сүржин триллер, рекламын цаана муухан хошин шогтой зүйрлэмээр кино байдаг нь үзэгчдийн сэтгэлийг гонсойлгох нь бий?

-Тийм ээ, сурталчилгаа том үүрэгтэй. Ер нь чанар муутай, тааруухан бүтээгдэхүүнийг л  сүртэй рекламддаг биз дээ. Тэгэхдээ зар сурталчилгаа кинонд том орон зай эзэлж, их мөнгө шаарддаг зүйлийн нэг яах аргагүй мөн л дөө.

– Киноны амин сүнс нь зохиолоос гадна хөгжим байдаг. Зарим найруулагчид киноноос илүү хөгжмөө онцлох нь бий. Энэ тухайд?

-Сүүлийн жилүүдэд ийм цогц хөгжмийг кинонд тоглуулж байгаагүй гэх зэргээр ярьдаг болжээ. Энэ чинь гайхуулж, сүр болж энд тэнд сурталчилж хашхираад байх ололт биш шүү дээ. Хэчнээн гоё хөгжим нүргэлээд найруулгагүй, зохиолгүй, жүжигчин нь муу тоглосон байвал яа вэ. Том найруулагчдыг харахад голдуу л нэг хөгжмийн зохиолчтой дагнан ажилласан байдаг. Акира Курасава – Фумао Хаясака, Федерико Феллини – Нино Рота, Андрей Тарковский – Вячеслав Овченников, Клод Лелуш – Френсис Лей гээд олон байна даа.

-Таны хамгийн сүүлд ямар шинэ кино үзэв?

-Би ер  нь сүүлийн үед кино үзэхээ больсон. Их уйтгартай болсон.  Киноны урилга өчнөөн ирэх юм. Нээлтийн арга хэмжээнд нь очихоор сурвалжлагчид киноны тухай сэтгэгдлийг минь асуудаг л даа. Муу киног их сайн кино болсон байна гэж хэлэх хэцүү. Тааруухан гэхээр уран бүтээлчид нь гомдоно. Ер нь киноноос илүү театрт хүмүүс жүжиг, дуурь үздэг болсон байна лээ.

 – Сайн кино бүтээхэд мөнгө чухал гэх юм. Гэтэл та мөнгөгүйгээр ч кино бүтээх боломжтой гэж хэлсэн. Энэ одоо боломжтой юу?

-Яагаад боломжгүй гэж. Хүмүүс мөнгөтэй л бол сайн бүтээл хийнэ гэж ярих болж. Мөнгөндөө биш шүү дээ. Киноны зовлон жаргалыг нуруун дээрээ үүрч, нүүр царайг нь тодорхойлж байгаа найруулагчаас шалтгаална. Францын Клод Лелуш, Оросын Андрей Звягинцев, манай Сахьяагийн Бямба нар саятнууд биш шүү дээ. Хэдэн жил болж байж ганц сайн кино бүтээдэг, чансаатай найруулагч нар цөөн ч гэсэн байдаг л даа. Кино найруулагч гэдэг ер нь нийтээрээ танхимд сууж олж авдаг мэргэжил биш. Авьяастай хүн найруулагчаар төрдөг. Авьяасыг сургалтаар олгож болдоггүй. Ардын жүжигчин Д.Жигжид найруулагчаар жишээ авъя л даа. Би түүнийг “Үер”, “Хүргэн хүү” киног найруулж байхад зохиолыг нь дотроо голж л байсан. Тэгсэн мөртөө аль аль нь сайн кино болсон шүү дээ. Кино бол их үнээр бүтээгддэг бараа. Энд продюсер, найруулагч хоёрын ойлголцол маш чухал. Холливудад “Спартак” киноны зураг авалт нилээд явсны дараагаар найруулагчаа сольж, Стенли Кубрикийг урьсан. Орост “Иваны бага нас” киноны найруулагчийг Андрей Тарковскийгоор сольсон жишээ байдаг. “Би Кино урлагийн дээд сургууль төгссөн” – гэдэг бол ерөөсөө тодорхойлолт биш. Олон улсын нэр хүндтэй кино наадамд судлаачид “та ямар сургууль төгссөн бэ” гэж асуудаггүй, “та хэний туслах байсан бэ” гэж л сонирхдог. Энд учир бий шүү. Монголын кинонд өнөөдөр мэргэжлийн продюсер байхгүй байгаа нь үнэн. Монгол үнэлэгдсэн киног Африкт гаргавал үзэхгүй байж болно. Энэ бүхнийг ойлгодог, мэдрэмжтэй хүнийг л продюсер гэнэ.

-Продюсерээс гадна Монголд кино шүүмжлэгч дутагдаад байх шиг?

-Өнөөдөр Монголд кино судлал алга. Шүүмж судлал дээр тулгуурлаж кино төдийгүй утга зохиол, театр бүхий л урлагийн салбар хөгжинө. Зарим киноны тухай бичсэнийг харахад үзэгчдийн л сэтгэгдэл байдаг. Яах аргагүй захиалгаар бичигдсэн нь мэдрэгддэг.

– Уран бүтээлчид түүхэн сэдэвт кино хийхийг эрмэлзэх болжээ. Үзэгчдийн сэтгэлд хоногшсон “Цогт тайж”, “Хатанбаатар”, “Мандухай сэцэн хатан” зэрэг киног давж гарсан кино өнөөдрийг хүртэл бүтээгдсэнгүй. Үүнийг та хэрхэн дүгнэж байна?

-Цаг үе бүтээлийг төрүүлдэг. Дэлхийн хоёрдугаар дайны дараахан улс орнууд олон түмнийг эх орноо хамгаалахад зоригжуулж, эх орончдын тухай сэдэвтэй киног гаргаж байлаа. Энэ үед  “Цогт тайж” кино бүтээгдсэн юм. Миний бичсэн “55:25. Сүүдэр шийний хүүхдүүд” номд тодорхой бий дээ. Улс даяар хөдөлж “Цогт тайж” киног бүтээсэн түүхтэй. “Мандухай” киноны тухайд нийгмийн өөрчлөлтийн үеэр бүтээгдсэн. Шагдаржавын Нацагдорж гуайн бичсэн зохиол Монголчуудын олон арван жилээр дарагдаж үгүйлэгдсэн үндэсний ухамсар сэргэсэн цаг үетэй давхацсан юм.

– Кино урлагаар дамжуулж боловсрол олгоно гэдэг. Энэ үг эсрэгээрээ үйлчилж байна гэж ойлгож болох уу. Ялангуяа хүүхэд, залууст сайн болон муу талаараа нөлөө үзүүлэх нь их байх?

– Кино урлаг олныг хамрах хүрээ, хүмүүст нөлөөлөх хүч чадлаараа онцгой урлагийн салбар дотроос онцгой салбар. Байхгүй түүхийг ч бий болгоод олон түмэнд үнэмшүүлээд байдаг шүү дээ. Киногоор боловсрол олгох нь хаашаа юм ? Тэгэхдээ үзэгчдэд хүмүүжил олгох үр нөлөө нь их.

-Хошин урлагийнхан дэлгэцийн уран бүтээлд хүч сорих боллоо. Хошин урлагийг та хэрхэн үздэг вэ?

– Энэ тухай би хариулмааргүй байна. Инээдэм гэдэг бол гоо сайхны нэг онцгой хэлбэр.

-Социализмын үед таныг нэг ч удаа шагналд тодорхойлоогүй. Энэ тухай түүхийг сөхвөл…

-Яах вэ тийм үе байсан. Миний хувьд шагналын араас хөөцөлдөж явсангүй ээ. Би Төв аймгийн хүн л дээ. Нутагт маань миний нэг кино нээлтээ хийхээр болсон тухай аймгийн Соёлын хэлтсээс над руу утас цохиж дуулгалаа. Киноны тухай зарлал наахаар болж… Надаас цол асуув. Би цол тэмдэггүй гэдгээ хэллээ. Хариуд нь надаас Соёлын тэргүүний ажилтан уу гэхэд нь би “үгүй” гэж хариулав. Намайг очиход тэд яагаад ч юм, Соёлын тэргүүний ажилтан, кино найруулагч Г.Жигжидсүрэн гээд зарлал дээр биччихсэн байж билээ. Ямар учраас тэгж өргөмжилсөн юм, бүү мэд. Цол тэмдэгтэй  гэхээр үзэгчид ахиу ирнэ гэж бодсон юм уу, эсвэл миний нэр хүндийг өсгөх гэсэн ч юм уу мэдэхгүй. Дараа нь Төв аймгийнхны тодорхойлсноор 2000 онд “Соёлын тэргүүний ажилтан” болж билээ.

– Та өөрийнхөө “Эрт ниссэн бүргэдүүд” зохиолоор дипломын кино хийх гээд яагаад бүтэлгүйтсэн бэ?

-Би Бүх Оросын кино урлагийн дээд сургуулийг уран сайхны киноны найруулагч, кино зохиолч мэргэжлээр төгссөн. 1932 онд баруун аймгуудад гарсан хувьсгалын эсэргүү бослогын тухай “Эрт ниссэн бүргэдүүд” нэртэй зохиол бичсэн юм. Уг зохиолд эсэргүү бослогыг дарахаар явсан эрэгтэй, эмэгтэй хоёр хүний хайр дурлалын тухай болон Тариатын бослогын үеэр лам нарын гарт хөнөөгдсөн орос эмчийн тухай өгүүлдэг. Энэ бүхэн болж өнгөрсөн түүх л дээ. Иймээс ч Архангай аймгийн төв эмнэлгийг С.М.Немойн нэрэмжит  болгосон юм. Нэг намын үзэл сурталтай хатуу хяналтад байсан үед энэ сэдвээр кино бүтээх боломж надад олдоогүй юм.

– Олон улсын кино наадмуудад таныг урьдаг. Гаднын кино урлагийн том мастерууд Монголын кино урлагийг хэрхэн дүгнэдэг вэ?

– Өмнөд Солонгост “Бүлээн нурам” киног үзээд “Монголчууд үнэхээр мэргэжлийн кино хийдэг юм байна” гэж дуу алдаж байсан. “Хүн чулууны нулимс” киног Европт үзүүлэхэд хэлмэгдүүлэлт гэдгийг огт мэдэхгүй ямар учиртай юм гэж асууж байсан. Монгол шиг тийм өргөн хүрээтэй хэлмэгдүүлэлтэд өртсөн улс ховор л доо. Францын Везулын кино наадамд Монголын кино өдрүүдийг зохион байгуулсан. Энэ бол Монголын киног танилцуулахын зэрэгцээ улс орноо сурталчлах сайн боломж байсан юм.

-Мэс заслыг мэргэжлийн ур чадвартай эмч нар хийдэгтэй адил кинонд мэргэжлийн уран бүтээлчид, чадварлаг жүжигчид тоглох ёстой байх.

-Би олгойгоо авхуулъя гэхэд малын эмч дээр очихгүй биз дээ. Тэгэхээр киног хариуцаж мөнгө өгч байгаа  хүн нь тухайн найруулагч, жүжигчнээ зөв сонгох ёстой. Гаднын кино ертөнцөд нэр хүндтэй найруулагчдыг урьж кино хийлгэдэг. Оросууд А.Курасаваг урьж, “Дерзу Узала” киног бүтээлгээд оскарын шагнал авч байсан.

-Аливаа киноны хоёрдугаар анги анхны бүтээлээ гүйцэх нь тун ховор байх. Таны хувьд ч бас киноны хоёрдугаар ангийг шүүмжилдэг?

– Киноны хоёрдугаар ангийг хийхэд би дургүй. Эхний ангиа яагаад ч гүйцдэггүй. “Суварган цэнхэр уулс”-ын хоёрдугаар ангийн зохиол хүртэл ирсэн. Хилийн цэргийнхэн одоо ч гэсэн санал тавьдаг л юм.

– Багш хүний нүдээр харахад оюутнуудын хандлага ямархуу байх юм ?

–  Залхуу байна. Оюутнууд номтой нөхөрлөхөө байсан. Энэ бол гүн эмгэнэл. Кино найруулагчийн ангид дөнгөж ерөнхий боловсролын сургууль төгссөн хүүхдүүд ирж сурдаг газар Монголоос өөр байхгүй.

 

– Ярилцлагын төгсгөлд асуухад та дахиж кино найруулах уу?

–  Уран сайхны кино бүтээлгүй удлаа. Одоо кино хийх санаатай зохиолоо бараг бичээд дуусах гэж байна. Өнөөдрийн нийгэмд хэрэгтэй, хүний дотоод ертөнц рүү өнгийсөн, хүн чанарын тухай кино хийе гэж бодож байгаа. Зохиолоо нэлээд өвөрмөц, үзэгчдэд юм бодуулах сэтгэлгээний хэлбэрээр бичих гэж оролдлоо. Ер нь урлагийн бүтээл тэр дундаа кино ертөнцөд ам руу нь бэлэн хоол хийх ёсгүй юм. Гараас нь хөтлөөд, чихнээс нь татаж явах гэдэг бидний ажил биш. “Үзэгчид танхимаас гарахдаа гайхан биширч, сэрж

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж