Мэн Шяосу: Ахмад настнууд орон сууцаа барьцаалан мөнгө авдаг

Хуучирсан мэдээ: 2019.03.13-нд нийтлэгдсэн

Мэн Шяосу: Ахмад настнууд орон сууцаа барьцаалан мөнгө авдаг

Мэн Шяосу: Ахмад настнууд орон сууцаа барьцаалан мөнгө авдаг

БНХАУ-ын эдийн засгийн төлөвлөгөөг боловсруулагч, БНХАУ-ын нэрт эдийн засагч, Төрийн зөвлөлийн тэтгэлэгт профессор Мэн Шяосу МУИС-д зочилж, “Хятадын хөгжил, цэцэглэлтийг хөдөлгөгч өөрчлөлт шинэчлэл” сэдэвт илтгэл тавилаа. Тэрбээр үл хөдлөх хөрөнгийн зах зээлд мэргэшсэн эдийн засагч юм. Түүний илтгэлээс хүргэе.

Манай улс 1.4 тэрбум хүн амтай, эдийн засгийг тогтворжуулах бодлого явуулж байна. Хятад хүмүүсийн худалдан авах чадвар 1996 оноос нэмэгдсэн. Мөн оноос орон сууцны худалдан авалтыг хөгжлийн тулгуур болгосон. Миний хувьд 1997 онд америк мөрөөдлийг хятад мөрөөдөл болгох буюу иргэдийг орон сууц, хувийн унаатай болгох бодлогыг гаргасан. 1998 оны долдугаар сараас эхлэн Төрийн зөвлөл орон сууцны зах зээлд өөрчлөлт оруулсан. Ингэснээр 20 жилийн өмнө тариаланч хүн газраа өөрийн хувийн өмч болгохтой адилаар хотын иргэд орон сууцаа өөрийн өмч болгосон. Үүнтэй холбоотойгоор орон сууцыг барьцаалах, барьцаалан зээл олгох, орон сууцны сан бүрдүүлэх зэрэг маш олон арга хэмжээ авсан. Ингэснээр орон сууц, автомашин, дэд бүтэц зэрэг эдийн засгийн гол тулгуурууд хөгжсөн.

Цаашлаад 2016 онд хотын иргэдийг орон сууцжуулах ажлыг маш амжилттай зохион байгуулсан. Одоо хотын нэг айл дунджаар 100 ам метр орон сууцанд амьдарч байна. Өөрөөр хэлбэл, өрхийн нэг гишүүнд 36.7 ам метр талбай ногдож байгаа.

Үл хөдлөх салбарын бүтээн байгуулалт БНХАУ-ын эдийн засагт маш их нөлөөлсөн. Тухайлбал, Хятадын үл хөдлөхийн салбар 20 жилд 40 дахин өсч, эдийн засгийн өсөлтөд оруулах хэмжээ 10 дахин нэмэгдсэн. Одоогоос 20 жилийн өмнө Хятадын эдийн засаг дэлхийд долдугаарт орж байсан. Харин 2010 оноос дэлхийд хоёрдугаарт орж байна.

Үл хөдлөх салбар нь өөрөөсөө гадна гангийн үйлдвэр, барилгын материалын үйлдвэр, химийн үйлдвэр зэрэг 100 гаруй салбарыг хөгжүүлдэг. Тухайлбал,

  • БНХАУ нь дэлхийн цемент, нүүрсний үйлдвэрийн 47-60 хувийг эзэлж байна.
  • Эрчим хүч үйлдвэрлэлээрээ дэлхийд нэгдүгээрт орж байна. Эрчим хүчний үйлдвэрлэлээр БНХАУ-ын дараа ордог АНУ, Орос, Япон зэрэг орны үйлдвэрлэж байгаа эрчим хүчний нийлбэрээс давж байна.
  • Түүнчлэн автомашин үйлдвэрлэлийн тухайд, 2018 онд 27 сая 813 мянган автомашин үйлдвэрлэсэн. Энэ нь дэлхийн автомашин үйлдвэрлэлийн 25 хувийг эзэлж байгаа үзүүлэлт юм.
  • Мөн хурдны замаар дэлхийд нэгдүгээрт орж байна.
  • Харин хурдны галт тэргээр дэлхийд дөрөвдүгээрт жагсдаг.
  • Гадаад валютын нөөцийн хэмжээгээрэ дэлхийд нэгдүгээрт ордог.

БНХАУ-ын урт хугацааны тогтвортой хөгжлийн бодлогын үр дүнд дээрх өөрчлөлтүүд гарсан. Харин орон сууцны үнэ 40 жилийн хугацаанд жилд дунджаар 10.5 хувиар өссөн байгаагаас харахад орон сууцны үнэ цаашид тогтвортой өснө. Тиймээс бага, дунд орлоготой иргэдэд тохирсон үнээр иргэдийг орон сууцаар хангах тал дээр анхаарч ажилласан. Үүнд:

  • Маш хямд үнэтэй түрээсийн байр бий болгосон.
  • Мөн дунд орлоготой иргэдэд зориулсан түрээсийн байр бий болгосон.
  • Иргэн, Засгийн газрын дундын өмчийн орон сууц бий болгосноос зах зээлээс арай хямд үнээр орон сууц авах боломж нээсэн. Маш олон хүн энэ зарчмаар орон сууцтай болсон.
  • Настай хүмүүст зориулан орон сууцаа барьцаалан тэтгэвэр авах боломж бий болгосон. Ингэснээр ахмад настан орон сууцаа барьцаалан даатгалын компаниас мөнгө авч болох юм. Учир нь, БНХАУ нь 250 сая ахмад настантай.

Үл хөдлөхийн салбар нь Хятадын өөрчлөлт шинэчлэлтийн жим болсон. Энэ туршлагаасаа хуваалцаж, бизнес, барилга, хот төлөвлөлт дээр санал солилцоход бэлэн байна гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж