Булш тоногчдын балгаар түүх соёлын хосгүй үнэт өв устаж үгүй болох аюултайг эрдэмтэн судлаачид сануулсаар буй. Өвөг дээдсийнхээ булш бунхныг шунахайн сэдлээр ухаж төнхөн, түүх, соёлын өвийг хулгайлсан гэмт этгээдүүдийг цагдаа нар саатуулсан тухай мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Тодруулбал, Архангай аймгийн Хайрхан сумын нутаг Гол мод хэмээх газарт байрлах Хүннүгийн үеийн язгууртны булш бүхий томоохон цогцолборыг ухаж, тоносон этгээдүүдийг аймгийн Цагдаагийн хэлтсээс нутгийн иргэдийн тусламжтай илрүүлэн саатуулсан аж.
Энэ хэрэг 2013 онд гарсан гэж ШУА-ийн Археологийн хүрээлэнгийнхэн хэлэв. Тус хүрээлэнгийн Хүннүгийн археологийн судалгааны секторын эрхлэгч, доктор Ч.Ерөөл-Эрдэнийн ярьснаар, хамгийн сүүлд 2013 онд дээрх хэрэг гарч, гэмт этгээдүүд булш тонохоор 100 гаруй метр гүн ухаж, тонож чадалгүй орхисон байжээ. Учир нь битүү шороогоор чигжээтэй байсан нь булш тоногчдод “том саад” болсон гэнэ. Үүнээс өмнө 2004 онд уг язгууртны булш бүхий томоохон цогцолборыг булш тоногчид ухсан хэрэг гарч, гэмт этгээдүүдийг цагдаагийн байгууллагынхан илрүүлэн саатуулж, булшнаас олдсон түүх соёлын хосгүй үнэт түүхэн дурсгалт эд өлгийн зүйлсийг ШУА-ын Археологийн хүрээлэнд хүлээлгэн өгснөөр, эдүгээ хадгалагдаж байгаа аж.
Энэ талаар доктор Ч.Ерөөл-Эрдэнэ “Хүннүгийн үеийн язгууртны цогцолбор бүхий томоохон булшийг Монгол хүмүүс ухсан байсан нь харамсалтай. Булшийг тонох оролдлого өмнө нь нэг бус удаа гарч байсан. Харин энд сүүлд булш тоносон гэх мэдээлэл ирээгүй” гэсэн юм. Мөн тус аймгийн цагдаагийн газраас булш тоносон мэдээлэл ирээгүй гэх мэдээлэл өгөв.
Хүннүгийн язгууртны булш бүхий томоохон цогцолбор дурсгал юм. Уг цогцолборт нийт 492 булш илэрч тэмдэглэгдсэн байна. Оршуулгын газрын дийлэнх булш нь үүдэвчтэй дөрвөлжин хэлбэрийн язгууртны булшууд ажээ.
Монголын түүхэнд заналхийлсэн булш, хиргисүүр тоногчдод хяналт тавих боломжгүй ба цагдаагийн байгууллагаас анхаарлаа хандуулах ёстойг ШУА-ийн Археологийн хүрээлэнгийнхэн хэлсэн. Тус хүрээлэн нь археологийн хосгүй үнэт олдворуудыг сэргээн засч, хадгалж хамгаалах үүрэгтэй ч сүүлийн жилүүдэд булш хиргисүүр зэрэг газруудыг харж хамгаалах зайлшгүй шаардлага үүсч байгааг онцолж байв.
Холбоотой мэдээ