Этиопын “Ethiopian Airlines” компанийн Boeing 737 Max загварын нисэх онгоц осолдож, 157 хүний амь үрэгдсэн харамсалтай осол болоод долоо ч хоноогүй байна. Үүнээс тавхан сарын өмнө мөн дээрх загварын онгоц Индонез улсад осолдож, 189 хүний амь үрэгдсэн. Шинэхэн үйлдвэрлэгдсэн нэг загварын хоёр онгоц ийм ойрхон давтамжтай осолдсон, дээр нь хоёулаа хөөрөөд хэдхэн минут болоод унасан нь “Boeing 737 Max” загварын онгоцонд ямар нэгэн асуудал байна гэж хардахаас өөр аргагүй байдалд хүргэж байгаа юм.
Үүнээс үүдэн дэлхийн ихэнх орнууд энэ загварын онгоцыг агаарын тээврийн үйлчилгээнээс түр хугацаагаар хасаад байгаа билээ. Европын Холбооны хэд хэдэн улс мөн л олон улсын жишгийг даган өөрийн агаарын замд "Boeing 737 Max" загварын онгоцыг нисгэхгүй байх шийдвэр гаргалаа. Ингэснээр уг онгоцыг үйлчилгээндээ ашигласан хэвээр байгаа 18 орчим агаарын тээврийн компанийн нислэгийн хүрээ Европын Холбооны шийдвэрийн улмаас хязгаарлагдаж байгаа юм. Мөн зарим улс орнууд дараагийн загвар болох "Boeing 737 Max 9" загвараас ч түр татгалзаад байгаа бол Индонез улс захиалсан байсан "Boeing 737 Max 8" хөлгүүдээ солиулах хүсэлт гаргасан байна.
АНУ-ын Холбооны нисэхийн удирдах газраас уг онгоцыг аюулгүй гэж дүгнэсэн бөгөөд үргэлжлүүлэн үйлчилгээндээ хэвийн ашиглана гэдгээ мэдэгджээ. Гэхдээ програм хангамжаа шинэчилж, улам сайжруулна гэдгээ ч зарласан байна.
Харин сүүлийн осолдсон онгоцыг эзэмшиж байсан “Ethiopian Airlines” компанийн зүгээс онгоцонд яалт ч үгүй асуудал байна гэж үзэж байна. Тус компанийн Гүйцэтгэх захирал Теволде Гебремариам CNN агентлагт өгсөн ярилцлагадаа “Онгоц хөөрөөд удаагүй байхад нисгэгч ямар нэгэн зүйл болохгүй байна гээд буцах зөвшөөрөл хүсээд, тэгээд л холбоо тасарсан байдаг. Индонезийн ослын дараа бид энэ онгоцонд нэмэлт туршилт хийсэн. Тэр үед ямар ч асуудал байгаагүй. Мэдээж тухайн үед юу болсныг хэн ч мэдэхгүй. Бас хэн нэгний хувийн үзэл бодол онгоцны сүйрлийн шалтгааныг олоход туслахгүй. Гэхдээ ийм зүйл болсон байхад энэ онгоцыг дэлхий нийтээрээ хориглох хэрэгтэй. Хариултгүй маш олон асуулт хөвөрсөөр байна” хэмээн хэлсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп онгоцны ослын талаар анх удаа ам нээхдээ технологийн дэвшилд хэт их найдах хэрэггүйг онцлоод, үүнээс болж осол гарах магадлал ихэсч байгааг анхааруулжээ. Тэрбээр заримдаа техник хэрэгслээс илүү хүний ур чадварт найдах нь зүйтэй гэдгийг мөн хэлсэн байна.
Эх сурвалж: REUTERS, BBC
Холбоотой мэдээ