Хуучирсан мэдээ: 2019.03.13-нд нийтлэгдсэн

Зэрлэг бодлого

Монгол Улсын хэмжээнд 1.2 сая иргэн хөдөлмөр эрхэлдэг ч 650 мянга нь нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлдөг болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Өөрөөр хэлбэл, 550 мянган иргэн хөдөлмөр эрхэлдэг ч НДШ төлдөггүй гэсэн үг юм.

Гэтэл эрх баригчид Тэтгэврийн даатгалын сангийн алдагдал жил ирэх тусам ихсэж байна гэх шалтгаанаар НДШ-ийн хувь хэмжээг 15 хувьд хүргэх шийдвэр гаргасан. Тодруулбал, 2018 онд НДШ-ийн хувь хэмжээг 2, 2019 онд 1 хувиар нэмсэн бол 2020 онд 2 хувиар нэмэгдэнэ. Энэхүү шимтгэлийн нэмэгдэл төрөөс Тэтгэврийн санд олгох татаасыг бууруулсан ч сар бүр шимтгэл төлдөг ажил олгогч, даатгуулагч хоёрт ачаа болж буй.

Уг нь төр шимтгэл төлөгчдийнхөө халаасыг тэмтрэхээсээ өмнө төлдөггүй хэсгээ даатгалд хамруулах бодлого барьсан бол Тэтгэврийн сангийн алдагдлыг түвэггүй бууруулаад зогсохгүй, 550 мянган иргэний ирээдүйн баталгааг ч хангаж чадах байлаа. Учир нь 550 мянган иргэн НДШ төлдөг болбол 650 мянган иргэний НДШ-ийг 5 хувиар нэмснээс илүү орлого Тэтгэврийн санд төвлөрнө. Гэвч ачаа үүрч яваа хэсгээ чангалдаг зэрлэг аргаа л хэрэгжүүлсэн нь энэ.

НДШ бол тэтгэвэрт гарсан хойноо хэрэглэх “хадгаламж” юм. Өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа тэтгэврийн тогтолцоо нь эв санааны зарчимд тулгуурладаг бөгөөд хөдөлмөр эрхэлж, НДШ төлж буй иргэд ахмадуудаа тэтгэвэртэй нь залгуулдаг. Нэг үгээр хэлбэл, дээрх 650 мянган иргэний НДШ төлөлт зогсвол ахмадуудынхаа тэтгэврийг цаг хугацаанд нь тавих боломжгүй болно гэсэн үг.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэдээгээр улсын хэмжээнд 330 мянга орчим иргэн тэтгэвэр авдаг. Жил ирэх тусам тэтгэвэр авагчдын тоо нэмэгдэх болсон нь Тэтгэврийн сангийн алдагдал өсгөх болсон гэх зовлон тоочдог. Хүн ам нь 1960 оноос өмнөхтэй харьцуулахад өссөн, мөн 2015 оноос эхлээд 1960 оноос хойш мэндэлсэн иргэд тэтгэврээ тогтоолгох болсон зэргээс үүдэж, дээрх ачаалал ирж буй. Ачаалал цаашид ч үргэлжлэх төлөв харагдаж буй. Харин тэр бүрт шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх аргаар үзвэл төлдөг нь хохирч, төлдөггүй нь завшдаг шударга бус тогтолцоо улам бүр газар авах болж байгаа.

Тухайлбал, 1960 оноос өмнө төрсөн иргэд, 1960 оноос хойш төрсөн иргэдийн тэтгэврийн зөрүү арилахгүй, тэтгэвэр нэмэгдэх бүрийд алсарч байна гэх шүүмжлэл олон жилийн турш яригдаж буй. Тэтгэврийн зөрүүг арилгахын тулд төрөөс зарим нэг арга хэмжээг авсан ч дорвитой үр дүнд хүрч чадаагүй.

Гэтэл дээр нь бас нэг зовлон нэмэгдсэн нь 30 жил тасралтгүй хөдөлмөр эрхлээд НДШ төлсөн иргэн, 15 жил хөдөлмөр эрхэлж, НДШ төлсөн иргэн бусад жилээ НДШ-ийг нөхөн төлөх хуулийн үйлчлэлд хамруулснаар 10 мянган төгрөгийн зөрүүтэй тэтгэвэр авах болсон. Ажилласан жил, шимтгэл төлсөн хугацаанаасаа хамаарч тэтгэвэр тогтоогддог олон улсын жишиг алдагдав. Ийм байхад хэн сар бүр шимтгэл төлөхийг хүсэх юм бэ.

Мөн Тэтгэврийн даатгалын сангийн алдагдлыг бууруулах нэрийн дор тэтгэврийн насыг нэмэгдүүлж, эмэгтэй 60, эрэгтэй 65 насандаа тэтгэвэрт гарах хууль үйлчилж эхэлсэн. Жил бүр зургаан сараар нэмэгдэнэ. Гэвч малчид бусдаасаа түрүүлж 5 жилийн өмнө тэтгэврээ тогтоолгох боломжоор хангаад байгаа. Энэ мэтчилэн улс төрийн намын сонгуулиар оноо цуглуулах гэсэн амлалтаас болж, эцсийн дүндээ төр нь иргэндээ тэгш бус ханддаг, шударга бус тэтгэврийн тогтолцоо үйлчилдэг болсоор удлаа.

Төр хэзээ энэхүү алдаагаа засаж, ачаа үүрч яваа хэсэгтээ гай болдоггүй болох вэ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж