Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний 98 жилийн ой-Монгол цэргийн өдрийг тохиолдуулан 2018 оны гуравдугаар сарын 12-ны өдөр Монгол Цэргийн музейг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнах тухай зарлиг гаргав.
Зарлигт:
“…Зэвсэгт хүчний түүхэн хөгжил, Монгол цэргийн эр зориг, цог жавхаа, дайчин уламжлалыг сурталчлан таниулах, эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө амь бие үл хайрлан зүтгэсэн, бахархан дуурсагдсан үе үеийн баатарлаг дайчдыг алдаршуулах, залуу хойч үедээ эх оронч хүмүүжил олгох үйлсэд оруулсан тус байгууллагын үе үеийн ажилтан, албан хаагч, цэрэг офицеруудын гавьяа зүтгэлийг үнэлж Монгол цэргийн музейг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасугай” гэжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээрх зарлигийг уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Цэргийн гавьяаны улаан тугийн одонг Монгол цэргийн музейн туганд зүүж, баяр хүргэн үг хэлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд:
“Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид, Монгол цэргийн музейн үе үеийн ажилтан, албан хаагчид Та бүхэнд Зэвсэгт хүчний 98 жилийн ой, Монгол цэргийн баярын мэндийг дэвшүүлье.
Монгол цэргийн музейн үе үеийн хамт олны эх оронч, үндэсний үзлийг төлөвшүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмэр, улс орныхоо хөгжил дэвшил, батлан хамгаалахын салбарт байгуулсан гавьяа зүтгэлийг нь өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг Монгол цэргийн тэмдэглэлт баярын өдрийг нь угтан гардуулан өгч байгаадаа баяртай байна.
Монголын ард түмний цэрэг, эх оронч уламжлал, монгол цэргийн түүх яндашгүй арвин билээ. Монгол цэргийн дайчин түүх, өвөрмөц соёл, нарийн арга ухаан, яруу алдрыг хойч үедээ сурталчлан таниулах үүднээс 1966 онд Монгол цэргийн музей байгуулах тухай анхны түүхэн шийдвэр гарч байжээ. Энэ цаг үеэс хойш тус музей нь цэрэг армийн үүсэл хөгжил, алдар гавьяаг өгүүлэх түүх, соёлын ховор дурсгалуудыг сурвалжлан цуглуулж, соёлын өвийг хадгалан хамгаалж, олон нийтэд сурталчлан таниулж ирлээ.
Ийнхүү хагас зуун жилийн хугацаанд монгол цэргийн түүхийг товчоолж, батлан хамгаалах бодлого, зорилт, зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлан, музейн хөгжил дэвшилд залуу нас, хөдөлмөр зүтгэл, билиг оюунаа харамгүй зориулж ирсэн үе үеийн удирдлагууд, ажилтан, албан хаагчдад баярлалаа.
Та бүхэнд эрүүл энх, сайн сайхан, ажлын амжилтыг хүсэн ерөөе.
Монгол цэргийн яруу алдар бадартугай” гэв.
Эх сурвалж: PRESIDENT.MN