Мэргэжлийн талбайн теннисний эрэгтэйчүүдийн АТР-ын чансааг тэргүүлэгч Сербийн алдарт теннисчин Н.Жокович АНУ-ын Калифорни мужийн Индиан Уэлльст болж буй мастерс-1000 зэрэглэлийн "Парибас Опен" тэмцээнийг 3-р шатанд орхилоо.
Тус тэмцээний таван удаагийн аварга Н.Жокович тэмцээний 3-р шатанд Германы 36 настай ахмад теннисчин Ф.Кольшрайбертай тоглосон бөгөөд хоёр сет үргэлжилсэн тоглолтод 6-4, 6-4 харьцаатай Герман теннисчин хожсон. "Их Дуулга" тэмцээний 15 удаагийн аварга Н.Жокович энэ он гарсаар оролцож буй гурав дахь тэмцээн нь Индиан Уэлльс байсан юм.
Эдүгээ 36 настай герман теннисчин Н.Жоковичтой өмнө нь есөн удаа таарч тоглохдоо ганцхан удаа хожоод байсан. Өмнө нь 2009 оны Францын "Их Дуулга" тэмцээний 3-р шатанд Н.Жоковичийг буулган авч байсан бөгөөд хоёр удаа Н.Жоковичийг хожихдоо чансаа өндөртэй том тэмцээнд хожиж байна. Мөн Ф.Кольшрайбер АТР-ын чансааг тэргүүлэгч теннисчинг хожиж буй анхны тохиолдол нь болж байгаа аж. Н.Жоковичийг буулгаж авсан Ф.Кольшрайбер 4-р шатанд Францын Г.Монфилстой тоглоно.
Тэмцээний 3-р шатнаас Н.Жоковичоос гадна А.Зверев, К.Нишикори, М.Чилич, С.Вавринка нарын шилдэг теннисчид үзэгчдийн суудал руу шилжээд байна.
Б.БЯМБАБАЯР