ОХУ-ын Красноярск хотод дэлхийн оюутны өвлийн спортын Универсиад наадам гуравдугаар сарын 2-ноос 12-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Нийт 58 орны 3000 гаруй тамирчин спортын 11 төрөлд шилдгүүдээ тодруулав.
Монгол Улсаас анх удаа таван төрөлд өрсөлдөж, шинээр спортын төрлүүдийг нэмж оруулсан нь онцгой байсан юм. Тодруулбал, цана, цанын орон зай баримжаалах, шорт-трейк, уран гулгалт, фристайлын төрөлд өрсөлдлөө. Уран гулгалтын тамирчин Г.Марал-Эрдэнэ анх удаа Универсиадын наадамд оролцож, монголчууддаа томоохон бэлэг барьсан юм.
Өчигдөр болсон хаалтын арга хэмжээнд ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев оролцож, үг хэлж оюутан тамирчдын спортын өндөр амжилтыг хүслээ.
Энэ удаагийн наадамд зохион байгуулагч ОХУ-ын баг 41 алт, 39 мөнгө, 32 хүрэл, нийт 112 медаль хүртсэн амжилтаар тасархай тэргүүлсэн бол БНСУ зургаан алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медаль амжилтаар удаалсан. Япон /5+4+4/, Австри /3+3+0/, Финланд /3+2+7/, Норвеги /3+2+3/, Франц /2+4+7/, Швейцарь /2+2+3/, Герман, Швед /2+1+2/ эхний 10 байрт оржээ. Нийт 58 орон оролцсоноос 20 орон ямар нэгэн медаль хүртжээ.
Монгол Улсын баг тамирчид энэ удаагийн Универсиадад боломжийн оролцсон гэж үзжээ. Тамирчдын хувьд ирсэн зорилгодоо хүрсэн гэж албаныхан мэдээлсэн байна.
Монголын тамирчид анх удаа цанын орон зайг баримжаалах, фристайл болон уран гулгалтын төрлүүдэд анх удаа өрсөлдсөн. Мөн цанын орон зай баримжаалах төрөлд заасан хугацаанд бүх даалгавраа гүйцэтгэжээ. Уран гулгалтын тамирчин Г.Марал-Эрдэнэ Универсиадын мөсөн талбайд эх орныхоо нэрийг гаргаж, олон залуучуудын мөрөөдлийн эхлэлийг тавьсан билээ. Япон улсад бэлтгэл сургуулилтаа хийдэг түүний хувьд ирэх дөрөвдүгээр сард эх орондоо түр хугацаагаар ирэх юм байна.
Монголын баг тамирчид анх 1991 оны Японы Саппоро хотод болсон наадмаас эхлэн оролцож байсан түүхтэй. Түүнээс хойш 14 дэх өвлийн Универсиад наадамд спортын таван төрөлд амжилттай оролцлоо.
Дэлхийн оюутан тамирчид оролцдог өвлийн спортын Универсиад наадам 2021 онд Швейцарь улсад болно.