УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр 13.40 цагийн үед эхэлж, дөнгөж сая өндөрлөлөө.
Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийн ажлын хэсгийн болон Татварын ерөнхий газрын мэдээллийг сонссон байна.
Уг хуулийн төслийг УИХ-д өргөн барих эхний хувилбар бэлэн болжээ.
Харин УИХ-ын сонгуулийг ямар системээр явуулахыг намын бүлгүүдээс санал авсны дараа Ажлын хэсэг дахин ярилцахаар болсныг Ажлын хэсгийн ахлагч Р.Бурмаа мэдээлэв.
Өнөөдрийн бүлгийн хуралдаанд УИХ-ын дарга З.Энхболд оролцжээ. Хурлын үеэр АН-ын бүлгийн гишүүд сонгуулийг ямар системээр явуулах талаар янз бүрийн байр суурь илэрхийлсэн байна. Гэхдээ 28:48 буюу холимог тогтолцоогоор УИХ-ын сонгуулийг явуулах нь зүйтэй гэсэн байр суурь давамгайлж байгаа бололтой. Бүлгийн хуралдаан Засгийн газрын хуралдааны цагтай давхацсан учир энэ удаа тодорхой шийдэлд хүрэлгүй хурал өндөрлөлөө. АН-ын бүлэг энэ асуудлаар маргааш дахин хуралдаж магадгүй байна.
С.ОТГОН