Гандангийн дэнжийн "гайхам" төрх

Хуучирсан мэдээ: 2019.03.13-нд нийтлэгдсэн

Гандангийн дэнжийн "гайхам" төрх

Гандангийн дэнжийн "гайхам" төрх

Нийслэлийнхний шүдний өвчин болсон утааны асуудал түр намжингуут хөрсний бохирдлын асуудал залгадаг. Өвлийн улиралд утаанаас үүдэлтэйгээр олон өвчин үүсч, хүүхэд багачууд нь ханиад томуунд дарлуулж, өрхийн эмнэлэг нь ачааллаа дийлэхээ болино. Хавар гар, хөл, ам, нүдний өвчин ихэсдэг нь өвөлжингөө асгасан угаадас, хог хаягдал гэсэж, амьсгалын замаар дамжин янз бүрийн халдварт өвчин үүсгэдэгтэй холбоотой.

Хөрсний бохирдол нь зүгээр л газрын хөрсний асуудал биш. Уух ус, амьсгалах агаар, идэх хоол хүнстэй, цаашлаад эрүүл мэндтэй шууд холбогдоно.

Улаанбаатар хотод хийсэн хөрсний бохирдлын 2014 оны судалгаагаар нийт дээжийн 88 хувьд нян, хөгц, мөөгөнцөр илэрсэн байдаг.

Бохирдсон хөрсөнд халдварт өвчин үүсгэгч нянгуудын амьдрах чадвар маш сайн. Тухайлбал, цусан суулгын нян, шимэгчид гэхэд нэг жил хүртэл амьдрах чадвартай бол боом татрангийн үүсгэгчид 25-30 жил ч хөрсөнд амьдрах чадвартай юм.

Энэ удаад нийслэлийн төв хэсэгт хөрсний бохирдол ямар байгааг сурвалжиллаа.

Гандангийн дэнжийн зүүн хэсэгт буюу баруун дөрвөн замаас өгсөх зам дагуу байх жалгын зүүн хэсэгт мод тарьсан нь тун цэвэрхэн харагдаж байлаа. Харин жалгын баруун хэсэгт архи, ундааны сав, төрөл бүрийн амттаны цаас хөглөрч, хөлдсөн угаадас хайлж, жалга руу урсаж байгаа харагдав. Бид жалгын баруун хэсгийг даган алхлаа. Гудамжны үзүүрт ууттай хог овоолж, үнсээ задгай асгасан байв. Хаврын хуйсгануур салхи гэнэт салхилахад үнс пургина. Дэргэдүүр нь зайрмаг барьсан хүүхдүүд гүйлдсээр өнгөрөв. Харин хайлж байгаа угаадсаас тун таагүй үнэр хамар цоргино. Мөн гудамжны үзүүр дэх дэлгүүрийн үүдэнд гурван согтуу хүн сууж байгаа харагдав. Биднийг дэргэдүүр нь өнгөрөхөд тэд “20 төгрөг өгчих. Цай уух гэсэн юм” гэж байлаа. Дахин хэдэн гудамж өнгөрөхөд гудамны үзүүрт хэдэн хүн архи уугаад сууж байв.

Угаадас нь хайлж шалбаагтаж ээдрээтэй болсон жимээр болгоомжтой гэгч нь зөрөлдөх иргэдээс сэтгэгдлийг нь сонслоо.

ОРШИН СУУГЧИД УХАМСРАА ДЭЭШЛҮҮЛВЭЛ БОХИРДОЛ АРИЛАХ БАЙХ

Иргэн А.Наранчимэг

-Гандан ороод буцах замдаа заавал энэ хэсгээр явдаг. Өвөл бол хөлдсөн угаадас дээр нь халтирч уначих гээд бүр хэцүү. Хавар өнөөх нь хайлаад бүр заваан юм болдог. Энэ бүхнийг энэ хавьд байгаа айлууд л тарьж байгаа шүү дээ. Үнс, хогоо шууд л задгай асгасан байгаа харагддаг. Бас энэ хавьд согтуу хүн олон байдаг. Хотын А хэсэг нь ийм бохирдолтой л байна даа. Оршин суугчид нь ухамсраа дээшлүүлж, дор бүрнээ цэвэрхэн байвал л энэ бохирдол арилах байх. Дээр үед хагас бүтэн сайнд нийтээрээ орчноо цэвэрлэдэг байсан юм.

 

ЯГ АЛЬ АЙЛ НЬ МЭДЭГДЭХГҮЙГЭЭР ХОГ ТАРИАД, УГААДСАА АСГАСАН БАЙДАГ

Иргэн Т.Тамир

-Би энэ хавьд оршин суудаг. Манайх хогоо ингэж асгадаггүй. Тав дахь өдөр бүр хогны машин ирж хог ачдаг. Тэр үед нь хогоо ачуулдаг юм. Бусад айлууд, яг аль нь мэдэгдэхгүйгээр хог тариад, угаадсаа асгасан байдаг. Ийм бохир орчинд хүүхэд тоглож ч болохгүй. Хүүхдүүд Гандангийн хашаан дотор орж тоглодог. Нийслэлээс хоёр жилийн өмнө энэ жалгыг цементлэж, хашлага босгосон. Гэсэн ч бохирдолтой хэвээрээ л байгаа. Иргэд дор бүрнээ цэвэр байвал ийм бохирдол бий болохгүй л байх.  

Энэ их бохирдлыг гэр хорооллын энэ айлууд л тарьдаг

Жалгын зүүн хэсэгт, автобусны буудлын ойролцоо худалдаа эрхэлж буй иргэн Д.Дагва

-Жил бүр л ийм бохирдолтой байдаг. Энэ их бохирдлыг гэр хорооллын энэ айлууд л тарьдаг. Айлууд нь хогоо жалга руу хаялгүй, угаадсаа ийш нь асгахгүй, хогны машиндаа хогоо ачуулаад байвал ийм бохирдол үүсэхгүй. Энэ хэсгийг ТҮК-ийн ажилчид ирж цэвэрлэхээр нэг юм арай гайгүй болдог. Бараг сардаа нэг удаа ирж цэвэрлэдэг байх. Жалгын зүүн хэсэг цэвэрхэн, баруун нь илүү бохир байгаа биз дээ. Энэ бүх хог, бохирдлыг энэ айлууд л бий болгож байгаа юм. Энэ хавьд нийтийн байр их байдаг. Нийтийн байранд байгаа хүмүүс түр байгаа юм чинь гээд хог их тарьдаг байх гэж боддог.

Гандангийн дэнжийн хаврын төрх "гайхам" байна. Оршин суугчид нь хашааныхаа үүдэнд үнсээ асгаж, угаадсаа цацдаг энэ байдал хэдий хүртэл үргэлжлэх бол? Олон жилийн турш үргэлжилсээр байгаа тэдний буруу дадлын балгаар олон балчир хүүхэд өвчилсөөр байх уу. Бусдын эрүүл мэндэд “ноцтой” аюул учруулсаар байгаа нөхдөд ямар хариуцлага тооцох вэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж