"Эрдэнэт"-ийн хувьчлалыг З.Энхболд мэдэж байсан уу?

Хуучирсан мэдээ: 2019.03.13-нд нийтлэгдсэн

VS

"Эрдэнэт"-ийн хувьчлалыг З.Энхболд мэдэж байсан уу?

Сүүлийн өдрүүдэд “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой хэд хэдэн үйл явдлууд өрнөв. Засгийн газар “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьчлалтай холбоотой Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг нууцын зэрэглэлээс гаргасан бол 49 хувийнхны баривчилгаа, тус үйлдвэрт онцгой дэглэм тогтоосон гэх мэт олон асуудал үүссэн. Хамгийн гол нь тухайн үед 49 хувийн хувьчлалын асуудлыг Засгийн газрын гишүүдээс гадна ҮАБЗ-ийн гишүүд ч мэдэж байсан гэдгийг хэлдэг. Гэвч тухайн үеийн УИХ-ын дарга асан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд энэ талаар мэдээгүй гэдгээ саяхан хэлсэн. Гэвч УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, тухайн үеийн Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат ҮАБЗ-ийн гурван гишүүн энэ асуудлыг мэдэж байсан гэдгийг тодотгосон. ҮАБЗ-д төрийн гурван өндөрлөг багтдаг. Бид энэ удаагийн VS буландаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд болон УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нарын эсрэг тэсрэг байр суурийг онцолж байна.

З.Энхболд:
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга 

-"Эрдэнэт"-ийн ямар нэг асуудалд миний оролцоо байхгүй. Цаг хугацаа байхгүй гэдэг шалтгаанаар сонгуулйн өмнөх өдөр "Эрдэнэт"-ийн 49 хувийг шийдсэн. Би УИХ-ын дарга байсан. Гэтэл надад мэдэгдээгүй. Би 49 хувийг хувийн компани авч болно. Гэхдээ УИХ-аар оруулаад УИХ-ын гишүүдийн олонхи нь зөвшөөрвөл өгч болно гэдэг байр суурьтай байсан. Гэтэл “цаг хугацаа байхгүй байсан” гэдэг шалтгаанаар Ч.Сайханбилэг эрх мэдлээ хэтрүүлээд өгсөн. Тухайн үеийн төр барьж байсан одоогийн манай гурван даргатай адилхан, тухайн үеийн УИХ-ын даргад, тухайн үеийн АН-ын даргад огт мэдэгдэлгүйгээр нуугаад, сонгуулиас нэг хоногийн өмнө өгчихсөнийг би олон улсын сэтгүүлээс олж үзээд, “Ч.Сайханбилэг ээ, чи наадахаа тайлбарла” гэж байсан. Тиймээс "Эрдэнэт"-тэй холбоотой ямар нэг асуудалд миний ямар нэгэн оролцоо байхгүй. Хэрэв тэр компанийг мэддэг байсан бол Засгийн газрын үүрэг. Харин хувиа зарахад “Ростех” гэдэг компанийн оронд ХХБ орох гэж байгаа бол УИХ-аар оруулдаг, ийм л хуультай.

Д.Эрдэнэбат:
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга 

-Олонхийн шийдлээр нууцаар хэлэлцсэн. Ер нь бол төрийн гурван өндөрлөг гурвуулаа “Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлалын асуудлыг огт мэдээгүй гэдэгт би итгэхгүй байна. Би үүнийг худлаа гэж бодож байна. Ганц Ерөнхий сайд нь мэдээд яагаад УИХ-ын дарга, Ерөнхийлөгч хоёр нь мэдэхгүй байдаг юм бэ, би бол итгэхгүй. Би зарчим, бодлого хоёр дээр байдаг хүн. Энэ гурван хүн мэдэж байж энэ асуудлыг оруулж ирсэн гэдэгт би бат итгэлтэй байна. Оросын талаас санал болгосныг Монголын төр хэлэлцээд Монголд оруулж ирсэн нь хулгайн үйлдэл огт биш. Энэ бол улс төрийн шийдвэр байсан. Тухайн үеийн Засгийн газар зөв шийдвэр гаргасан. Яагаад гэвэл өнөөдөр хүн бүхэн "Эрдэнэт" үйлдвэрийг харж байна. Өнөөдөр энэ үйлдвэр 100 хувь Монголын өмч болсныг хэн ч буруутгаж чадахгүй гэдгийг би ойлгож байна. Гагцхүү цаашдаа энэ үйлдвэр улс төрийн хэлээр биш, эдийн засгийн хэлээр ажиллаасай гэж хүсч байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж