Ерөнхиийлөгчийн зарлигаар монгол орны нийт нутгаар нийтийн биеийн тамирыг хөгжүүлж, хүн амын чийрэгжилтийн төвшин тогтоох сорил авч байгаа билээ. Энэ дагуу дөрвөн бүс нутагт нийтийн биеийн тамирыг идэвхтэй хөгжүүлэх зорилгоор сургалт зохион байгуулдаг уламжлалтай. Тэгвэл 2015 оны бүсийн сургалтыг Биеийн тамир, спортын хөгжлийн төвөөс зохион байгуулж эхэллээ. Хамгийн эхний сургалт Говь-Алтай аймагт болсон юм. Уг сургалтад баруун бүст хамааралтай Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Завханы аргазүйчид оролцож туршлага судаллаа. Харин Увс аймгийнхан тодорхой шалтгааны улмаас сургалтыг өнжсөн юм. Сургалтын үеэр нийтийн биеийн тамир, эрдэм шинжилгээ, судалгаа, шигшээ баг, улсын цол, зэрэг гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр сургалт явуулж, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн мэргэжилтнүүд илтгэл тавилаа. Уг сургалтыг зохион байгуулагч Говь-Алтай аймгийн хувьд сүүлийн найман жилийн турш нийтийн биеийн тамирыг идэвхтэй хөгжүүлж байгаа гэнэ. Тус аймгийнхан өглөө бүр 07.00-08.30 цаг хүртэл нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх арга хэмжээ зохион байгуулдаг аж. Түүний ачаар аймгийн нийт хүн амын 60 хувийг хөдөлгөөний дутагдлаас сэргийлж чаджээ. Түүгээр ч зогсохгүй спортоор хичээллэгсдийн тоо жил бүр өсч байгааг аймгийн Биеийн тамир, спортын хорооны дарга Г.Гансүх дурдлаа. Говь-Алтай аймагт “Өглөөний одод” хэмээх иргэдийн нэгдэл анх 2008 онд үүсч, өдгөө хамрагдагсдын тоо 400 гаруй болжээ. Энд найман настай балчираас наян настай буурал хүртэлх бүхий л насныхан идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэх уриан дор нэгдсэн байна. Энэ бол нэг талаас төрөөс нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх чиглэлд явуулж буй бодлогын үр дүн. Алтайнхан зав л гарвал спорт заалаа зоридог болсон гэнэ. Завгүй гэж хэн ч хойш суухгүй. Алтайчууд хөдөлгөөний хомсдолыг өөрчилж улсын хэмжээнд жишиг болох хөдөлгөөнийг нэгэнт өрнүүлээд уджээ. Энд аймгийн Биеийн тамир, спортын газраас дэмжлэг үзүүлж, орчин нөхцөл, спортоор хичээллэхэд шаардлагатай хэрэглэгдэхүүнээр бүрэн хангаж байгаа аж. Мөн цаашдаа эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтийн биеийн тамир, спортоор хичээллэх боломж бололцоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай гэдгийг аймгийн удирдлагууд онцлов. Биеийн тамир, спортын хөгжлийн төвөөс зохион байгуулж буй бүсийн хоёр дахь сургалт өнөөдөр Сэлэнгэ аймагт эхэлж байна. Төвийн бүсийг хамарсан уг сургалтад зургаан аймгийн биеийн тамир, спортын хорооны мэргэжилтнүүд оролцох юм.
Б.ЭНХ