600 мянган адууны ширийг хаях уу, экспортлох уу?

Хуучирсан мэдээ: 2019.03.12-нд нийтлэгдсэн

600 мянган адууны ширийг хаях уу, экспортлох уу?

600 мянган адууны ширийг хаях уу, экспортлох уу?

“Эмээлт” захад өнөөдөр 600 мянган адууны шир хуримтлагджээ. Даруйхан экспортод гаргах арга хэмжээ авахгүй бол 14 тэрбум төгрөгийн үнэ хүрэх түүхий эдээ газарт булж болзошгүй аж. Дулаарах тусам адууны шир үнэр орж, хүнд тоогдохгүй болно гэж ченжүүд ярьж байна.

“Эмээлт” захад адууны шир ийн олноороо хураагдах болсон нь малын арьс ширийг түүхийгээр нь экспортлохыг хориглосонтой холбоотой аж.

Засгийн газраас 2013 онд түүхий эд боловсруулах үйлдвэрээ хөл дээр нь босгох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах зорилгоор арьс ширийг түүхийгээр нь экспортлохыг хоригложээ. Гэвч дотоодын үйлдвэрүүд малаас гаралтай түүхий эдийг хагас ч боловсруулж дийлдэггүй аж. Үүнээс болж жил бүр адууны шир “Эмээлт” захад хураагдах болжээ.

Хоригоос улбаатайгаар өмнө нь ч бас ийм асуудал үүсч байжээ. Тодруулбал, Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед 2014, 2015 оноос хойш хураагдсан 500 мянга гаруй адууны ширийг яах вэ гэдэг асуудал тулж, Аж үйлдвэрийн яамнаас санал гаргаснаар хоригийг түр хугацаагаар цуцалж байжээ. Ингэхдээ 2016 оны нэгдүгээр сарын 5-наас хоёрдугаар сарын 5-ны хооронд арьс, шир түүхийгээр нь экспортлохыг зөвшөөрсөн аж. Одоогийн “Эмээлт” захад хуримтлагдсан 600 мянган адууны шир нь 2017, 2018 онд бэлтгэгджээ. Тиймээс дээрхтэй адил арга хэмжээ авч, зохицуулалт хийх боломжтой гэнэ.

Гэхдээ мал аж ахуй бол Монголын голлох салбаруудын нэг гэж тодотгож болно. Малаас гаралтай түүхий эдээ боловсруулж, нэмүү өртөг шингээх нь төрийн бодлого байх ёстой. Энэ ч утгаараа үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь чухал байгаа. Жишээ татвал, адууны ширийг боловсруулж, түүгээр нь гутал хийвэл түүхийгээр нь экспортолсноос илүү өндөр үнэ хүрнэ.

Иймээс Засгийн газар “Үйлдвэржилт 100” хөтөлбөрийнхөө хүрээнд боловсруулах үйлдвэр шинээр байгуулахад анхаарч, байгаагаа томруулж хүчин чадлыг өргөтгөхөд санаачлагатай ажиллахгүй бол жил бүрийн хавар л адууны шир “Эмээлт” захад өмхийрч болзошгүй нөхцөлд байгаа тухай мэдээлэл түргэн авхуулдаг болох нь ээ.

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээгээр улсын хэмжээнд жилдээ 300 мянга орчим адууны шир бэлтгэгддэг. Харин арьс шир боловсруулах үйлдвэр нь 35, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 180 гаруй үйлдвэр ажилладаг байна.

Үйлдвэр эрхлэгчдийн хувьд үйлдвэрээ өргөтгөх зорилгоор Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл хүсдэг ч шалгарч чаддаггүй гэх гомдлыг тавьж буй. Өнгөрсөн онд УИХ-аас ЖДҮХС-д 98 тэрбум төгрөг баталж өгсөн ч 20 гаруй гишүүн тус сангаас өөрийн хамаарал бүхий компанидаа зээл авч өгсөн гэх асуудалд нэр холбогдоод буй. Заримынх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Улсын ерөнхий прокурорын зүгээс оруулж ирсэн ч эрх баригчид хүлээн аваагүй. Уг сан улстөрчдийн бизнесээ өргөтгөх саалийн үнээ нь болсон байж болзошгүй байгаа тул  олон нийтийн хараа хурц байж, тус сангаас олгох зээлийг жинхэнэ үйлдвэрлэл эрхлэгчдэд хүргэхийг сануулж буй. Тиймээс Хүнс хөдөө аж ахуйн яам ЖДҮХС-гаас олгох зээлээ боловсруулах үйлдвэрүүдэд олгоход энэ удаад анхаарахгүй бол арьс ширээ яах вэ гэдэг шүдний өвчин Засгаас засагт шилжин, өмнөд хөршөөс хараат хэвээр байх нь ээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж