Тайванийн Тайпэй хотын Шуан Лиэнь Хараагүйчүүдийн нийгэмлэг болон Тайпэй хотын Сунрэн Ротари клубээс илгээсэн нийт 200 ширхэг таягийг 2019 оны гуравдугаар сарын 7-ны өдөр Монгол дахь Тайванийн төлөөлөгчийн газрын зүгээс Монголын хараагүйчүүдийн нийгэмлэг, Хараагүйчүүдийн сургалт үйлдвэрлэлийн төв болон бусад холбогдох байгууллагуудад хандивлалаа.
Хараагүйчүүдийн нэгдсэн холбооны тэргүүн Д.Гэрэл Тайваниас Монголын хараагүй иргэдэд дэмжлэг үзүүлж санаа тавьж буйд талархал илэрхийлэхийн сацуу эдгээр таяг нь LED гэрэлтэй мөн дуут дохио өгдөг зэрэг давуу талтай учир хараагүй иргэдийн аюулгүй байдалд ач тустай юм гэлээ.
“Өнгөрсөн жилийн зургадугаар сард Тайпэй хотын Сунрэн Ротари клубын санаачилсан “Монгол улс дахь олон улсын эрүүл мэндийн үйлчилгээ” төслийг олон улсын Ротари сангаас дэмжсэн тул сул хараатай иргэдийн харааг оношлох мэргэжилтэн бэлтгэхэд дэмжлэг туслалцаа үзүүлсэн юм. Монгол улсын хараагүй иргэдийн тоо харьцангуй их. Тайваньд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хүмүүс туршлагаасаа хуваалцах боломжтой. Энэ удаагийн хандивын арга хэмжээ нь хоёр талын хараагүйчүүдийн холбооны хамтын ажиллагааны эхлэл бөгөөд цаашид илүү олон хамтын ажиллагааг өрнүүлнэ гэж найдаж байна” хэмээн сангийн Удирдах зөвлөлийн дарга Чиэнь Хуй хэллээ.
Тайваниас Монгол улсад суугаа төлөөлөгч Хуан Куо Рун хэлсэн үгэндээ Тайпэй хотын Сунрэн Ротари клуб 2016 оноос хойш гурван жилийн турш “Монгол улс дахь олон улсын эрүүл мэндийн үйлчилгээ” төслийг хэрэгжүүлсэн ба үүнд нүдний өвчний эмчилгээ, хараа сэргээх дасгал, АШУҮИС дээр сул хараатай иргэдийн төвийг байгуулсан зэрэг нь Тайвань хүмүүсийн халуун сэтгэлийн илэрхийлэл болж эмчилгээ үйлчилгээнд хил хязгаар байхгүй гэдгийг харуулж байна гэв.
А.ТУЛГА
Холбоотой мэдээ