“Монголын зэс” ХХК-ийн удирдлагуудаас өчигдөр /2019.03.11/ Засгийн газарт хүргүүлсэн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар хэлэлцээр хийх хүсэлт олны анхаарлыг татсан хэвээр байна. Тэр дундаа хоёр тал хэзээнээс хэлэлцээрийн ширээний ард сууж, асуудлаа ярих вэ гэдэг нь чухал байгаа юм.
“Монголын зэс” ХХК-иас хүргүүлсэн энэхүү хүсэлтэд “Сүүлийн өдрүүдэд “Эрдэнэт” үйлдвэр ХХК, “Монголросцветмет” ХХК-иудын хувьцааг төрд шилжүүлэхтэй холбоотой УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэхээр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс 2019 оны 05/05 дугаар зөвлөмж, Засгийн газраас 91 дүгээр тогтоол гарган, “Эрдэнэт” үйлдвэр ХХК, Монголросцветмет” ХХК-иудад онцгой дэглэм тогтоолоо.
Дээрх нөхцөл байдал удаан үргэлжлэх нь хоёр үйлдвэрийн хэвийн тогтвортой ажиллагаа, цаашлаад Монгол Улсын эрх зүйт тогтолцооны хөгжил, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимд харшилсан таагүй туршлагыг үлдээнэ.
Үүссэн асуудлыг дотооддоо шийдэж, хэлцлийн ширээний ард суух нь олон улсад Монгол Улсын нэр хүндийг өргөхөөс гадна Ростех улсын корпорацитай байгуулсан хэлцлийг Арбитрын шүүхэд аваачих сөрөг үр дагавраас сэргийлнэ. Манай компанийн зүгээс УИХ-ын 23 дугаар тогтоолтой холбоотой асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх хүсэлтээ удаа дараа илэрхийлсээр ирсэн бөгөөд тус байр суурь өнөөдөр ч хэвээрээ байгааг уламжилж байна. Иймд үүссэн асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн дотооддоо шийдвэрлэх асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд таньтай болон бусад албаны төлөөлөгчидтэй компанийн төлөөлөл албан ёсоор уулзах хүсэлтэй байгаа тул хүлээн авахыг хичээнгүйлэн хүсье”” гэжээ.
“Монголын зэс” ХХК-ийн зүгээс Засгийн газартай хэлэлцээр хийх хүсэлтийг өмнө нь ч мөн тавьж ирсэн. Гэвч Засгийн газар өнөөдрийг хүртэл хэлэлцээрийн ширээний ард суугаагүй байгаа.
Аливаа асуудлыг зөвшилцлийн замаар шийдвэрлэх нь ардчилсан тогтолцооны нэг хэлбэр. Тиймээс Засгийн газар үндэсний хөрөнгө оруулагчаа хүндэтгэж, зөвшилцөх нь баялаг бүтээгчдэд ч эерэг мэдээ болон буух учиртай.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ