Хошин урлагийн нэгэн төрөл болох Stand up comedy-г монголд нутагшуулж өдгөө таван жилийн ойтойгоо золгоод буй “UB comedy” клубийн залуус өрх тусгаарлахаар болжээ. Ихэвчлэн ганц хүн тайзан дээр гарч, бэсрэг түүх, жүжиглэл, монолог зэргийг үзүүлэн үзэгчдийг хөгжөөдөг хошин урлагийн энэ төрөл Монголд орж ирсэн тэр цагаас эхлэн залуусыг байлдан дагуулаад байгаа гэж хэлж болно. Гэвч клубийн залуус өрх тусгаарлаж байгаа талаар тус клубийн үүсгэн байгуулагч Б.Батбилэг өнөөдөр /2019.3.12/ мэдэгдэл хийлээ. Тэрбээр "Манай клуб тарж байгаа талаар асуулт их ирж байна. Үүнд мэдэгдэл хийе. Клубийн зарим гэрээт гишүүд гэрээгээ цуцалж, клубээсээ гарахаар болж буйгаа хэлсэн. Гэхдээ "UB comedy" клубийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Бид цаашид үйл ажиллагаагаа улам өргөжүүлэх болно. Манай клуб шинэ залуу уран бүтээлчдийг дэмждэг. Клубээсээ гарч байгаа залуустаа амжилт хүсч байна. Клубийн тайзнаа эргэж гарахад үргэлж нээлттэй. Талцсан зүйл байхгүй. Санхүүгийн хувьд эрүүл байх ёстой гэсэн шаардлагыг тавьсан байгаа" гэлээ.
Сонирхуулахад, "UB Comedy" клубийн гишүүн Ч.Хантүмэн тэргүүтэй зарим гишүүд өрх тусгаарлаж "Comedy Lab Club" нэртэй, шинэ комеди клубийг нээж байгаа ажээ.