Монголын үндэсний олимпийн хорооны Гишүүдийн хурал өнгөрөгч нэгдүгээр сарын 25-ны өдөр хуралдахаар байсан ч хойшлогдсон юм. Тэгвэл уг хурлыг гуравдугаар сарын 29-ний өдөр “Чингис” зочид буудлын хурлын танхимд болохоор болжээ. Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/ нийт 92 гишүүнтэй бөгөөд түүнээс сонгогдсон гүйцэтгэх зөвлөл 11 хүнээс бүрддэг. Мөн 65 спортын холбоод харьяалагддаг байна.
МҮОХ-ны ерөнхийлөгчөөр Д.Загдсүрэн, Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Б.Баттүшиг, Ерөнхий нарын бичгийн даргаар олимпийн аварга Э.Бадар-Ууган ажиллаж байна.
МҮОХ-ны Гишүүдийн хурлаар хорооны 2018 оны үйл ажилалгааны тайлан, 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон төсвийг батлах зэрэг олон асуудлыг хэлэлцэх болжээ. Мөн зарим спортын холбоо болон гишүүдийг МҮОХ-ны гишүүнээр батлах юм байна. МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн 2018 онд ажлаа өгөх хүсэлт гаргаад байсан ч энэ асуудал дээрх хурлаар яригдах нь тодорхойгүй байна. Түүнийг ажлаа өгөх сургаар хорооны ерөнхийлөгчид нэр дэвших эрхмүүд тодроод байсан ч албан ёсны мэдээлэл гараагүй байгааг албаныхан хэллээ.
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн 2018 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн хурлаар Д.Загдсүрэн ажлаа өгнө гэсэн мэдээлэл анх гарсан билээ. Уг хурлын дараа гарсан мэдээлэлд “МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн 2018 оны арваннэгдүгээр сард Монгол улсын хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгох эрх нээгдсэн тул МҮОХ-ны дүрмийн 16.6, 14.2-р заалтыг үндэслэн МҮОХ-ны Ээлжит бус Олимпийн чуулганыг 2019 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр хуралдуулж, МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгуульт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлт гаргав” гэсэн юм. Гэхдээ энэ сарын 29-ний өдөр болох МҮОХ-ны Гишүүдийн хурлаар ерөнхийлөгчтэй холбоотой асуудал яригдахгүй гэсэн мэдээлэл ч бас байна.
МҮОХ-ын ерөнхийлөгч Д.Загдсүрэн энэ байгууллагад 1999 оноос дэд ерөнхийлөгч, 2001 оноос ерөнхийлөгчөөр ажиллаж байна.
Сануулахад, МҮОХ-ны VII чуулган 2017 оны гуравдугаар сарын 24-ний өдөр Улаанбаатарт болж, нийт 167 гишүүн оролцжээ. Ерөнхийлөгчийн сонгуульд Д.Загдсүрэн хамгийн өндөр санал буюу 81-ыг авч улиран сонгогдсон бол Э.Мөнх-Очир 51, Ц.Бат-Энх 14 хүний санал авсан юм.
Холбоотой мэдээ