Н.Батцэрэг: Сонгогч хүнийг дугуйлна

Хуучирсан мэдээ: 2015.04.20-нд нийтлэгдсэн

Н.Батцэрэг: Сонгогч хүнийг дугуйлна

УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн өнөөдрийн ээлжит хуралдаанд Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг ахалж байгаа УИХ-ын гишүүн Р.Бурмаа мэдээлэл өгчээ.

УИХ-аас байгуулагдан ажиллаж байгаа тус ажлын хэсгийн хувьд сонгуулийн тогтолцоог одоогийн буюу 48х28 хувилбараа хадгалах чиг барьжээ. Харин УИХ-ын гишүүн Ч.Улаан Монгол Улсын гавьяат хуульч Б.Чимэд агсны дэвшүүлж байсан Монгол Улс бүхэлдээ нэг тойрог, нам эвслүүд 76 нэр дэвшигчийг дэвшүүлэх тогтолцоог оруулах санал гаргасан байна. Энэ тухай бүлгийн дарга Н.Батцэрэг “Монгол Улс бүхэлдээ нэг тойрог, нам эвслүүд 76 нэр дэвшигчийг дэвшүүлнэ. Сонгогч хүнийг дугуйлна, ингэхдээ 76-гаас сонгоё гэснээ дугуйлна. Хүний дугуйлсан санал намын сагсанд очно. Хүнээ эрэмбэлнэ, зөвхөн намаараа эрэмбэлүүлэх биш сонгогчоороо эрэмбэлүүлэх ёстой гэж үзэж байгаа. Одоогийн ажлын хэсэг дээр ийм хувилбар орж ирээгүй, бүлэг энэ хувилбарыг албан ёсоор гаргаагүй ч дэмжиж болох хамгийн боломжтой хувилбар. Сонгогдсон гишүүд нь нийт сонгогчдын саналыг авч чадах эсэхээ шийдэх боломжтойгоороо онцлог” гэлээ.

Бүлгээр хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Сонгогдсон болон томилогдсон өндөр албан тушаалтанд хариуцлага тооцох тухай хуулийн төсөл аж. Уг хуулийн төслийг бүлэг бүхэлд нь дэмжжээ.

Засгийн газрын хувьд дээрх хуулийн төслийг  Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөн байх байдал ажиглагдаж байгаа тул дэмжээгүй санал өгсөн аж. Энэ нь шүүхээс УИХ-ын гишүүнийг гэм буруутайг нь тогтоогоогүй байхад бүрэн эрхээс нь татгалзуулах заалт орсон байна гэж үзсэнтэй холбоотой аж. Харин Шударга ёс эвслийн бүлгийн хувьд “Төрийн өндөр алба хашиж байгаа Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ, Засгийн газрын гишүүн, УИХ-аас томилолт аван ажилладаг албан тушаалтнуудын ажлын хариуцлага, ёс зүйн хариуцлага, улстөрийн хариуцлага, бусад огцрох хариуцлага зэргийг авч үзэж байх хэрэгтэй. Албан тушаалд очоод сайн ажиллавал урамшуулал хаана яаж гарч байгаа нь мэдэгддэггүй, муу ажиллавал магадгүй зарим тохиолдолд гэмт хэрэгтэн болоод буудаг тохиолдол бий. Наана нь сануулдаг хариуцлага байгаагүй юм уу, бусад хэлбэрээр алдаатай ажлыг нь шүүмжилсэн, засч залруулах зүйл байгаагүй юм уу гэдэг зүйл гарч ирдэг. Тийм учраас хуулийн төслийг хэлэлцэх шаардлагатай” гэж үзсэн байна.

Гуравт нь, Худалдааны тухай хуулийн төслийг хэлэлцэж, санал ч дэвшүүлжээ. УИХ-д  Я.Содбаатар нарын гишүүдийн өргөн Худалдааны тухай хуулийн төсөл, Засгийн газраас өргөн мэдүүлсэн бас нэг төсөл бий аж. Сэдэв нэг, тиймээс тэдгээрийг нэгтгэх шаардлагатай гэж үзжээ. Тус бүлгийн хуралдаанд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат оролцож, хуулийн төслөөр дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна.

1990 оноос хойш хуулийн зохицуулалтгүй явж ирсэн салбар бол худалдаа аж. Ганзагын наймаагаар Монголын худалдаа эхэлсэн байдаг, тэр соёл одоог хүртэл явж байгаа. Гэвч одоогийн хөгжил, эдийн засгийг илүү үр өгөөжтэй болгоход нийцэхгүй байгаа тул Худалдааны тухай сайн хууль гаргах ёстой гэсэн саналыг бүлэг гаргажээ. Жишээ татвал, гадаад зах зээлд гаргадаг үнэ цэнэтэй валютын нэг нь ноолуур аж. Худалдааны нэг цонхны бодлого явуулж чадахгүйгээс наймаачид, бизнесмэнүүд хоорондоо өрсөлдөж үнээ унагадаг. Сүүлдээ гадаад худалдаанд гаргадаг олон бүтээгдэхүүний үнэ ийм маягаар унажээ. Хүнсний аюулгүй байдал маш муу хамгаалагдсан нь Худалдааны тухай хуультай холбоотой гэж үзсэн аж. Тиймээс энэ бүхнийг хуулиар зохицуулах шаардлагатай гэж үзэн, Худалдааны тухай хуулийг дэмжжээ.

Бүлгээр хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж