“28:48 гэсэн эхний хувилбар гарсан”

Хуучирсан мэдээ: 2015.04.20-нд нийтлэгдсэн

“28:48 гэсэн эхний хувилбар гарсан”

УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд багтсан Сонгуулийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихад бараг бэлэн болжээ. Уг хуулийн  төслийн Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Р.Бурмаа ажиллаж байгаа юм. Түүнээс  хуулийн төсөлд ямар шинэ зохицуулалт орсон талаар тодрууллаа.

-Cонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулах явц ямар байна. Хуулийн төсөл дээр  тодорхой хугацаанд ажилласны хувьд мэдээлэл өгөөч?

Хуулийн төсөл өргөн барихад ерөнхийдөө бэлэн болсон гэж хэлж болно. Одоо намын бүлгүүдэд  танилцуулга хийгээд саналыг нь авна. Үүний дараа Ажлын хэсэг дахин нэг хуралдаад УИХ-д өргөн барихаар  төлөвлөж байна.

-Хуулийн  төсөл ерөнхийдөө бэлэн болсон гэхээр  сонгуулийг ямар системээр явуулах нь  тодорхой болсон гэсэн үг үү?

-Хуулийн төслийн эхний хувилбар дээр 28:48 буюу 48 нь нэг  мандаттай тойргоос сонгогддог, 28 нь намын  нэрсийн жагсаалтаар  сонгогдох  хувилбар явж байгаа. Гэхдээ намын бүлгүүдээс санал аваад Ажлын хэсэг дээр дахиж ярина. Тэгэхээр сонгуулийг ямар тогтолцоогоор явуулах нь эцэслэгдээгүй гэсэн  үг. Харин орон нутгийн сонгуулийн хуулийг өмнө нь   3/1 жагсаалтаар, 3/2 нь тойргоос сонгогддог байсан бол одоо бүгд  мажоратор буюу  тойргоос нэр дэвшин өрсөлдөнө. Ингэхдээ улстөрийн нам нэр дэвшүүлж болно, бие даан нэр дэвшиж болно гэсэн зохицуулалт орсон. Орон нутгийн сонгууль, УИХ-ын сонгууль  хоёр хамт буюу сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн 7 хоногийн ажлын нэг өдөр байна гэсэн заалт явж байгаа. УИХ-аас тухай бүр нь сонгуулийг  зарлана. Өмнө нь сонгууль  зарласан өдрөөс хойш гэж байсныг хууль явуулах өдрөөс хойш гэж өөрчилж байгаа.

Сонгуулийн үеийн  санхүүжилтыг хэрхэн зохицуулж байгаа вэ. Санхүүжилтэд ямар хориг хязгаар тогтоох вэ?

-Сонгуулийн санхүүжилтын асуудлыг нэлээд нарийвчилж, аль болох бага зардал гарахаар зохицуулалт хийсэн. Тухайлбал сонгуульд зарцуулах мөнгөний дээд хэмжээг  зааж өгнө. Дээд хэмжээг Үндэсний аудитын газар тогтооно, бид үүнд нь хяналт тавина. Хууль зөрчсөн тохиолдолд улстөрийн нам, нэр дэвшигчид хүлээлгэх хариуцлагыг мөн тодорхой заасан байгаа. Сонгуулийн үеийн сурталчилгааны зардлын дээд хэмжээг мөн хязгаарлахаас гадна нэг нэр дэвшигчээс гарах зардлыг бодитоор багасгасан. Жишээ нь сонгуулийн сурталчилгааны самбарыг нийтийн эзэмшлийн газруудад үнэ  төлбөргүй тавина, гэрлийн шон, замын хажуугийн  самбар дээр байршуулахдаа үнэ  төлбөргүй, дээрээс нь нөгөө нэр дэвшигчийн сурталчилгааг адил тоогоор байршуулна. Мөн сонгуулийн үеэр МҮОНРТ-ээр  үнэ төлбөргүй сурталчилгаа явуулах, бусад  хэвлэл мэдээллийн хэрэгслийн сурталчилгааны үнэ нь сүүлийн зургаан сарын дундаж үнээс хэтрэхгүй байхаар зохицуулсан. Мөн тарааж өгөх материалын зардлыг багасгахад анхаарч  бусдад адил тэгш өрсөлдөх боломжоор хангах үүднээс тодорхой хязгаарлалт бий.

-Сонгуулийн  зардлын дээд хэмжээг  юунд үндэслэж тогтооно гэсэн  үг вэ?

-Дээд хэмжээг хэд байхыг Үндэсний аудитын  байгууллага тогтооно. Дээд хэмжээг тогтоохдоо тухайн тойргийн газар нутгийн хэмжээ, сонгогчдын тоог үндэслэнэ.

-Сонгууль болгоны дараа маргаан гардаг. Маргааныг зохицуулах эрхзүйн орчин  тодорхойгүйгээс олон сар жилээр маргаан сунжрах тохиолдол гарч байсан. Үүнд зохицуулалт хийсэн үү?

-Маргааныг зохицуулсан хэд хэдэн шинэ, шинэлэг зохицуулалт орсон. Өмнө нь сонгуулийн маргаан гурван жил  үргэлжилдэг, тангараг өргөсөн  бол дараа нь  хууль зөрчсөн асуудал  гарсан ч шийдэгддэггүй  байсан. Тэгвэл одоогийн  өргөн баригдах хуулиар сонгуулийн маргаан 60 хоногийн дотор шийдэгдэхээр заасан. Ингэхдээ аль байгууллага, хэрхэн яаж шийдэхийг ч мөн тодорхой тусгасан. Үндсэн хуулийн цэц, Дээд шүүх, Захиргааны хэргийн шүүх, цагдаа  зэрэг байгууллага ямар маргааныг  шийдвэрлэх талаар нарийвчлалтай байгаа.

-Санал тоолох арга дээр өөрчлөлт орсон уу?

-Саналыг автомат машинаар тоолно. Хяналтын тооллого дээр хоёр хувилбар яригдаж байна. МАН-ын зүгээс нэр дэвшигч  хүсэлт гаргасан тохиолдолд гараар тоолох, ажлын хэсэг дээр бол хяналтын тооллогыг сугалаагаар тоолно, хэрэв зөрүүтэй гарвал бүх саналын  гараар тоолох хувилбар яригдсан. Ялж ялагдсан нэр дэвшигчдийн тооны зөрүү   саналаа өгсөн сонгогчдын 1 хувиас бага байвал заавал гараар тоолно гэж яригдаж байна. Үүнийг ажлын хэсэг дээр эцэслэнэ.

МАН-ын зүгээс сонгуулийн  тогтолцоог  ард нийтийн санал асуулгаар шийдэх санал гаргаж  тогтоолын төсөл өргөн бариад байгаа. Энэ саналыг харгалзаж үзэх үү?

-Үүнийг хүлээвэл цаг алдах гээд байгаа учраас  эхлээд хуулийн  төслөө өргөн барихаар болсон. Ерөнхийлөгч, орон нутгийн  сонгуулийн хүрээн дэх  зүйл заалтууд нь хэлэлцэгдээд явж байтал санал асуулга явуулах эсэх  шийдвэр гарах байх. Аль нэгийг нь хүлээлгүйгээр өргөн бариад явах нь зүйтэй гэж Ажлын хэсэг дээр яриад шийдсэн.

С.ОТГОНСҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж