"Хоригдож байгаа хүн юун дээр гарын үсэг зурж байгаагаа мэддэггүй" | News.MN

"Хоригдож байгаа хүн юун дээр гарын үсэг зурж байгаагаа мэддэггүй"

"Хоригдож байгаа хүн юун дээр гарын үсэг зурж байгаагаа мэддэггүй"

"Хоригдож байгаа хүн юун дээр гарын үсэг зурж байгаагаа мэддэггүй"

Хүний эрхийн үндэсний комиссоос цагдан хорих анги дахь хүний эрхийн талаар судалгаа явуулжээ. Энэ талаар тус комиссын Хүний эрхийн боловсрол судалгааны хэлтсийн дарга Г.Агар-Эрдэнээс тодрууллаа. Судалгаанд 11 аймаг дахь цагдан хорих ангид хоригдож байгаа 700 орчим хүнийг хамруулжээ.


-Ял эдэлж байгаа хүмүүсийн эрх хэрхэн зөрчигдөж байгаа дээр танайхаас судалгаа явуулсан юм байна. Судалгаагаар ял эдэлж байгаа хүмүүсийн дунд зонхилон ямар зөрчил илэрч байна вэ?

-Хүний эрхийн үндэсний комисс бүрэн эрхийнхээ хүрээнд цагдан хорих ангиудад хоригдож байгаа хүмүүсийн эрхэд хяналт шалгалт зохион байгуулдаг. Шалгалтын хүрээнд  цагдан хорих ангид хоригдож байгаа хүмүүсийн хууль зүйн туслалцаа авах эрх ямар байгааг ярья. Бидний хийсэн судалгаагаар анх удаа баривчлагдаж байгаа сэжигтэн, эсвэл цагдан хоригдсон яллагдагчдад хууль зүйн туслалцаа авах эрх хамгийн түрүүнд яригдаж байна. Олон улсын гэрээнд заасны дагуу сануулж, үр дүнтэй байдлаар хэлдэг байх хэрэгтэй байна. Жишээ нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд баривчилсан хүнд мөрдөгч хууль зүйн туслалцаа авах эрхийг нь сануулна гэж заасан байдаг. Үүний дагуу тэмдэглэл хөтөлж, гарын үсэг зуруулдаг. Гэвч  цагдан хоригдсон хүмүүсээс авсан ярилцлагаас үзэхэд тухайн хүнд хууль зүйн туслалцаа авах эрхийг нь сануулахдаа нэр төдий сануулдаг, мөн мэдлэг, ойлголт дутуугаас яг юун дээр гарын үсэг зурж байгаагаа мэдэлгүйгээр гарын үсэг зурж, баталгаажуулж байна. Тиймээс тухайн хүний хууль зүйн туслалцаа авах эрхийг нь үр дүнтэйгээр хангах эхний үйл явц нь тухайн эрхийг сануулахдаа НҮБ-ын хорооноос зөвлөсөн зөвлөмжид нийцүүлэх шаардлагатай байна. Хууль зүйн туслалцаа авах эрхийг сануулах гэдэг нь тухайн гэмт хэрэгт холбогдсон хүн өөрийн эрхийг хамгаалах чиглэлээр өмгөөлөх үйл ажиллагаанд бэлдэх боломжийг олгох. Гэтэл үүнийг мэдэхгүйн улмаас хэрэг прокурор, шүүхийн шатанд шилжихийн өмнө өмгөөлөгчтэй болж байгаа нь шалгалтаар ажиглагдсан.

-Судалгаагаар өмгөөллийн чанарын асуудал хэр байна вэ?

-Цагдан хоригдсон хүмүүс өмгөөллийн чанар бусад хүмүүсийнхээс өөр байна. Тухайн хүн цагдан хоригдсон тул эрх чөлөө нь хасагдсан, гадаад орчинтой харилцах боломжгүй байдаг гэдэг утгаараа өөрийн сонгосон өмгөөлөгчтэй хүссэн үедээ уулзаж чаддаггүй. Ингэснээрээ хууль зүйн туслалцаа авах эрхийг бодитойгоор бүрэн утгаар нь авч чадахгүй байна. Өмгөөлөгч нь цагдан хорих анги дээр сард 1-2 удаа очдог, хуумгай ханддаг тохиолдол байна. Гэтэл өмгөөлөгчийн туслалцаа авч байгаа хүн байцаалт өгөхдөө өмгөөлөгчийг байлцуулах, ганцаарчилсан нөхцөлд уулзах зэрэг бүх шаардлагуудыг хуулиар заасан байдаг. Энэ бүхнийг хангаж ажиллах шаардлагатай байна. Цагдан хоригдсон хүн боломжийн үнэ төлөөд өмгөөлөгчөө сонгосон байтал өмгөөлөгч хангалттай үйлчилж чадаагүйгээс давж заалдаж чадахгүй байна.

-Үйлчлүүлэгч өмгөөлөгчөө хэрхэн сонгож байна вэ. Улсын өмгөөлөгч үйлчлүүлэгчээсээ мөнгө нэхэх тохиолдол гардаг гэдэг?

-Хорих ангид хоригдож байгаа хүн өмгөөлөгч сонгоход нэр зааж тулгадаг байж болзошгүй байна. Өмгөөлөгчийг чөлөөт байдлаар сонгохыг хуульчилсан байдаг ч санал асуулгаар үүнээс өөр дүр зураг харагдаж байна. Өмгөөлөгчийг нэр зааж тулгасан байдлыг бид тодруулсан юм. Гэтэл “шүүгч, прокурор, мөрдөгч надад нэр зааж өмгөөлөгч зөвлөсөн” гэсэн хариултыг бидэнд өгсөн.  Энд нэг тохиолдлыг дурдъя. Хоригдож байгаа нэгэн хүн бидэнтэй хийсэн ярилцлагадаа “Миний хэрэг дээр ажиллаж байгаа өмгөөлөгчийг хэрэг дээр ажиллаж байгаа мөрдөгч санал болгосон. Би төлбөрийн чадваргүй тул улсын өмгөөлөгч авсан. Гэвч улсын өмгөөлөгч мөнгө өгөх юм бол найдвартай өмгөөлнө, үгүй бол шүүх хуралд орохоос өмнө амжвал хэргийн материалтай танилцана гэсэн” гэж хариулсан. Төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх хууль 2013 оноос хэрэгжиж байгаа. Тиймээс үйлчлүүлэгчийн саналыг үндэслэн улсын өмгөөлөгчийг сонгох шаардлагатай гэж Хүний эрхийн үндэсний комисс үзэж байна.

-Ял эдэлж байгаа хүний өмгөөлөгч хэрэг дээр хангалттай ажиллаж чадаж байна уу?

-Өмгөөлөгчийн туслалцаа авч эхэлсэн хугацааны асуудал хөндөгдөж байгаа. Хуульд хоригдсон цагаас хойш 48 цагийн дараа хуульчид хандах эрхийг нэн даруй хангах ёстой. Бид 700 орчим хүнээс энэ асуудлаар мэдээлэл авахад сэжигтнээр тооцогдсон цагаас эхлэн өмгөөлөгч авсан гэж 237 нь  хариулсан. Ял сонсгох үед, хэргийг прокурорт шилжүүлэх үед өмгөөлөгч авсан тохиолдол нэлээд байна. Тиймээс сэжигтнээр тооцогдсон үеэс эхлэн өмгөөлөгчтэй байх асуудлыг дэлгэрэнгүй тайлбарлах шаардлагатай байна. Цагдан хоригдож байгаа хүн өмгөөлөгчтэйгөө тэр бүр уулзаж чадахгүй байна. Өмгөөлөгч хоригдож байгаа  хүн дээр ирээд уулзлаа гэхэд хангалттай цаг зарцуулж, харилцан яриа өрнүүлж чадахгүй байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

tsag hugatsaa heniig ch huleehguiee 2019-03-12 106.130.124.170

arai l bna shuu…heden ond amidraad bnaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж