Шууданчид захиргааны хэргийн шүүхэд ханджээ

Хуучирсан мэдээ: 2015.04.20-нд нийтлэгдсэн

Шууданчид захиргааны хэргийн шүүхэд ханджээ

Төрийн өмчийн хорооны ээлжит томилгоог эсэргүүцэж, шууданчид 11 дэх өдрөө суулт зарлаж байна.

Тэд “Тус компанийн захирал Ц.Батсайханыг хууль бусаар халах шийдвэрийг гаргаж, оронд нь мэргэжлийн бус хүнийг даргын суудалд томилохоор зэхэж байна” гэж үзэж буй тухайгаа мэдэгдэж байгаа юм. Шууданчид Төрийн өмчийн хорооны энэ шийдвэрийг удаа дараа эсэргүүцсэн ч одоог болтол тодорхой шийдвэрт хүрч чадаагүй байгаа. Тиймээс үүсээд байгаа энэ асуудлаа шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн хоёрдугаар шүүхэд ханджээ.

Мөн тэд өнөөдөр өглөөний 07.00-9.00 цагийн хооронд Чингисийн талбайд эсэргүүцлээ илэрхийлж, тайван жагсаал хийлээ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ЗГХЭГ, компанийн ТУЗ-д хууль бус томилгоогоо зогсоож, шууданчдад ээлтэйгээр асуудлыг шийдвэрлэж өгөхийг шаардсан бичгийг хүргүүлсэн байна.

Энэ талаар "Монгол шуудан" ТӨХК-ийн маркын газрын дарга Д.Ганболдоос тодруулахад “Төрийн өмчийн хорооноос энэ асуудал дээр тайлбар авахаар хандсан боловч удаа дараа татгалзсан байдалтай байгаа. Мөн шууданчид Төрийн өмчийн хороонд энэ шийдвэрээ эргэн харах шаардлагыг хүргүүлсэн. Төрийн өмчийн хороо, ЗГХЭГ энэхүү шийдвэрээ эргэн харахгүй, тодорхой шийдэлд хүрэхгүй бол “Монгол шуудан”-гийн ажилчид төрийн өмчийн хорооны байрны урд өлсгөлөн зарлаж, суулт хийнэ” хэмээн хэллээ.

Д.УЛАМБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж