– Гадаад валютын нөөц 700-800 сая ам.доллараар нэмэгдэх хүлээлт бий –
УИХ хоёрдугаар сарын 18-нд 41 дүгээр тогтоол баталсан юм. Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр батлах тухай хэмээн эл тогтоолын агуулгыг ерөнхийлж болно. Экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ болон эрэлт буурч, гадаадын хөрөнгө оруулалт хумигдсанаар эдийн засаг бараг мөлхөж байгаа энэ үед хүндрэлийг хэрхэн даван туулахаа энэ тогтоолоор томъёолсон юм. Нийт 12 зорилт бүхий 67 арга хэмжээг авахаар Засгийн газар зэхэж буй. Зөвхөн энэ онд хийх нь 41. Цаашилбал, үүний 70 хувийг нь эхний хагас жилд багтаан хэрэгжүүлж, эдийн засгийн “цусны эргэлтийг” сайжруулахаар Ч.Сайханбилэгийн танхим зүтгэж байна. 41 дүгээр тогтоол батлагдсанаас хойш хоёр сарын хугацаа өнгөрлөө. Нарийвчилсан хөтөлбөрт нэр дурдагдсан хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлээд байгаа.
Өрийн удирдлагын тухай хуулийн хүрээнд хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг баталсан, “Оюутолгой” компани шинэчилсэн ТЭЗҮ-ийг Уул уурхайн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүлээлгэж өгсөн, гадаад зах зээлд борлуулсан төмрийн хүдэр, баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахдаа бодит үнэлгээгээр тооцдог болсон гэхчлэн шийдвэрлэх учиртай зарим ажил шуударсан. Харин эдийн засгийн хүндрэлийг даван туулах өөр нэгэн алхмыг “шийдлийн” тодотголтой Засгийн газар өнгөрсөн сарын 11-нд 94 дүгээр тогтоолоороо томъёолсон юм. “… Эдийн засгийн өсөлтийг хангаж, улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор олборлоход бэлэн болсон алтны ордын хөрөнгө оруулалтад шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг судалж, шийдвэрлэх …” хэмээн эл тогтоолд шигтгэжээ.
Алт олборлоход бэлэн боловч мөнгөгүй, санхүүгийн хүндрэлээс болоод олборлолтын хэмжээгээ нэмэгдүүлж чадахгүй байгаа компаниудад төр гар сунгах гэнэ. Хөрөнгө оруулалт, эргэлтийн хөрөнгө зээлснийхээ хариуд төр олборлосон алтыг нь худалдан авах нөхцөл тэдэнд тавьж буй. Алтны нөөцөө нэмэгдүүлнэ гэдэг нь тэр хэмжээгээр гадаад валютын нөөцөө өсгөж байгаа хэрэг. Хэрэв гадаад валют хомсодвол алтаа тухайн үеийнх нь зах зээлийн ханшаар худалдаж, валютын нөөцөө бүрдүүлэх боломж байдаг. Хэчнээн хадгалж, дарлаа ч үнэ цэнээ алддаггүй байгалийн баялаг учраас Монголын эрдэнэсийн сангийн нөөц алт ихтэй байна гэдэг нь төгрөгийн ханш унахгүйн тод баталгаа билээ. Түүхэндээ 2005 онд 25 тонн алт олборлож, чинээндээ хүрч байсан Монголын компаниуд өнгөрсөн жил 12.7 тонн алт Төвбанкинд тушаасан тухай цахим хуудсанд нь тэмдэглэжээ. Хоёр, гурван жилийн өмнө энэ үзүүлэлт дөнгөж 4.5 тоннд хүрч байлаа.
Харин энэ жил нийт 18-20 тонныг олборлож, тушаахаар зэхэж байгаа аж. Ийм хэмжээний төлөвлөгөөнд хүрэхийн тулд 50 орчим компани нийт 360 тэрбум төгрөгийн санхүүжилт авахыг хүсэж буйг Алт үйлдвэрлэгчдийн холбооныхон Уул уурхайн яаманд уламжилжээ. Ийм хэмжээний мөнгө зээлээд, эдийн засагт эргэж нэмэгдэх хүлээлт нь хэд байгаа бол? Гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлж, төлбөрийн тэнцлийн алдагдлыг нөхөх боломж нэлээд өссөн тул Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал аз жаргалаар бялхаж байгаа. “…Гадаад валютын улсын нөөц алт худалдан авалтаар энэ онд 700-800 сая ам.доллараар нэмэгдэх хүлээлттэй…” хэмээн тэрбээр “Монголын эдийн засгийн форум-2015”-ын индрээс хэлсэн. Гэхдээ энэ чухал эшлэлийг олон нийт нэг их тоогоогүй. Өнгөрсөн хоёрдугаар сарын байдлаар гадаад валютын улсын нөөц 1.3 тэрбум ам.доллартай дүйж байгаа нь өмнөх жилийн өдийгөөс 37.94 хувиар буурсан үзүүлэлт. Эдийн засгийн үзүүлэлттэй харьцуулж тайлбарлавал, Монгол Улсын импортын 5.5 сарын хэрэглээг хангах түвшинд байгаа юм.
Алт үйлдвэрлэгчид амласан шигээ 18-20 тонныг олборлож чадвал Монголбанк нөөц үүцээ 700-800 сая ам.доллараар нэмэх боломж бий аж. Ингэж чадвал дор хаяж бид долларын ханшийг хазаарлаж чадна. Гэхдээ амлалтдаа хүрэхийн тулд алт олборлогчдод 360 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй. Дүйцүүлбэл, 180 сая ам.долларын зээл өгөөд 760 сая ам.долларын ашиг Монголбанк олно. Хэрвээ санхүүжилтгүй бол төлөвлөсөн хэмжээний алт үйлдвэрлэх боломж хомс аж. Монголын алтны компаниуд ихэнхдээ хувь хүмүүсээс зээл авч “амь зуудаг”. Сарын 4-5 хувийн, жилээр тооцвол бараг 60 хувийн хүүтэй зээлд тэд хүлэгддэг. Харин Засгийн газраас тогтоолоор баталсан энэ шийдвэрээр жилийн 21 орчим хувийн хүүтэй зээл алт олборлогчдод өгөх аж. Монголын алтны 50 компанийг “зангиддаг” Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны удирдах зөвлөлийнхөн “Энэ жил цаг агаар сайхан байна. Улс орны эдийн засгийн нөхцөл үнэхээр хүнд байгаа юм бол зээлээ хурдан өгчихвөл үйл ажиллагаагаа даруй эхлүүлмээр байна” гэв.
Алт олборлолтыг нэмэгдүүлэх тухай 94 дүгээр тогтоол батлагдсанаас нэг сар гаруйн хугацаа хэдийнэ өнгөрсөн ч өнөөдөр санхүүжилтийг нь өгөөгүй, яаж олгох нь ч тодорхойгүй байна. Сураг дуулбал, санхүүжилтийн оновчтой схем боловсруулж байгаа бололтой. Мартсанаас, өнгөрсөн жил ч гэсэн эргэлтийн хөрөнгийн санхүүжилтэд 200 тэрбум төгрөгийн зээл амласан ч Монголбанк өгөөгүй. Одоо бол Засгийн газрын тогтоолоор хөнгөлөлттэй зээл, санхүүжилт өгөхөөр шийдвэрлэсэн хойно хэлсэн амандаа хүрэх биз ээ. “Монголын эдийн засгийг үндэсний аж үйлдвэрлэгчид нь л босгоно. Нүүрс, зэс, төмрийн хүдрийн үнэ уначихлаа. Өнөөдөр шууд мөнгө болж хувирах нь алт л байна шүү дээ. Төр мэдрэмжтэй байж, үүнийгээ л олж хараасай” хэмээн Алт үйлдвэрлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Л.Цэрэндаваа ярив.
Нөгөө талаас, байгаль орчны асуудал энд сөхөгдөх учиртай. 1992, 2000-аад онд хэрэгжүүлсэн “Алт” хөтөлбөрийн ул мөр одоо ч гэсэн балраагүй байгаа. Жилд зургаан тонныг олборлодог байсан Монголын алтны салбар 2005 онд 24 тонн хүртэл өгсөж, эдийн засгийн уналтыг зогсоох, тогтворжуулах, зарим талаараа өсөлтийн суурийг бий болгож чадсан хөтөлбөр хэдий ч 1992-2000 оны хооронд уул уурхайн салбараас хамааран 5.36 мянган га газар эвдэрч, сүйтгэгдэж байжээ. Тухайн үед компаниудын техникийн нөхцөл байдал муу, нөхөн сэргээлтийн талаарх ойлголт үгүй, төр засаг нь ч хяналт тавих механизм бараг байхгүй байсантай ч энэ нь холбоотой байх. Үүнээс болоод алтны салбарынхныг муу нэр ямагт дагадаг. Тэр үетэй харьцуулахад уул уурхайн компаниудын техник, технологи тэнгэр газар шиг ялгаатай байгаа гэж мэргэжлийн холбоо нь тодотгож байгаа ч ийм түүхийг дахин давтахгүйн тулд төр нь ч, хувийн хэвшил нь ч анхаарах хэрэгтэй биз ээ.
Б.ЦЭЦЭГСҮРЭН
Эх сурвалж: "Өнөөдөр" сонин