Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн ирэх амралтын өдрүүдэд /2019.03.16-17/ ОХУ-ын Якутад болно. 46 дахь удаагийн тэмцээнд найман баг оролцох бөгөөд Монгол улсын баг өчигдөр Якутад очжээ. Манай тамирчдыг онгоцны буудалд буусны дараа талх, давс, айрагтай ёслол төгөлдөр угтан авчээ. Мөн орон нутгийн хэвлэл мэдээлэл, телевизээс ярилцлага авсан байна. Багийн ахлагч, Гавьяат тамирчин Г.Мандахнаран болон шигшээ багийн дасгалжуулагч нар телевизэд ярилцлага өгчээ.
2019 оны Дэлхийн цомын “А” хэсэгт ОХУ, Япон, Куба, Турк, “В” хэсэгт АНУ, Гүрж, Иран, Монголын шигшээ баг багтсан. Манай эрчүүд сүүлийн дөрвөн жил дараалан зургадугаар байрт шалгарсан юм.
Монгол улсын шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцуулья:
- 57 кг: Д.Түвшинтулга /2018 оны ДАШТ-ий хүрэл медальт/
- 61 кг: Гавьяат тамирчин Э.Бэхбаяр /2015, 2017 оны ДАШТ-ий хүрэл медальт/ болон Г.Отгонбаатар
- 65 кг: Б.Батмагнай
- 70 кг: Гавьяат тамирчин Г.Мандахнаран /ДАШТ-ий хошой хүрэл, "Рио 2016" олимпийн шагналт V байр/ болон Э.Бямбадорж
- 74 кг: Б.Бямбадорж, Б.Бат-Эрдэнэ
- 79 кг: Гавьяат тамирчин П.Өнөрбат /2015 оны ДАШТ-ий мөнгөн медальт/
- 86 кг: О.Үйтүмэн, Э.Батмагнай
- 92 кг: Б.Өлзийсайхан
- 97 кг: Ө.Батзул, Л.Төртогтох
- 125 кг: Д.Хүдэрбулга, М.Лхагвагэрэл нар багийн бүрэлдэхүүнд багтжээ.
Монголын баг энэ удаа “Дэлхийн цом”-ын 14 удаагийн аварга АНУ, найман түрүүтэй Иран болон 2016 оны хүрэл медальт Гүржийн багтай “В” хэсэгт багтсан бөгөөд 1981 оноос хойш тасарсан медалыг эх орондоо авчрах боломж тэдэнд бий.
Эрэгтэй шигшээ багийн тамирчид маань Дэлхийн цомд 11 дэх удаагаа оролцох гэж байгаа бөгөөд 1975, 1987 онд мөнгө, 1981 онд хүрэл медаль хүртсэн түүхтэй. Харин 1986, 2002 онд дөрөв, 2014 онд тав, 2015, 2016, 2017, 2018 онд зургадугаар байрт ороод байна.
Холбоотой мэдээ