“English school of Mongolia” (ESM) буюу хуучнаар “Эрэл” сургуулийн сурагчид Францын алдарт зохиолч В.Гюгогийн романаас сэдэвлэсэн “Шоовдор хүмүүс” хөгжимт жүжгийг Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа амилуулах гэж байна.
“Шоовдор хүмүүс” жөгжимт жүжигт тус сургуулийн 10-18 насны 40 гаруй сурагчид оролцож байгаа ба багш Алис Колмэн, Тим Бол нар найруулсан байна. Энэхүү хөгжимт жүжиг нь дэлхийн хамгийн удаан үргэлжлэх жүжиг төдийгүй 42 оронд 60 сая гаруй хүний хүртээл болсон бүтээл юм.
Алис Колмэн хэлэхдээ “Шоовдор хүмүүс хэмээх дэлхийн хэмжээний хөгжимт жүжигт ESM сургуулийн сурагчдыг оролцуулж байгаа нь Монголын өсвөр үе, залуучуудын театрын хөгжлийг дэмжих гайхалтай боломж юм” гэв.
ESM сургууль нь 2012 оноос хойш театрын урлагийн хөтөлбөрийг дэмжиж ирсэн ба өнгөрсөн жил тус сургуулийн сурагчид Лондон хотод “Joseph and the Amazing Dreamcoat” жүжигт тоглохоор уригдан очсон байна.
“Шоовдор хүмүүс” хөгжимт жүжиг дөрөвдүгээр сарын 21, 22-нд 19-22 цагийн хооронд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглогдоно.
Б.БИЛГЭЭ