Хойд Америкийн NBA-ийн улирлын тоглолтууд өндөрлөх шатандаа ороод байна. Багууд дунджаар 67 тоглолт хийгээд байгаа бөгөөд эхнээсээ плэй-оффын эрх болон плэй-оффт шалгарах боломжгүй багуудын нэрс тодорч байгаа. Милоуки Бакс баг энэ улиралд хамгийн түрүүнд плэй-оффын эрхээ аваад байгаа бол Финикс Санс, Нью-Йорк Никс багууд плэй-оффт шалгарах боломжгүй болсон.
Тэгвэл өчигдөр Флорида мужид тоглосон Торонто Рэпторс баг плэй-оффын эрхээ авлаа. Канадын төлөөлөл Торонто Рэпторс баг Миами Хит багийн талбайд зочлон 125-104 харьцаатай хожсон бөгөөд К.Лаури 24 оноо авч багаа тэргүүлсэн. К.Леонардын эзгүйд К.Лаури 24 оноо, 10 удаа дамжуулалт, самбараас долоон удаа бөмбөг авсан бол бол түүнтэй хамт гараанд гарсан бүх тоглогчид 10-аас дээш оноо авчээ. Сэлгээнээс М.Газол зургаа, Ж.Лин, О.Ануноби нар тус бүр 11, Н.Поул 15 оноогоор багтаа тус хүргэсэн байна. Миамигийн талбайд улирлын 48 дахь хожлоо байгуулсан Торонто Рэпторс баг плэй-оффт шалгарсан хоёр дахь болж байна. Харин эсрэгээрээ Кливлэнд Кавальерс баг Л.Жеймсгүй эхний улиралдаа мөн л плэй-оффын гадна үлдэв. Өмнө нь 2010 оны зун Л.Жеймс Миами Хит багтай нэгдсэн 2010-2011 оны улиралд Кливлэнд Кавальерс баг плэй-оффт шалгарч чадаагүй. Л.Жеймсийг Миами Хит багт байх хугацаанд буюу дөрвөн улирал плэй-оффт шалгарч чадаагүй байдаг.
Б.БЯМБАБАЯР