“Универсиад”-ын аваргаар ШУТИС, МУИС-ийн багууд шалгарав

Хуучирсан мэдээ: 2015.04.20-нд нийтлэгдсэн

“Универсиад”-ын аваргаар ШУТИС, МУИС-ийн багууд шалгарав

-Эрэгтэйчүүдийн ангилалд М.Амаржаргал дасгалжуулагчтай, Б.Наранболд ахлагчтай ШУТИС, эмэгтэйчүүдээс Ц.Цэвэрбал дасгалжуулагчтай Н.Болор-Эрдэнэ ахлагчтай МУИС-ийн баг түрүүллээ-

Монголын оюутны холбооны 2015 оны “Универсиад” их наадмын сагсан бөмбөг, аэробик, заалны хөлбөмбөгийн тэмцээнүүд өнгөрөгч долоо хоногт (IV.13-19) болж өнгөрлөө.

“Универсиад”-ын сагсан бөмбөгийн тэмцээн дөрөвдүгээр сарын 13-18-нд Спортын төв ордон, МУИС, ШУТИС, АШУҮИС-ийн зааланд болж, аваргууд тодорлоо. Тэмцээнд 16 их, дээд сургуулийн эрэгтэй 20, эмэгтэй 14, нийт 34 багийн 408 тамирчин оролцсоноос эрэгтэйчүүдийн ангилалд М.Амаржаргал дасгалжуулагчтай, Б.Наранболд ахлагчтай ШУТИС, эмэгтэйчүүдээс Ц.Цэвэрбал дасгалжуулагчтай Н.Болор-Эрдэнэ ахлагчтай МУИС-ийн багууд түрүүллээ. Тэмцээний хаалтын үйл ажиллагаанд МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан, МОСХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Л.Энхтуяа, Л.Эрдэнэпүрэв нар оролцож, тэмцээний шагналыг гардуулан өгч баг тамирчидад амжилт хүслээ.

Байгууллагын нэгдсэн дүнгээр МУИС тэргүүн байр эзлэн, ШУТИС, МУБИС удаалав. Энэ удаагийн эрэгтэйчүүдийн ангилалаас шалгарсан шилдэг оюутан тамирчдаас ирэх долдугаар сард БНСУ-ын Гванжу хотноо болох дэлхийн оюутны Универсиад 28 дугаар наадмын тэмцээнд сонгон шалгаруулах юм. Монголын баг тус наадамд ОХУ, Монтенегро, Швед, Канад, Мексик зэрэг орнуудтай нэг хэсэгт тоглохоор сугалаа таарсан билээ.

Тэмцээний эрэгтэйчүүдийн финалын тоглолт өрсөлдөөнтэй болж, нэг онооны зөрүүгээр ялагч тодорсон байна. ШУТИС, МУИС-ийн багууд аваргын төлөө тоглохоор шалгараад байсан бөгөөд Спортын төв ордонд болсон энэхүү тоглолт 76:75 онооны харьцаагаар ШУТИС-ийн оюутнуудын хожлоор өндөрлөсөн юм. Мөн эмэгтэйчүүдийн ангилалд түрүүлсэн МУИС-ийн баг Универсиад наадамд найм дахь удаагаа түрүүлж, нэгэн хосгүй амжилтыг үзүүллээ.

Тэмцээний дүн:

Эрэгтэй: (20 багийн 240 тамирчин)

1.М.Амаржаргал дасгалжуулагчтай, Б.Наранболд ахлагчтай ШУТИС-ийн баг.

2.Л.Эрдэнэпүрэв дасгалжуулагчтай, О.Энхбаатар ахлагчтай МУИС-ийн баг.

3.Н.Ганболор дасгалжуулагчтай “Сити” дээд сургуулийн баг.

Эмэгтэй: (14 багийн 168 тамирчин)

1.Ц.Цэвэрбал дасгалжуулагчтай, Н.Болор-эрдэнэ ахлагчтай МУИС-ийн баг.

2.Б.Ганзориг дасгалжуулагчтай, Б.Ариунчимэг ахлагчтай ШУТИС-ийн баг.

3.Н.Баярцогт дасгалжуулагчтай “Этүгэн” дээд сургуулийн баг тус тус шалгарлаа.

Тэмцээний фото агшинг ЭНД дарж үзнэ үү.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж