С.Зоригийг үгүйлсэн хавар

Хуучирсан мэдээ: 2015.04.20-нд нийтлэгдсэн

С.Зоригийг үгүйлсэн хавар

Ардчиллын анхдагчдын нэг С.Зориг агсан сэрүүн тунгалаг байсан бол өнөөдөр 53 нас хүрэх байлаа-

Ардчиллын алтан хараацай, төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны төрсөн өдөр өнөөдөр тохиож буй. Жил бүрийн уламжлалт С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөх хүндэтгэлийн ёслол өнөөдөр болж, ах дүү хамаатан садангуудаас нь гадна ИЗНН, АН-ын удирдлагууд, мөн МоАХ-ны гишүүд дэмжигчид оролцож, хүндэтгэл үзүүллээ.

Энэхүү ёслолд ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг, С.Дэмбэрэл, С.Оюун, тус намын  ЕНБД Б.Хүдэр-Ян, УИХ-ын гишүүн М.Зоригт, АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нар болон бусад намын гишүүд дэмжигчид оролцсон юм.  Талийгаачийн хөшөөнд цэцэг өргөж, С.Зориг агсанд хүндэтгэл үзүүлэхээр ирсэн иргэд "С.Зориг амьд сэрүүн байсан бол Монголын төрд маш их зүйлийг хийж бүтээх байсан. Хэргийн буруутан илэрч, зохих шийтгэлээ хүртэхийг олон жил итгэж найдан хүлээж байдаг" хэмээн ярьж байсан юм.

"Миний ах амьд сэрүүн байсан бол өнөөдөр 53 нас хүрч байх байлаа. Ардчиллын 25 жилийн хугацаанд үлдсэн хамгийн том хар толбо нь энэ хэрэг байдаг. Одоо хүртэл илрээгүй  байгаа нь харамсалтай. Цаг ямагт энэхүү хэргийн буруутанг илрээсэй гэж залбирч явдаг. Монгол хүн бүрийн сэтгэлд ахын маань хэлсэн “Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэдэг үг бий. Хүн бүр саруул ухаантай улсынхаа төлөө хамтран ажиллаад нэг нэгнийгээ ойлгоод урагшлах нь чухал. Маш хэцүү, хоёр талд мөргөлдөхөөс буцахааргүй болчихсон тэр үед ч гэсэн саруул ухаантай юм чинь ямар нэгэн байдлаар ойлголцож, цус урсгахгүйгээр зөвшилцлийн аргаар явах ёстой гэдэг зарчмыг маш хатуу баримталж байсан" гэж С.Зориг агсны дүү С.Оюун онцолсон юм.

Мөн Иргэний зориг Ногоон намын ЕНБД Б.Хүдэр-Ян "Энэ өдрийг бид зүгээр цэцэг өнгөрөх биш, С.Зориг агсны эрхэмлэж байсан, эрх ашгийн эрэмбэ дараа гэдгийг олон нийт, улс төрийн намуудад уриалга болгож гаргах хүсэлтэй байгаа" гэдгийг илэрхийлж байлаа. 

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж