МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар нар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар Өргөдлийн байнгын хороо өнгөрөгч долоо хоногт гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилтай танилцсан. Энэ үеэр хууль зөрчсөн, хүний эрхэд халдсан асуудалд анхаарал хандуулсан талаар ярилаа.
Тэрбээр “Гэр хорооллын дахин төлөвлөлт хийж байгаа 24 байршлаас 16 байршил дээр биечлэн очиж, нөхцөл байдалтай танилцахад олон хууль зөрчсөн асуудал хөндөгдсөн. Иргэдийн газрыг нэг метр квадратыг нь 70-80 мянган төгрөгөөр үнэлж байгаа нь үл ойлголцлын нэг шалтгаан болж байна. Гэр хорооллын 0.05-0.7 га газрыг жижиг метр квадраттай байраар солих асуудал нэлээд маргаан дагуулж байгаа юм билээ. Жишээ нь, Хан-Уул дүүргийн нэхмэлийн шарын байруудад дахин төлөвлөлт хийх компанийг хууль зөрчиж байна гэж иргэд шүүмжилж байна. Сүхбаатар дүүригийн 15-р хороо, Дамбадаржаа орчим иргэний хоёр давхар мансардтай байшинг нурааж, газрыг нь чөлөөлөөд, хундаам цутгаад, хоёр жил хагасын нүүр үзэж байгаа жишээ байна. Тэр айлын өрхийн тэргүүнүүд нас барж, үр хүүхдүүд нь түрээсийн байранд амьдарч байгааг нүдээрээ харлаа” гэсэн юм.
Энэ үеэр МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяраас дараах асуултад хариулт авлаа.
-Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Тавантолгойн төслийн гэрээний талаар хэлэлцсэн гэгдэж буй. Энэ талаар МАН-ын бүлэг дээр яригдсан уу?
-Гишүүдэд болон манай бүлэгт энэ талаар мэдээлэл ирээгүй байна. Байр суурь бол тодорхой байгаа. 2,1 сая иргэний эзэмшдэг 1072 ширхэг хувьцаанд оногдох ноогдол ашгийг иргэд шударга зарчмаар хүртэж байх шаардлагыг МАН-ын бүлгийн зүгээс удаа дараа тавьж байгаа. Хоёрдугаарт, Монгол Улсын хууль тогтоомж, үүн дотроо татвартай холбоотой хууль тогтоомжийн дагуу энэ асуудал шийдэгдэнэ. Мэдээлэл орж ирмэгц энэ асуудлын талаар өмнө нь судалж байсан ажлын хэсэгтэй ярилцаж байгаад тодорхой байр суурь гаргах байх.
-УИХ-ын даргын зөвлөхөд Тавантолгойн гэрээний нэг хувь байгаа гэж ярьсан. Гэтэл гэрээний талаар бүлгийн гишүүдэд ямар ч мэдээлэл очоогүй гэж үү?
-Хаврын чуулганы нээлт дээр УИХ-ын дарга тухайн өдрийн өглөө Гадаад хэргийн яам болон Хууль зүйн яаман дээр гэрээний төсөл хэлбэрийг татаж, тодорхой байр сууриа илэрхийлсэн байгаа. Энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан боловч өнөөдрийг хүртэл Их хуралд энэ асуудлыг өргөн бариагүй байна. Тухайн үед гэрээний төсөл бэлэн болчихсон байсан юм бол яагаад өнөөдрийг хүртэл өргөн баригдаж, тараагдахгүй цаг хугацаа алдаад байгаа юм бэ. Энэ гэрээний төслийг орж ирмэгц хаврын чуулганы нээлтийн өглөө байсан гэрээ, одоо орж ирэх гэрээ хоёрыг харьцуулж үзэх шаардлагатай. Яагаад ингэж цаг хугацаа алдаад байгаа нь гайхшрал төрүүлж байна. Тэр өдөр нь л өргөн барьчихаж болох байсан шүү дээ. Тэгэхээр гэрээний хоёр загвар явж байж болох юм.
-Тавантолгойн төслийн гэрээн дээр МАН-ын бүлэг хоёр хуваагдсан, хоёр өөр байр суурьтай байгаа гэсэн яриа гараад байгаа. Энэ үнэн үү?
-Тавантолгойн гэрээтэй холбоотой асуудал бүлгийн хурал дээр яригдаагүй. Тэгэхээр яригдаагүй учраас санал асуулга бол явагдаагүй. Хоёр хуваагдлаа гэдэг ташаа мэдээлэл.
-МАН-ын бүлэг Ард нийтийн санал асуулгын тухай төслөө буцааж татах талаар мөн яриа гараад байгаа?
-Ард нийтийн дунд санал асуулга явуулах тогтоолын төслийг өргөн бариад 10 хонож байгаа ч Засгийн газраас хариу өгөөгүй байна. Хуулийн хугацаа хараахан дуусаагүй байгаа. Заавал хуулийн хугацааг дуустал хүлээх ёстой юу гэдэг талаар өнөөдөр МАН-ын дарга М.Энхболдоос лавлана. Ардчилсан намын дарга З.Энхболд сэтгүүлчидтэй хийсэн зангиагүй уулзалтын үеэр санал асуулгыг ард түмний хүсэл зорилгод нийцэхгүй гэсэн байр суурь илэрхийлж байна лээ. МАН-ын бүлэг Засгийн газарт тодорхой байр суурь илэрхийлж, шаардана.
-Сонгуулийн тухай хуулийн төслийн ажлын хэсэгт танай намын бүлгээс гишүүд орж ажиллаж байгаа юу?
-Энэ ажлын хэсэгт бүлгийн дарга С.Бямбацогт, О.Содбилэг, Су.Батболд, Д.Оюунхорол, Ө.Энхтүвшин нарын гишүүд орсон.
С.ОТГОНСҮРЭН