“Монгол уран нугараачдыг супер гэж үнэлсэн”

Хуучирсан мэдээ: 2019.03.12-нд нийтлэгдсэн

“Монгол уран нугараачдыг супер гэж үнэлсэн”

“Уолт Дисней” кино компанийн бүтээл, циркт өссөн өхөөрдөм нисдэг зааны тугалын тухай өгүүлдэг “Дамбо” хүүхэлдэйн киног та бүхэн санаж байгаа биз ээ. Монголын уран нугараачид Холливудын алдартай найруулагч Тим Бюртоны найруулсан “Дамбо” уран сайхны киноны туслах дүрд тоглосон талаар бид өмнө нь мэдээлсэн. Уг алдартай хүүхэлдэйн кино нь 60 жилийн дараагаар бүрэн хэмжээний уран сайхны кино болон мэндэлж, дэлхийн улс орнуудад тун удахгүй нээлтээ хийх гэж буй. Харин эл алдартай бүтээлд Монголын циркийн хөгжлийн төвийн уран нугараачид хэрхэн туслах дүрд тоглох болсон тухай тус төвийн тэргүүн, продюсер Н.Эрдэнэтэй ярилцлаа.


-Монгол циркийн хөгжлийн төвийн уран нугараачид Холливудын алдартай найруулагчийн бүтээл болох “Дамбо” уран сайхны киноны туслах дүрд тоглох болсон тухай мэдээ дуулсан. Та бүхэн анх уран сайхны кинонд тоглох саналыг хэрхэн хүлээж авав?

Бидэнд анх 2017 онд Унгар улсын циркийн жүжигчин, найруулагч Кристан Криштоп гэж хүн Холливудын “Дамбо” уран сайхны кинонд тоглох санал тавьсан. Энэ хүн маань Монголын циркийн хөгжлийн төвтэй олон жил хамтарч ажиллаж буй уран бүтээлч юм. Үзэгчид алдарт “Уолт Дисней” кино кампанийн бүтээл циркт өссөн нисдэг зааны тугалын тухай өгүүлдэг “Дамбо” хүүхэлдэйн киног сайн мэдэх биз. Миний олж сонссоноор “Дамбо” хүүхэлдэйн киног 60 гаруй жилийн дараа бүрэн хэмжээний уран сайхны хэлбэрээр дахин хийж байгаа юм билээ. Мэдээж энэ кино циркийн урлагийн тухай өгүүлэх учраас дэлхийн маш олон циркийн уран бүтээлчдийг урьж ажиллуулсан. Үүний дагуу Унгарын циркийн жүжигчин, найруулагч Кристан Криштоп маань “Монголын уран нугараач жүжигчдийг “Дамбо” уран сайхны кинонд оролцуулъя. Монголын уран нугараачид дэлхийд аль хэдийнэ танигдсан гэдэг утгаараа энэ кинонд оролцох хэрэгтэй” гэж хэлсэн. Түүний саналыг хүлээн авч, манай төвийн уран нугараач Ч.Отгончимэг, Э.Ариунчимэг, Б.Золзаяа, Г.Олдох нарт “Дамбо” уран сайхны киноны дүрийн сонгон шалгаруулалтад оролцох урилга өгсөн.

-Монгол уран нугараачид маань Лондон хотноо зураг авалтад оролцсон гэсэн. Киноны зураг авалт хэр хугацаанд үргэлжилсэн бэ?

-Бид урилгын дагуу 2017 оны нэгдүгээр сард Лондон хотод тав хоногийн хугацаатай сонгон шалгаруулалтад оролцож, тэнцсэн. Дараагаар нь Монголын уран нугараачид маань 2017 оны тавдугаар сараас эхлэн 11 дүгээр сар хүртэл зураг авалтад оролцсон. Ер нь бол “Дамбо” уран сайхны киноны циркийн жүжигчдийн зураг авалт зургаан сар орчим үргэлжилсэн. Харин киноны үндсэн зураг авалтыг хийхэд бүтэн жилийн хугацаа өнгөрсөн. Мөн уран сайхны киноны зураг авалтаас гадна монтаж зэрэг олон бэлтгэл ажлуудыг өнгөрсөн хугацаанд хийсэн.

-Циркийн урлагийн тухай өгүүлэх “Дамбо” кинонд дэлхийн олон орны циркчдийг урилгаар тоглуулсан гэлээ. Уран нугараачдын тоглосон туслах дүрийн талаар ярихгүй юу?

-Киноны туслах дүрд циркийн 35 орчим жүжигчин оролцсон. Эдгээр уран бүтээлчид бүгд циркийн өөр өөр төрлөөр тоглодог. Жишээлбэл, сургуультай нохой, морь, гимнастик, акробат, жонглёр, алиалагч гэх мэт. Мөн Украйн улсаас дангаараа 40 орчим циркийн жүжигчин тоглосон. Туслах дүрийн хувьд тэр энэ гэсэн оноосон дүр байгаагүй. Ерөнхийдөө циркийн жүжигчид маань нүүдлийн циркийн амьдралын хөшигний ар талд юу өрнөдөг тухай харуулсан.

-“Дамбо” уран сайхны киноны гол дүрд Холливудын алдартай жүжигчин Колин Фаррел, Мишель Кэйтон, Денни Давито, Ева Грийн, Колин Фаррел нар тоглосон гэсэн. Холливудын ододтой ярилцах боломж гарсан уу. Монгол уран нугараачдыг хэрхэн үнэлж байв?

-“Дамбо” уран сайхны кинонд тоглож буй дөрвөн гол дүрийн жүжигчин маань дэлхийн хэмжээний одод. Мөн киноны найруулагч Тим Бюртон Холливудын алдартай уран бүтээлч хүн. Киноны хувцасны зураач, хөгжмийн найруулагч гээд бүхий л уран бүтээлчид Холливудын хэмжээний од байсан. Тэр хүмүүстэй зураг авалтын үеэр Монгол циркчдийн талаар ярилцах боломж байгаагүй. Харин ганцхан боломж олдсон нь  “Дамбо” уран сайхны киноны гол дүр тоглож байсан 70 орчим настай, Холливудын од Денни Давито  жүжигчинтэй Монгол уран нугараач бүсгүй маань нэлээд олон хэсэгт хамт зурганд орж таарсан. Тэр үеэр би продюсер нь учраас дэргэд нь байсан юм. Тэр үед түүнтэй Монголын талаар ярилцахад яг үнэндээ Монгол Улсын талаар сайн мэддэггүй юм билээ. Хэдийгээр Монгол орныг сайн мэдэхгүй ч гэсэн циркийн урлагийн талаар маш сайн мэддэг хүн байсан. Учир нь түүний циркийн холбогдолтой кинонд гол дүр бүтээж буй гурав дахь кино нь “Дамбо” болж таарсан. Тиймээс энэ хүн циркийн урлагийн талаар маш сайн мэдээлэлтэй байсан. Тэрбээр монгол охидын уян налархай дэлхийд брэнд болсон уран нугаралтыг хараад үнэхээр супер гэсэн үнэлгээг өгсөн.

-Киноны нээлт энэ сарын 29-нд болно. Монгол циркчид маань нээлтийн арга хэмжээнд оролцох уу?

-Кино дэлхийн бүх улс орнуудаар гуравдугаар сарын 29-нд албан ёсны нээлтээ хийнэ. Харин гуравдугаар сарын 26-нд Лондон хотноо киноны баг бүрэлдэхүүнд зориулсан анхны дотоод нээлт болно. Уг нээлтийн ажиллагаанд оролцох урилгыг Монголын уран нугараачид маань хүлээн авсан. Харамсалтай нь “Дамбо” уран сайхны кинонд тоглосон уран нугараач дөрвөн бүсгүй Мексик улсад аялан тоглолтоор явж байгаа. Энэ үеэр тэдний тоглолт нь давхцаж байгаа. Миний хувьд ч гэсэн гуравдугаар сарын 25-наас 31-ны өдрүүдэд Франц улсад болох Олон улсын циркчдийн тэмцээний шүүгчээр ажиллаж таарч байгаа. Тийм учраас киноны нээлтэд оролцох боломжгүй байна.

-Монгол циркийн хөгжлийн төвийн уран бүтээлчид дэлхийн олон оронд аялан тоглолт хийдэг. Ер нь Монгол циркчдэд кинонд тоглох санал хэр ирдэг вэ?

-Монгол циркийн хөгжлийн төвийн уран бүтээлчид маань анх удаа Холливудын уран сайхны кинонд тоглох санал хүлээн авсан.

Хоёр дахь кино нь Монголын уран бүтээлчдийн хийсэн кинонд манай төвийн уран нугараач бүсгүй гол дүрд тоглосон байгаа. Удахгүй энэ киноны дэлгэрэнгүй мэдээллүүд цацагдаж эхлэх байх. Би одоогоор энэ киноны талаар албан ёсны мэдээлэл өгөх боломжгүй байна.

-Монгол циркийн хөгжлийн төвийн циркчид саяхан Испани улсад болсон “Алтан заан” Олон улсын циркчдийн фестивалиас Алтан цомын эзэд болсон. Та бүхэнд баяр хүргэе. Энэ тэмцээний сонин сайхнаас хуваалцаач?

-Маш их баярлалаа. Монгол циркчдийн хувьд энэ жил 29 дэх Олон улсын циркчдийн тэмцээндээ амжилттай оролцлоо. Өнгөрөгч 2018 онд бид хэд хэдэн Олон улсын тэмцээн, фестивальд амжилттай оролцсон. Испани улсын Жироно хотод болсон Олон улсын циркчдийн найм дахь удаагийн тэмцээнд шариктай, шидэлттэй акробатын төрлөөр оролцлоо. Бид энэ тэмцээнээс Алтан цом хүртсэнээр залуу уран бүтээлчдэд маань маш их урам зориг, итгэл үнэмшил төрүүлсэн. Бидний хийж буй шариктай, шидэлттэй акробатын төрлийн үзүүлбэр өмнө нь Монгол Улсад огт хийж байгаагүй үзүүлбэр. Дэлхийн циркийн түүхэнд гэж ярьвал бараг 40-өөд жилийн өмнө ОХУ-ын циркийн жүжигчид хийж байгаад энэ төрөл нь хүнд хэцүүгээсээ болоод орхигдсон төрөл байсан. Энэ төрлийн үзүүлбэрийг Монгол циркчид 40 жилийн дараа дэлхийн циркийн хэмжээнд дахин гаргаж ирсэн гэдгээрээ онцлог.

Монголын циркийн хөгжлийн төвийн хувьд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 13 Олон улсын циркчдийн тэмцээнд оролцлоо. Үүнээс хоёр Гран при, долоон алтан цом, гурван мөнгөн цомын эзэд болсон. Ер нь монголын циркийн жүжигчид сүүлийн таван жилийн хугацаанд 20 гаруй Олон улсын циркчдийн тэмцээнд оролцож, алт, мөнгөн цом хүртсэн амжилтыг үзүүлсэн.

Испани улсын Жироно хотноо болсон "Алтан заан" тэмцээний үеэр

-Олон улсад Монголын циркчдийн ур чадварыг хэрхэн үнэлдэг вэ. Монгол циркчдийн үзүүлбэрийн онцлог гэвэл?

-Олон улсын циркчдийн тэмцээний үеэр хамгийн багадаа дэлхийн 15 орны 100-120 орчим циркийн жүжигчид цугладаг. Тухайн тэмцээнд оролцоход улс улсын уран бүтээлчид өөрсдөдөө эхний гурван байрт орох зорилгыг тавьдаг. Тэмцээний эхний өдрөөс л Монгол, ОХУ, БНХАУ зэрэг дэлхий олон орны циркчдээс тийм үзүүлбэр ирсэн байна гээд л ярилцана. Монгол циркчдийг бусад орны уран бүтээлчид хүчтэй өрсөлдөгч гэж айдастай хүлээж авдаг. Учир нь Монголын циркчид дэлхийд яах аргагүй эхний гурван байрт шалгарах хэмжээний үзүүлбэрийг үзүүлж чаддаг. Монголын циркийн жүжигчид социализмын үед ч мундаг байсан. Одоо ч тийм байгаа. Учир нь Монголын цирк дэлхийд эхний тавд эрэмбэлэгддэг байсан. Одоо ч гэсэн эхний тав дотроо жагсдаг. Харин сүүлийн тав, зургаан жилийн дотор Монголын циркийн жүжигчид эхний байрын алт уу, мөнгө үү гэдэг байран дээр тунаж үлддэг болсон. Ялангуяа Монгол циркчдийн акробат үсрэлтийн төрлийн үзүүлбэрүүд дэлхийн рекордыг шинэчлэн тогтоож байна. Циркчид маань маш хүнд хүнд үзүүлбэрүүдийг үзүүлж байна. Энэ бүхэн Монголын циркчдийн дэлхийд үнэлэгдэх үнэлэмжийн тодорхой байр суурийг эзэлж байна гэж ойлгож болно.

-Өөрийн тань хувьд Олон улсын циркчдийн тэмцээнд урилгаар шүүгчээр ажилладаг. Энэ жил Олон улсын ямар тэмцээнүүдэд шүүгчээр ажиллах бол?

-Миний хувьд одоогоос дөрвөн жилийн өмнөөс анх Олон улсын циркчдийн тэмцээнд шүүгчээр оролцох урилга авсан. Жил бүр надад Олон улсын циркчдийн тэмцээний шүүгчээр ажиллах урилга ирдэг ч тэр болгон ажиллах боломж байдаггүй. Өөрсдийнхөө жүжигчидтэй өөр өөр уралдаан тэмцээнд оролцоно. Зарим үед тэмцээний цаг хугацаа нь давхцаж таардаг. Би өнгөрсөн хугацаанд есөн Олон улсын циркчдийн тэмцээнд шүүгчээр ажилласан. Одоо Францад болох Олон улсын циркчдийн тэмцээнд шүүгчээр оролцох гэж байна. Харин манай төвийн циркчид 2018 онд дөрвөн Олон улсын тэмцээнд оролцох урилга хүлээн авсан. Сая Испани улсад 2019 оны хоёрдугаар сард эхний тэмцээндээ оролцож, Алтан цом хүртлээ. Одоо Франц улсад гуравдугаар сарын 25-наас 31-ний өдрүүдэд болох Олон улсын тэмцээнд оролцох гэж байна. Дараагаар нь аравдугаар сард БНХАУ-д болох Олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнд оролцох гэж байна. Мөн 2020 оны нэгдүгээр сард Франц улсын Масси хотод болдог Олон улсын тэмцээнд оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж байна.

-Монголын циркийн урлаг үзэгчгүй болсон гэх шүүмжлэл байна. Монголын хүүхэд залуус Монголынхоо циркийн үзүүлбэрээр дутагдаж байгаатай санал нийлэх үү?

-Мэдээж Монголд циркийн тоглолт харьцангуй цөөн болж байгаа нь үнэн. Хоёрдугаарт бусад хошин урлаг, рок попын тоглолтуудтай харьцуулбал циркийн тоглолт цөөн болдог юм шиг санагдах байх. Гэхдээ циркийн тоглолт огт болохгүй биш тоглож байгаа. Нөгөө талаасаа бид Монголд тоглох дургүйдээ биш монголын циркийн жүжигчид тогтмол гадаадад аялан тоглолтоор тэмцээн уралдаанд уригдаж байгаа учраас тэр болгон эх орондоо тоглох боломж гарахгүй байна. Нэг талаасаа шүүмжлэлтэй хандмаар юм шиг мөртлөө нөгөө талаасаа бахархмаар юм.

"Soaring to New Heights" | Behind the Scenes at Disney's Dumbo

“It’s pure magic.” Go behind the scenes with Tim Burton and the cast of Dumbo to see how the new film expands on the classic story.

Posted by Dumbo on Friday, March 1, 2019

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж