Хуучирсан мэдээ: 2019.03.12-нд нийтлэгдсэн

Орос “буруудав”

Орос “буруудав”

Венесуэлийн төрийн мэдлийн, газрын тосны “Петролиос де Венесуэла” (PDVSA) компанитай хийсэн гүйлгээтэй холбогдуулан Оросын “Еврофинанс Моснарбанк”-ны эсрэг АНУ хориг арга хэмжээ авсан байна. Өөрөөр хэлбэл, ОХУ Венесуэлд тусламж үзүүлсний улмаас ийнхүү дахин хоригт оржээ. Энэ талаар АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин "АНУ Мадурогийн хууль бус дэглэмийг дэмжиж буй гадаадын санхүүгийн байгууллагуудын эсрэг арга хэмжээ авах ажиллагаагаа үргэлжлүүлэх болно. Эдийн засгийн уналт, хүмүүнлэгийн хямралын улмаас Венесуэлийн ард түмэн зүдэрч байна” хэмээн тэмдэглэжээ.

Венесуэлийн хямралаас үүдэн ОХУ-ын “Еврофинанс Моснарбанк"-нд хориг арга хэмжээ авах талаар өмнө нь “Bloomberg" агентлаг мэдээлж байсан аж. Тус банк нь Уго Чавесыг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед байгуулагджээ.

Даваа гаригийн байдлаар, Каракасын ихэнх хэсэгт иргэд цахилгаангүй тав дахь өдөртэйгээ золгож буй бөгөөд амин чухал газрын тосны экспортыг нь хумьсны улмаас хүмүүс уух ус, идэх хоолныхоо төлөө тэмцэж байгаа талаар “Ройтерс” агентлаг уламжлав. Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр, тус орон даяар цахилгааны хангамж сайжирсан хэдий ч Венесуэлийн Сьюдад-Боливар хотын захад байрладаг дэд цахилгаан станцад гал гарсан тухай мэдэгдэл гарсны дараа байдал дахин хүндэрчээ.

“ТАСС” агентлагийн мэдээлснээр, өнөөдрийн байдлаар Венесуэлийн зэвсэгт хүчин эрчим хүчний хангамжийн системийн стратегийн объектуудыг хамгаалалтдаа аваад байгаагийн зэрэгцээ цахилгаан дамжуулах шугамуудыг хянаж буй аж. Энэ талаар өнгөрсөн ням гаригт Венесуэлийн Батлан хамгаалахын сайд Владимир Падрино Лопес мэдэгджээ. Тэрээр “Үндэсний эрчим хүчний системийг тогтвортой болгох, болзошгүй дайралтаас урьдчилан сэргийлэх зорилгынхоо төлөө бид бат зогсоно” хэмээн хэлсэн байна.

Николас Мадуро твиттерээрээ дамжуулан “АНУ-ыг буруутгаж байгаагаас гадна Венесуэлийн эсрэг эрчим хүчний дайн хийж” байна. Каракас хотод болсон үйл ажиллагааны үеэр өнгөрсөн бямба гаригт Венесуэлийн ихэнх мужид цахилгаан тасарсан нь  пүрэв гаригт хийсэн кибернетик халдлагатай холбоотой гэж мэдэгджээ. Учир нь пүрэв гаригаас баасан гаригт шилжих шөнө зарим мужийг цахилгаантай болгосон ч бямба гаригт орон даяар дахин цахилгаан тасарсан аж. Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес Венесуэл даяар цахилгаан тасарсныг террорист халдлага гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр “Бид Венесуэлийн ард түмнийг цахилгаангүй болгосон үйлдлийг аймхай террорист халдлага гэж буруушааж байна” хэмээн твиттертээ жиргэжээ. Мөн тэрээр “Энэ нь Венесуэлийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байгаа АНУ-ын зүгээс Каракаст тавьсан хориг” хэмээн Вашингтоныг буруушаасан байна.

Кубын Ерөнхийлөгч Мигель Диас Канель “бохир хийсэн террорист халдлага” гэж үзэж буйгаа мэдэгджээ. “Венесуэлийн цахилгааныг тасалсан хорлон сүйтгэх ажиллагаа нь бохир террорист ажиллагаа. Үүгээрээ Венесуэлийн ард түмний эсэргүүцлийг дарах, тус оронд гадны цэргийг хөндлөнгөөс оролцуулахыг дэмжиж байна” гэжээ.

Тус улсын Харилцаа холбоо мэдээллийн сайд Хорхе Родригес Венесуэлийн Засгийн газар тус улсын ихэнх хэсэгт цахилгаан тасрахад  хүргэсэн халдлагын талаар бүх шаардлагатай баримт нотолгоотой нь олон улсын байгууллагуудад танилцуулна гэж мэдэгдсэн байна. Тэрбээр “Энэ хэрэгт АНУ-ын сенат Марко Рубио, Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо холбоотой. Каракасын эрх баригчид асуудлыг шалгана” гээд түүний танилцуулах баримт дунд Хуан Гуайдо, Марко Рубио нарын хэргээ хүлээсэн мэдүүлэг байгааг дурджээ.

Эх сурвалж: Tass, Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж