"Эко Алтан Заамар"-т гарсан осол усны судлаас болсон уу?

Хуучирсан мэдээ: 2019.03.12-нд нийтлэгдсэн

"Эко Алтан Заамар"-т гарсан осол усны судлаас болсон уу?

Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эко Алтан Заамар” ХХК-ийн 100 метрийн өргөн, 80 метр гүнтэй ил уурхайд  осол гарснаас хойш 13 хонох гэж байна. Тодруулбал, өнгөрсөн  хоёрдугаар сарын 28-ны өдөр осол гарч зургаан хүн нурангинд дарагдсан. Осол 16.00 цагт гарсан бөгөөд тус компанийн зургаан ажилтан уурхайд ажиллаж байх үед уурхайн хана нурж зургаан хүн дарагдсанаас хоёр хүнийг уурхайн ажилчид эсэн мэнд гаргасан ч дөрвөн хүний амийг аварч чадаагүй юм.

Аврагчид гуравдугаар сарын 2-ний өдөр 19.04 цагт нэг иргэнийг цогцсыг, гуравдугаар сарын 3-ны өдөр 13.32 цагт дахин нэг иргэний цогцсыг гаргасан бол энэ сарын 6-ны өдөр 12.55 цагт гурав дахь иргэний цогцсыг гаргажээ. Харин энэ сарын 9-ны өдөр  дөрөв дахь иргэний цогцсыг гаргасан юм .

Аврагчид  Булган аймгийн иргэн 34 настай О-ийн цогцсыг хамгийн  эхэнд гаргасан бол дараа нь 5-6 метрийн гүнээс  нийслэлийн Баянзүрх дүүргийн  иргэн 53 настай Г-ийн цогцсыг , өчигдөр  нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэн 31 настай Б-ийн цогцсыг лаг шавар дотроос тус тус гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. Сүүлийн хүн нь Баянхонгор сумын иргэн 38 настай П аж. Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчдын хэлж буйгаар эхний гаргаж ирсэн хоёр цогцос тус компанийн хоёр насосчин байх магадлалтай. Тиймээс үлдсэн хоёр нь эксковатор, бульдозерт байгаа байх хэмээн таамаглаж буй.

МХЕГ-ЫН ДЭД ДАРГЫН  ХЭЛСЭН ЗӨРҮҮТЭЙ ДҮГНЭЛТ

Ослын шалтгааныг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас /МХЕГ/ тогтоосон ч прокурор зөвшөөрөл өгөхөөс нааш ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй гэдгээ мэдэгдээд байгаа.

МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан  ослын газарт ажиллах үеэрээ “Нуралт үүссэн карьерын дээд талд нь арван метр орчим гүнзгий хиймэл нуур үүсгэсэн. Хиймэл нуурын ус хана руугаа нэвчиж нуралт үүсгэсэн байх гэсэн таамаглал байгаа. “Эко-алтан заамар” компани нуурыг карьерын дээд талд байгуулсан нь осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн байна гэсэн урьдчилсан дүгнэлт гаргасан байгаа” гэж байв.

Харин өчигдөр /2019.03.11/ ослын шалтгааны талаар зөрүүтэй хариулт өглөө. Тэрбээр “Ослын зарим шалтгаанаас дурдахад уурхайн гүний 51 метрт усны судал явж таарсан. Судал таарснаас болоод өвлийн цагт ус тэлээд хаврын улиралд эргэж агшилт өгөөд тодорхой хэмжээнд хөрсний сулралт бий болсон. Өвөл ажиллаж  байсан учраас мөстөлт болж хөрс суларснаас болоод ачааллаа дийлэхгүй  нурсан” гэж үзэж байгаа гэсэн юм.

“Эко Алтан Заамар” ХХК-ийн зүгээс амь эрсэдсэн ажилтнуудын ар гэрийнхэнд тус бүр хоёр өрөө байр, 50 сая төгрөг олгоно гэдгээ мэдэгдээд буй.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж