Хуучирсан мэдээ: 2019.03.12-нд нийтлэгдсэн

“Boeing”-ын уналт

Хагас жил хүрэхгүй хугацаанд “Boeing” компанийн “737 Max 8” загварын хоёр онгоц хөөрсөн даруйдаа унан сүйрч нийтдээ 300 гаруй хүний амь үрэгдлээ. “Boeing” компани “737 Max 8” загвараа 2017 оноос үйлчилгээнд гаргаж эхэлснээс хойш хоёр жилийн дотор 5000 гаруй онгоцны захиалга хүлээн авснаас ердөө 350-ыг нь захиалагчид хүлээлгэж өгөөд байв.

Өнгөрсөн Ням гаригт Этиопид, өнгөрсөн аравдугаар сард Индонезид осолдсон хоёр онгоц аль аль нь хөөрөөд удаагүй байхдаа осолдсон юм. Ням гаригийн ослын дараагаас олон улсын авиа компаниуд “Boeing 737 Max 8” нисэх онгоцыг тэнгэрт хөөргөхийг зогсоож эхлэв. Этиопын агаарын тээврийн онгоцны ослоор найман иргэнээ алдсан Хятадын иргэний агаарын тээврийн удирдах газраас “Boeing 737 Max 8” нисэх онгоцоор нислэг үйлдэхийг хоригложээ. Аялал жуулчлалын салбараа тэлэх зорилготой Хятад улс нь “Boeing 737 Max 8” нисэх онгоцны хамгийн том “фен” байсан юм. Тус улс нь нийт 97 ширхэг “737 Max 8” нисэх онгоцыг гадаад, дотоодын нислэгт ашиглаж байна.

“Boeing” компани “737 Max 8” нисэх онгоцыг анх 2011 оны наймдугаар сард танилцуулж, 2016 оны нэгдүгээр сард анхны нислэгээ үйлдэж байв. Улмаар 2017 оны гуравдугаар сард сертификатаа авчээ. Тус загварын хамгийн анхны  нисэх онгоцыг Малайзын агаарын тээврийн “Malindo Air” компани 2017 оны тавдугаар сард худалдан авч, үйлчилгээнд ашиглаж эхэлсэн байв.

“737 Max 8” нисэх онгоцны үнэ 2017 оны эхээр 52.85 сая ам.доллар байсан бол 2018 оны дунд үед бага зэрэг өсч 54.5 сая ам.доллараар худалдаалагдаж эхэлжээ.

Монголын иргэний агаарын тээврийн МИАТ компани хоёр ширхэг “737 Max 8” нисэх онгоц түрээсэлж авахаар болсны нэгийг нь өнгөрсөн хоёрдугаар сард хүлээн авч, саяхнаас үйлчилгээнд ашиглаж эхэлсэн. Гэвч Иргэний нисэхийн ерөнхий газраас МИАТ компанид ашиглагдаж байгаа "737 Max8” маягийн агаарын хөлгийн нислэгийг өчигдрөөс түр хугацаагаар зогсоолоо. Түүнчлэн Өмнөд Солонгосын “Korean Air”, АНУ-ын хэд хэдэн авиа компани “Boeing 737 Max 8” нисэх онгоцоор нисэхийг түр зогсоогоод байна. Тэд бүгд  сүүлд осолдсон Этиопын нислэгийн ослын дүгнэлт, “Boeing” компанийн байр суурийг хүлээж байна.

Даваа гаригт “Dow Jones” аж үйлдвэрийн индексүүд унасан үзүүлэлттэй байна. Хэрэв хоёр дахь ослын шалтгаан техникийн шалтгаантай болох нь батлагдвал “Boeing” компани  их хэмжээний алдагдал хүлээж, хуулийн хариуцлагад ч татагдаж магадгүй нөхцөл байдал үүсчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж