Стокгольмын олон улсын энхтайван судлалын хүрээлэн (SIPRI) дэлхийн зэвсгийн зах зээлийн талаархи жил тутмын тайлангаа танилцуулав. 2014-2018 онд дэлхийн зэвсгийн худалдааны нийт хэмжээ өмнөх дөрвөн жилийнхтэй харьцуулахад 7.8 хувиар өссөн байна.
Өнгөрсөн дөрвөн жилд буюу 2014-2018 оны хооронд дэлхийн улс орнуудад экспортолсон нийт зэвсгийн 75 хувийг АНУ, ОХУ, Хятад, Франц болон Герман улс нийлүүлжээ. АНУ, ОХУ зэр зэвсгийн экспортоороо тэргүүлж, дэлхийн зэвсгийн нийт худалдааны 57 хувийг бүрдүүлсэн байна.
АНУ-ын зэвсгийн экспортын хэмжээ 2014-2018 онд 29 хувиар өссөн бол дэлхийн зэвсгийн худалдаанд 36 хувийг эзэлжээ. Америкийн зэвсгийг 98 улс худалдан авч, экспортын 52 хувийг Ойрхи Дорнодын орнууд эзэлсэн байна. Тус улс ихэвчлэн байлдааны нисэх онгоц, далавчит болон ойрын зайн тусгалтай баллистик пуужингууд зэрэг өндөр технологийн зэвсгүүд худалдсан байна. Мөн алсаас удирддаг бөмбөгийг их хэмжээгээр нийлүүлжээ.
ОХУ-ын хувьд 2009-2013 онд дэлхийн зэвсгийн зах зээлийн 27 хувийг эзэлж байсан бол 2014-2018 онд энэ үзүүлэлт 21 хувьтай гарсан байна. Энэ нь Энэтхэг болон Венесуэл улсад нийлүүлдэг зэвсгийн хэмжээ буурсантай холбоотой аж.
Оросын зэвсгийг дэлхийн 48 орон худалдан авсны 55 хувийг Энэтхэг, Хятад болон Алжирт экспортолжээ.
Эх сурвалж: SIPRI