“Их Засаг”-ийн өв залгамжлагч

Хуучирсан мэдээ: 2019.03.12-нд нийтлэгдсэн

76:1

“Их Засаг”-ийн өв залгамжлагч

“Их Засаг”-ийн өв залгамжлагч

"NEWS агентлаг" УИХ-ын гишүүдийг цагаан толгойн үсгийн дарааллаар танилцуулдаг билээ. Энэ удаагийн 76:1 буландаа УИХ-ын гишүүн Н.Учралыг онцолж байна. 


Хип хоп сонирхогчид Тимон нэрийг андахгүй биз ээ. Залуусын дунд өөрийн гэсэн имижийг бүрдүүлж тухайн цагтаа л “од” явсан Тимон буюу Н.Учрал УИХ-д Сонгинохайрханчуудыг төлөөлөөд хоёр жил гаруй хугацаа өнгөрч байна. Уран бүтээл, яруу найргийн  олз омог арвинтай явсан тэрбээр  МАН-ын залуусын дунд боловсрол мэдлэг, эзэмшсэн мэдлэгээрээ мөн л арвин нэгэн.

УИХ-ын гишүүн Н.Учрал эрхзүйч мэргэжилтэй бөгөөд  дэлхийн найман  оронд салбартай “LimKokwing” их сургуульд бизнесийн чиглэлээр магистр мөн ОХУ-ын Шинжлэх ухааны академид түүхийн ухааны доктор хамгаалжээ. Хэсэг хугацаанд эрдэм номын мөр хөөн уран бүтээлээсээ хөндийрсөн түүнийг эх орондоо ирэхэд нь аав Н.Ням-Осор нь өөрийнхөө үүсгэн байгуулсан “Их засаг” их сургуулийн удирдах ажлыг хариуцуулсан. Аавынхаа итгэлийг алдаагүй “сайн хүү” сургуулиа  ч улам өргөжүүлж “Рояаль” олон улсын дээд сургуулийг үүсгэн байгуулж өдгөө томоохон сургууль болтлоо өргөжжээ. Н.Учрал гишүүнд  харьяалагдах автор  үүгээр дуусахгүй, тэрбээр “Royal HD” телевиз, “Royal 9.89” радиог санаачлан байгуулсан.

Ийн хэсэгтээ хувийн бизнестээ анхаарсан түүний улс төрийн замнал  нь 2012 оноос эхлэлтэй. Тус онд Нийслэлийн МАН-ын хорооны улс төрийн хэлтсийн даргаар ажиллаж  энэ үеэс улс төрд идэвхтэн болсон гэж хэлж болно. 2014 онд  тэрбээр МАН-аас сонгогдох дэд сайдуудын дунд нэр нь яригдаж байсан ч сонгогдолгүй үлдсэн юм. Тус томилгоо албан ёсоор хийгдэж дууссаны дараахан Н.Учрал өөрийн твиттер хуудсанд "2016 оны сонгуульд гуйж биш гуядаж ялахаа хэлье" хэмээн жиргэсэн нь биеллээ  олж,  УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ, Д.Эрдэнэчимэг нарыг Сонгинохайрхан дүүрэгт  ялж УИХ-ын  гишүүнээр сонгогдоод 2.5 жил өнгөрчээ.

ДУУЧНААС УЛСТӨРЧ 

Хип хоп стилээр дуулж байсан Н.Учрал өнөөдрийн албаны имижтэй Н.Учрал хоёрын дунд алд дэлэм ялгаа бий.  Тэрбээр ажил хэрэгч гишүүдийн нэг, УИХ дахь Цахим бодлогын түр хорооны даргаар ажилладгийн хувьд мэдээллийн аюулгүй байдлын талаар сүүлийн үед ихэд ярих болсон. Түүнчлэн инноваци, боловсролын тухай асуудалд анхаарч ажилладаг бөгөөд Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг санаачлан батлуулсан нь боловсролд “ээлтэй” гишүүн гэдгийг нь илтгэх биз ээ. Тэр хэл яриагаараа хэнийг ч дагуулахгүй. Багын л шүлэг бичих авьяастай байсныг  хэлэх үү  өдгөө УИХ-ын гишүүдийн дунд шаггүй уран илтгэгч гэдгээрээ дээгүүрт жагсана. Залуу хүн гэхэд тэр бусдыг аялдан  дагадаггүй, өөрийн итгэл үнэмшил, үзэл бодолдоо  бат нэгэн. Учир нь УИХ-ын дарга асан М.Энхболдыг тус албан тушаалаас нь чөлөөлөхийг дэмжсэн 43 гишүүний дунд УИХ-ын гишүүн Н.Учралын нэр байгаагүй юм.  Тэрбээр энэ үеэр гадагшаа явж таарсан нь  зориуд тааруулсных болов уу. Н.Учралыг УИХ-ын гишүүн болоход  тухайн үед намын даргаар нь ажиллаж байсан М.Энхболдын үүрэг роль өндөр байсан нь тодорхой. Түүнийг УИХ-ын даргаас  чөлөөлөх улс төрийн акц болох үед Н.Учрал гишүүн  уг асуудлаар ганц үг ч амнаасаа унагаагүй бөгөөд эзгүй байж таарсан нь экс даргынхаа  тусыг мартаагүйнх биз ээ.

Ийн түүнийг тодотгох сайн тал цөөнгүй ч саар зүйл ч мөн бий. УИХ-ын нэр бүхий гишүүд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авсан дуулианы дунд түүний нэр байсан нь баримтаар нотлогдсон билээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Учрал аавынхаа нэр дээр байдаг "Хүннү" ХХК-д УИХ-ын гишүүний нэр нөлөөллөө ашиглан ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 950 сая төгрөгийн зээл авч өгсөн байдаг.

Тэрбээр уг мэдээлэл ил болсон даруйд авсан зээлээ эргүүлэн төлөхөө мэдэгдсэний сацуу өөрийн оролцоо ороогүй гэдгээ тодотгож байсан удаатай. Гэвч муу нэрийг хусавч арилдаггүйн адил ЖДҮ-чин нэр зүүсэн нь сонгогчдынхоо урмыг багагүй хугалсан нь лавтай. Ямартай ч алдаагаа дахин давтахгүй, аавынхаа бизнесийг бодолгүй, ард түмний эрх ашгийг урдаа тавибал түүнд улс төрийн өндөр ирээдүй бий.

Ташрамд дурдахад, Н.Учрал гишүүн Их Британийн Букингхамын их сургуульд суралцаж байгаа бөгөөд ирэх зургаадугаар сард мастераа хамгаалах аж. Тэрбээр энэ тухайгаа “Орчин цагт заавал танхимд суралцах шаардлагагүй болсныг мэдэрч мэдлэгээ ахиулах боломж хэн бүрт бий” хэмээн нүүр номдоо бичжээ.

 ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

  • 2003 онд Их Засаг лицей сургууль, бүрэн дунд боловсрол
  • 2007 онд Их Засаг олон улсын их сургууль, эрх зүйч
  • 2010 онд ИхБританийн Глоустершер их сургууль, Лимкоквин их сургуулийн Англи улсын Лондон хотын салбарт бизнесийн удирдлагын магистр
  • 2012 онд-Монгол улсын Боловсролын их сургууль, түүхийн ухааны магистр
  • 2013 онд-ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбар, Түүхийн ухааны доктор

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 2007-2008 онд Их засаг олон улсын их сургуулийн ТУЗ-ийн дэд дарга
  • 2010-2016 онд Рояаль Академи, Рояаль олон улсын дээд сургуулийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал
  • 2012-2014 онд Нийслэлийн Монгол ардын намын хорооны улс төрийн хэлтсийн дарга
  • 2015 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Монгол улсын Шадар сайдын ажлын алба, Шадар сайдын олон нийттэй харилцах бодлогын зөвлөх
  • 2016 онд Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн зөвлөх
  • 2010 оноос Монголын Франчайзингийн Ассоциацийн ерөнхийлөгч
  • 2015 оноос НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч
  • 2015 оноос Монголын залуу багш нарын холбооны ерөнхийлөгч
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ШАГНАЛ

  • 2015 онд Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг

ГАДААД ХЭЛ

  •  Англи
  • Орос

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж