“Хоёр Ганаа” нэрээр танигдсан жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар шинэхэн уран бүтээлээ үзэгчдэдээ хүргэхэд бэлэн болжээ. Жүжигчин бүсгүйчүүд урлагийн гараагаа УДЭТ хэмээх их айлаас эхлүүлсэн түүхтэй. Д.Ганцэцэгийн тухайд алаг нүдэн Жинжиймаагийн дүрээр олонд танигдсан. Тэрбээр “Гэгээн муза” наадмаас гурван шагнал хүртэж, Монголын ганц хүний жүжгийн олон улсын наадмын анхны цомыг “Оскар” хүүгийн дүрээр авч байсан юм.
Харин “жижиг” Ганаа буюу жүжигчин А.Ганчимэгийн хувьд “Хэцүү анги” киногоор танигдаж дэлгэцийн олон бүтээлд ур чадвараа харуулсан. Тэрбээр 2010 оноос эхлэн УДЭТ-т ажиллахдаа “Гамлет” жүжгийн Офелиа, “Ромео Жулета” жүжгийн Жулета гээд 20 гаруй жүжгийн гол болон туслах дүрийг бүтээсэн билээ.
Тэд саяхныг хүртэл “Хувьсал” продакшнаар овоглож байсан ч өнгөрсөн оноос “Хувьсал”-аас өрх тусгаарлаж “Аримун” нэртэй продакшн байгуулан ажиллаж байна. Одоо тэд шинэ уран бүтээл болох “Халуун зүрх” киногоо нээхээр бэлтгэж байгаа аж.
Тус киноны зохиолыг А.Ганчимэг бичиж найруулагчаар Д.Ганцэцэг ажиллажээ. Галтай цогтой, алаг нүдэн Ганаа, төлөв даруухан ч шинэ сэтгэлгээ, шинэ өнгө болсон жижиг Ганаа хоёрын “Халуун зүрх” хэрхэн өрнөхийг үзэгчид тэсэн ядан хүлээж байгаа бололтой. Харин киноны нээлт энэ сарын 28-ны өдөр болох гэнэ.
Э.АРИУН
Холбоотой мэдээ