Булгийн ус ундарч, айлуудын хашаа, байшин тэр чигээрээ ус, мөсөнд автжээ. Мөсөн бүрхүүл тогтсон гудамжаар хүн байтугай автомашин ч явахын арга алга. Баянзүрх дүүрэгт байрлах Амгалан дулааны станцын хойд талд жил бүрийн өвөл булгийн ус ундарч, мөсний халиа үүсдэг. Гэхдээ энэ жил урьд жилүүдийнхээс илүү мөсний халиа үүсч, таван метрт хүрсэн тухай албаныхан ярилаа.
Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны иргэн А.Яндаг гуайн хашаа энэ сарын 8-ны шөнө булгийн усанд автжээ. Тэрбээр “Манайх найман жилийн өмнө энэ газар дээр буухад араар нэг ч айл байгаагүй юм. Тэгсэн сүүлийн жилүүдэд дураараа, зөвшөөрөлгүйгээр намагтай газар айлууд бууснаас болж, гэр дотроос нь булгийн ус оргилж, гарч ирэх болсон. Хөрсний усны халиа нь бусад айл өрхийн хашаа, гэр, байшин руу их хэмжээгээр урсан орж ирэх болсон. Би гуравдугаар сарын 8-ны өглөө босоод байшингаасаа гарах гэсэн хаалга онгойдоггүй. Тэгсэн булгийн усны халиа хашаагаар нэвтэрч, байшингийн хаалгаар урсаад хөлдчихсөн байсан. Би хүн гуйж, арайхийж хаалгаа онгойлгосон. Одоо энэ зөвшөөрөлгүй айлуудыг нь нүүлгэн шилжүүлэхгүй бол булгийн усны ундарга халуун газар буюу зуухан дороос нь ундарч гарч ирээд байна. Би сүүлийн хэдэн хоног хашаа байшиндаа шуудуу татлаа” хэмээн учирлалаа.
АМГАЛАН ДУЛААНЫ СТАНЦЫН ХИМИЙН ЛАБОРАТОРИ УСАНД АВТАХ ДӨХЖЭЭ
Оршин суугчдын ярьж буйгаар Амгалан дулааны станцын хойд талд 8-10 булаг ундардаг. Эдгээр булгийн байршил нь байнга өөрчлөгдөж байдаг учраас жил бүр хаанаас ч хамаагүй булгийн ус ундарч, халиа үүсдэг гэнэ.
Энэ өвөл арванхоёрдугаар сарын 10-нд Амгалан дулааны станцын хойд хэсэгт мөсний халиа дээд цэгтээ хүрч, таван метр өндөрт хүрчээ. Үүний улмаас тус станцын хашаа руу их хэмжээний ус нэвтэрч, химийн лабораторийн цех рүү ус нэвтрэн орж болзошгүй байдал үүссэн байна. Тиймээс дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Тохижилт үйлчилгээний газар болон бусад аж ахуйн нэгжийн ажилтнуудтай хамтран шуурхай ажиллаж, шороон далан босгох, булгийн эхэн дэх усыг соруулах зэрэг арга хэмжээ авчээ. Гэвч цагаан сарын баярын дараагаар дахин мөсний халиа үүссэн байна.
Баянзүрх дүүргийн онцгой байдлын хэлтсийн орлогч дарга, ахмад Р.Баянжаргал “Өнгөрсөн зун хур бороо элбэг байсан учраас хөрсний усны гарц эрс ихэссэн. Энэ өвөл булгийн ус ихээр гарч, айл өрх, автозам усанд автсан учраас өнгөрөгч арванхоёрдугаар сард нийслэлийн Онцгой комисс яаралтай хуралдсан. Засаг даргын захирамжаар хотын хэмжээнд хөрсний усыг зайлуулах ажлыг зохион байгуулахад 291 сая төгрөг төсөвлөн баталсан. Үүнээс Баянзүрх дүүрэгт хөрсний усыг зайлуулахад 89 сая төгрөг олгосон. Онцгой байдлын хэлтэс бусад аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж, техник хэрэгсэл түрээсэлж, хөрсний усыг зайлуулах ажлыг хийсэн. Одоогийн байдлаар нийт 89 сая төгрөгөөс 50 орчим сая төгрөгийг энэ ажилд зарцуулаад байна. Дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон тохижилт үйлчилгээний хамтарсан 50 гаруй ажилтан давхардсан тоогоор 20 гаруй техниктэйгээр сар гаруй хугацаанд ажилласнаар Амгалан дулааны станцаа аварч үлдлээ” гэсэн юм.
ЭНЭ ӨВӨЛ 100 ГАРУЙ АЙЛ УСАНД АВТАЖ, ХӨЛДСӨН
Өнөөдрийн байдлаар Амгалан дулааны станцын хойд талын булгийн усны халиа далангаа халиад 30 гаруй айлын хашаа байшинд ус нэвтэрч, хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна.
Баянзүрх дүүргийн хувьд л гэхэд 22, 17, 4, 5, 10, 23, 8, 7 гэсэн найман хорооны нутаг дэвсгэрээс булгийн ус ундарч гарсан байна. Судалгаа, тооцоогоор 100 гаруй айл өрх энэ өвөл булгийн усанд автаж, гэр орондоо амьдрах аргагүй болжээ. Тэр дундаа тус дүүргийн 23 дугаар хорооны нэг, хоёрдугаар хэсгийн айлууд намагтай газар амьдардаг учраас битүү усанд автаж, 20 гаруй айлыг нүүлгэн шилжүүлжээ.
Нийслэлийн хэмжээнд Баянзүрх, Чингэлтэй, Налайх гэсэн дүүрэгт энэ өвөл булгийн ус ундарч, мөсний халиа үүссэн байна. Үүний улмаас нийслэлийн Онцгой байдлын газраас шуурхай ажиллаж, мөсийг цөмлөж тээвэрлэх, айлуудыг нүүлгэн шилжүүлэх, далан босгох зэрэг ажлыг хийсэн тухай нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Н.Нэргүй хэлсэн юм.
Амгалан дулааны станцын хойд талд арванхоёрдугаар сарын 25-наас дүүргийн Онцгой байдлын албан хаагчид 10 гаруй хоног 24 цагаар ажилласан байна. Мөн булгийн эхэн дэх усыг 380 воллтоор ажилладаг насосоор соруулж, 740 тонн усыг задгай талбайд асгажээ.
УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМ БАРИХ АЖИЛ ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ АСУУДЛААС УДААШИРЧ БАЙНА
Хамгийн сүүлд гэхэд гуравдугаар сарын 8-ны өдөр булгийн усны халиа ихэсч, айлуудын хашаа, байшин усанд автаад байна. Тиймээс дүүргийн Онцгой байдлын хэлтсээс арга хэмжээ авч, даланг сэргээж, булгийн усыг үндсэн гольдролд нь оруулж, урсгажээ.
Амгалан дулааны станцын хойд талд дулааны гүний ус зайлуулах шугамыг байгуулахаар “Ар дааган” хэмээх компани тендэр авчээ. Гэвч энэ ажил нь иргэдийн газар чөлөөлөх асуудлаас болж удааширч байгааг албаныхан хэллээ.
Мөн дүүргийн удирдлагууд Амгалан дулааны станцын хойд талын газрын гүнээс цэвэр ус татаж, станцын дотоод хэрэгцээнд ашиглах санал хүргүүлсэн гэнэ. Тус станц нь цагт 30 тонн ус хэрэглэдэг аж. Ингэснээр Амгалан дулааны станц орчмын газрын гүний ус өвлийн улиралд халихгүй байх бүрэн боломжтой гэж мэргэжилтнүүд ярилаа.
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ
Холбоотой мэдээ