Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд И.К. Азизовыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд И.К.Азизов нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч болсонд баяр хүргэн амжилт хүслээ.
Улаанбаатар хот ОХУ-ын Москва хоттой 1957 онд найрсаг, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан түүхтэй. Улаанбаатар хотын анхны ерөнхий төлөвлөгөөг 1954 онд ОХУ-ын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын хөгжлийн “Гипрогор” институт боловсруулж байсан нь манай улсын хот байгуулалтын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан юм.
ОХУ болон Монгол улсын хувьд харилцааны чухал түүхэн он цаг ээлжилсэн жил болж байна. Халх голын байлдааны ялалтын түүхэн 80 жилийн ой, Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн 70 жил, Атар газар эзэмшсэний 60 жилийн ой тохиож байгаа юм.
Эдгээр түүхэн ойгоос гадна бүтээн байгуулалт, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх олон талд ажлууд хийхээр төлөвлөснийг ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд уламжиллаа.
Хоёр орны хувьд олон жилийн найрсаг хамтын ажиллагаатай. Халх голын ялалтын түүхэн ойн хүрээнд хуучин хөшөө дурсгалыг сэргээн засварлах, мөн ОХУ-ын зүгээс тавьсан хамтран ажиллах хүсэлтийг таатай хүлээн авч, хамтран ажиллана гэдгээ нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан уламжиллаа.
Улаанбаатар хот нь Москва хотоос гадна Санкт-Петербург, Эрхүү муж, Эрхүү хот, Новосибирск, Чита, Халимаг Улсын Элиста, Буриад Улсын Улаан-Үд, Тува Улсын Кызыл зэрэг хотуудтай найрсаг, хамтын ажиллагаатай хамтран ажилладаг.
ОХУ-ын Санкт-Петербург хотод энэ оны 6 сард “Улаанбаатарын өдрүүд” арга хэмжээг зохион байгуулахаар Ажлын хэсэг байгуулагдан, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.