Засгийн газраас 0.035 мм-ээс нимгэн уутыг хэрэглээнээс халах зорилгоор нийлэг уутны хэрэглээг хязгаарлах 189 дүгээр тогтоолыг баталсан нь энэ оны гуравдугаар сарын 1-ээс хэрэгжиж буй. Хэрэглээнээс халж байгаа уутанд цэнхэр, улаан судалтай болон 10-ын гэж нэрлэгддэг үнэгүй өгдөг хальсан уут хамаарна. Засгийн газрын тогтоол хэрэгжиж эхлээд 12 хонож байгаа ч худалдаа эрхлэгчид, иргэд хэрэглээнээсээ хасч чадаагүй хэвээр байна.
Хавдар судлалын үндэсний төв болон бусад мэргэжлийн байгууллагаас гаргасан статистик судалгаагаар манай улсын хүн амын нийт нас баралтын 40 хувь нь хорт хавдрын өвчлөлөөс хамааралтай байгаа юм.
Тэгвэл гялгар уутны буруу хэрэглээ нь хорт хавдраар өвчлөх эрсдэлийг улам нэмэгдүүлдэг байна. Үүнийг олон улсын эрдэмтдийн судалгаа ч баталдаг. Түүнчлэн манай улсад хүнсэнд хэрэглэж байгаа нийлэг уутанд НМХГ-ын төв лаборатори химийн 58, хүнд металлын 27, нянгийн 72 төрлийн сорьц авахад нян судлалын шинжилгээнд 10 хувь, бичил биетийн тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс тав дахин их гарсан байна.
ҮЛДСЭН ХЭДЭН УУТАА ДУУСГАХЫН ТУЛД НОГООГОО ХИЙЖ ӨГӨХӨӨС ӨӨР АРГА АЛГА
Иймээс бид тогтоолыг хэрэгжүүлэхэд тулгарч байгаа асуудлыг тодруулах зорилгоор сурвалжлага бэлтгэлээ. Манай сурвалжлах баг нийлэг уутнаас иргэд татгалзаж эхэлсэн эсэхийг тандаж, сурвалжлахаар “Баянзүрх” захад Даваа гаригийн /2019.03.11/ үдээс хойш очсон юм. Тус захын хүнсний лангуунуудаар тойроход хориглосон гэгдэх торнууд ил харагдахгүй ч нууж хэрэглэдэг бололтой хальсан уут буюу 10-ын тор мэр сэр харагдав. Тус захын хүнсний ногооны лангууны хажуугаар явж иргэд, худалдаачид нийлэг уутнаас татгалзсан эсэхийг ажиглалаа. Улмаар хүнсний ногооны худалдаа эрхлэгчдээс нийлэг уутны хэрэглээг хориглосон байхад яагаад хэрэглээд байгааг асуутал “Бид энэ уутыг бөөндөж авдаг байсан. Үлдсэн хэдэн уутаа дуусгахын тулд ногоогоо хийж өгөхөөс өөр арга алга. Гэхдээ жижиг тор байхгүй болохоор хүнсний ногоо зэрэг ширхгийн бараагаа зарахад хүндрэлтэй байна” гэв.
ТАСАЛДАГ УУТЫГ ХУДАЛДААЧИД 3500 ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАЖ АВДАГ
Захын худалдаачдын ихэнх нь хориглосон уутнаас зайлсхийн бидний хэлж заншсанаар тасалдаг уут хэрэглэж байна. 10-ын тор нь боодолдоо 20 ширхэгтэй бөгөөд 500 төгрөгөөр, цэнхэр болон улаан судалтай уутыг 2500 төгрөгөөр, арай жижиг ногоон, цагааныг нь 1500 төгрөгөөр худалдан авдаг байсан бол одоо хэрэглэж байгаа 70-80 ширхэгтэй тасалдаг уутыг худалдаачид 3500 төгрөгөөр худалдаж авч байгаа аж. Энэ нь мэдээж олж байгаа багахан орлогод нь нөлөөлж байгаа гэдгийг ч тэд хэлж байсан юм.
Эндхийн худалдаачдын хэлж буйгаар “Цаасан уут даавуун тор хэрэглэнэ гэж хэлж байсан ч сүү тараг зэрэг нойтон зүйл хийхэд хэцүү. Мөн даавуун тор, цаасан уут нь мах, шүүс хийх боломжгүй. Үүнийг чинь шат дараатай хийх хэрэгтэй. Эхлээд гялгар уутаа орлох бүтээгдэхүүнээ гаргаад дараа нь хориглох хэрэгтэй. Орлох бүтээгдэхүүн гараад ирвэл бид татгалзах зүйл огт байхгүй” хэмээв.
УУТ ӨГӨХӨӨС ӨӨР АРГАГҮЙ
Бид тус захаас гараад Тусгаар тогтнолын ордонд байрлах "Оргил" супермаркетаар ороход хүнсний ногоо, өндөг зэргийг нийлэг уутанд хийж өгч байлаа. Харин бусад бараа бүтээгдэхүүнийг өөрсдийн торонд хийж өгч байсан юм. Ингэхдээ хамтран ажилладаг газрууд нь борлуулах бүтээгдэхүүнээ нийлэг ууттай нь хамт тус худалдааны төвд өгдөг гэнэ. “Хэрвээ түрээсийн байгууллагууд цаасан ууттай өгвөл тухайн уутанд нь савлаад худалдана шүү дээ. 100-ын торыг худалдаанаас халаагүй, гэхдээ бид иргэдэд санал болгохгүй байгаа. Үнэхээр уут, тор байхгүй, авъя гэвэл уут өгөхөөс өөр аргагүй, ямар тэврээд гар гэлтэй нь биш” хэмээн тус супермаркетын зохион байгуулагч хэллээ.
Гэхдээ томоохон худалдааны төвүүд болох "Номин", "Оргил"-ын тор нь 0.035 мм-ээс нимгэн бөгөөд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагчид ийм хэмжээтэй торыг хураах гэнэ.
Гаалийн байгууллагаас авсан мэдээгээр Монгол Улсад жилдээ 400 тонн буюу 500 мянга гаруй ширхэг нийлэг уут болон нийлэг уутны бэлдэц импортоор орж ирдэг. Дотоодод сав баглаа боодлын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 40 гаруй аж ахуйн нэгж бий, дотоодын хэрэгцээнийхээ 30 гаруй хувийг хангадаг байна. Өөр нэгэн судалгаа дурдахад Монгол Улсад дотоодын сав баглаа боодлын хэрэгцээ 520 тэрбум төгрөгт хүрч байна гэсэн тооцоо гарчээ. Үүний 75 хувийг импорт эзэлж байгаа юм. Үлдсэн 25 хувийг дотооддоо үйлдвэрлэж байна. Тэгвэл хог хаягдлын 36 хувь нь хүнсний хаягдал, 22 хувийг пластик материал буюу хуванцар сав, гялгар уут эзэлж байна.
Нийлэг уутыг хэрэглээнээс хасахыг иргэдийн хувьд дэмжиж байгаа ч зарим нь үүнийг эсэргүүцэж байна. Энэ талаар иргэдийн байр суурийг сонирхлоо. Иргэдийн хувьд төөрөгдөлд ороод байгаагаа бидэнд учирлалаа.
Иргэн Б “Манай гэр бүл нийлэг уут хэрэглэхгүй байгаа. Гэхдээ тор байхгүй болохоор өндөг, зайдас зэрэг ширхгийн барааг авах хүндрэлтэй юм. Ямар уутыг хориод, ямрыг нь ашиглах боломжтой вэ гэдэг талаар мэдээлэл сайн гаргах шаардлага байна" гэлээ.
Иргэн Э "Даавуун тор ашигла гэх юм. Гэтэл даавуун тор, цаасан уут нь мах, шүүс хийхэд боломжгүй шүү дээ. Гялгар уут хүний эрүүл мэнд болон байгальд хортой гэж байгаа ч нимгэн нь хортой, зузаан нь хоргүй гэсэн үг биш. Адилхан л хортой" гэв.
Нийлэг уутыг хэрэглээнээс хассанаар орлуулах ямар сав баглаа боодол үйлдвэрлэх вэ гэдэг асуудал хөндөгдөж буй. Зарим мэргэжилтний хэлснээр цаасан сав баглаа боодол Монголд өртөг зардал өндөр төдийгүй байгальд хортой гэж үзэж байна. Харин Байгаль орчин аялал жуулчлалын яамны зүгээс олон дахин ашиглагддаг гэх утгаараа даавуун уутыг хэрэглэхийг зөвлөж байна.
Тогтоол хэрэгжиж эхэлсэн өдрөөс зөрчил гаргасан аж ахуй нэгж байгууллагыг Зөрчлийн тухай хуулийн 6.1.4 дүгээр заалтын дагуу дараах арга хэмжээ авч байгаа аж. “Хууль дүрэм стандартад заасан шаардлагад нийцээгүй сав баглаа боодлыг үйлдвэрлэсэн, импортолсон, худалдаа үйлчилгээнд хэрэглэсэн бол хувь хүнийг 300 мянган төгрөг, хуулийн этгээдийг гурван сая төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулна” хэмээн заажээ.
Гэтэл супермаркетуудад худалдаалж буй тор, хөлдөөсөн бууз банш, хиамны гаднах савлагаанаас гадна хүнсний скоч, нэг удаагийн цэнхэр улавч, хогны уут хүртэл 0.035 мм-ээс нимгэн. Мөн хориглосон хэмжээнээс нь зузаан нийлэг уут хийхэд үнэ нь тэр хэрээр өснө, хэрэглэгчид болон үйлдвэрлэгчид цаасан болон даавуун уут хэрэглэхэд тийм хурдан дасан зохицох уу, эдгээр зүйлсийг нь үйлдвэрлэх, хэрэглэгчдийн боломжид таарсан үнээр импортлон оруулж ирж чадах уу гээд дагаж гарах үр дагавар, шийдвэрлэх асуудал олон байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ