БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны эцэг нэгт ах Ким Жон Нам 2017 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр Малайзын Куала Лумпурын олон улсын нисэх буудал дээр явж байхдаа нас барсан билээ. Түүнийг нисэх буудал дээр VX хэмээх хүний төв мэдрэлийн системийг гэмтээж даруй үхэлд хүргэдэг химийн хорт бодисоор хордуулсан гэж үздэг.
Тэгвэл энэ хэрэгт сэжиглэгдэн хоригдож байсан хоёр эмэгтэйн нэг болох Индонез улсын иргэн Сити Айсяг суллах шийдвэрийг Малайзын шүүх гаргасан байна. Шүүхийн шийдвэрийн дагуу тэрбээр өнөөдөр /2019.03.11/ суллагджээ. Тэрбээр шүүхээс хэргийг нь түдгэлзүүлэх болсон шалтгаанд огт тайлбар өгөөгүй бөгөөд нөгөө сэжигтэн болох Вьетнам эмэгтэйн шүүх хурал өнөөдөр орой болох юм байна.
Хэрэг гардаг өдрийн камерын дүрс бичлэгээс үзвэл Ким Жон Нам нисэх буудлын тасалбар бичдэг хэсэгт зогсож байхад нь нэг эмэгтэй араас нь ирж, нүүрэнд нь хүрээд зугтаасан байдаг. Тэр үед өөр нэг эмэгтэй түүнтэй зөрөн өнгөрдөг. Гайхаж балмагдсан Ким нисэх буудлын ажилтнуудад болсон явдлыг хэлэхээр явж буй нь харагдана. Бие нь тавгүйрхсэн Ким Жон Намыг нисэх буудлын ажилтнууд дагуулан хяналтын өрөө рүү орох бөгөөд удалгүй тэрээр ухаан алдан унасан байдаг. Ингээд түүнийг эмнэлэг хүргэх замд нас барсан байна.
Сэжигтнүүд өөрсдийгөө телевизийн шоунд оролцож байна гэж бодсон, тэгээд хөгжилтэй даалгавар биелүүлэх болсон учир ийм үйлдэл гаргасан гэж мэдүүлээд байсан юм. Тодруулбал, хөгжилтэй телевизийн нэвтрүүлэг бэлтгэх гэж байна гэсэн хэсэг хүмүүс тэдэнд мөнгө өгч оронд нь ийм нэвтрүүлэгт орохыг урьсан, тэд ч мөнгийг авч хэд хэдэн хүний нүдийг таглаж нүүр рүү ус цацсан. Хамгийн сүүлд Ким Жон Нам дээр очих болсон. Гэхдээ цацсан зүйл нь ус биш хортой бодис байсныг өөрсдөө ч мэдээгүй, зүгээр л даалгаврыг биелүүлсэн гэж мэдүүлж байжээ. Зарим улс төрийн шинжээчид үүнийг төрийг ганцаар захирахын тулд өрсөлдөгчөө дарсан Ким Жон Уны явуулга, санамсаргүй зүйл огт биш, сэжигтэн хоёр эмэгтэй бол тагнуулын ажилтнууд хэмээн үзсэн байдаг.
Ким Жон Нам Куала Лумпурын нисэх буудал дээр явж байх үеийн камерын бичлэг
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ