Иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсоноос болж осолдох тохиолдол гарсаар байна.
Тухайлбал, энэ сарын 09-нд Хөвсгөл нуурын мөс цөмөрч автомашин живсэн гэсэн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид ажиллаж, Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр гурван цаа буга тээвэрлэж яваад цөмөрсөн, “УАЗ-451” загварын автомашин болон зорчиж яваад осолдсон Цагаан нуур сумын иргэн З/46 настай, эрэгтэй/, Г /38 настай, эрэгтэй/, Ч /38 настай, эрэгтэй/ нарын цогцсыг 03.10-ны өдрийн 10:27 цагаас 10:42 цагийн хооронд, автомашиныг 14:58 цагт тус тус гаргасан.
Түүнчлэн 03 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөн тогтвортой мөсөн бүрхүүлтэй байгаа хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.
Цаашид мөсний зузаарлын эрчим буурч мөс хэврэгших тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх, аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Холбоотой мэдээ