Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдрөөр буюу энэ сарын 7,8-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд нийт 25 эмэгтэй эрүүлжүүлэхэд хоногложээ. Тэдний 15 нь ар гэртээ агсам тавьж амар тайван байдал алдагдуулсан бол найм нь цэнгээний газар хэв журам зөрчсөн тул саатуулагдсан байна. Мөн баяр, амралтын өдрүүдэд гэр бүлийн хүчирхийлэл, архидан согтуурахтай холбоотой хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл зонхилсон аж.
ГАЛТ ТЭРГЭНД ХОЁР ХҮН ДАЙРУУЛЖ АМЬ НАСАА АЛДЖЭЭ
Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2019 оны гуравдугаар сарын 8-10-ны өдрүүдэд нийт 668 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын шинжтэй 452 дуудлагыг хүлээн авчээ. Ослын улмаас нийслэлд 17 хүн гэмтэж бэртэн, орон нутагт таван хүний амь нас хохирчээ.
Энэ сарын 8-ны өдөр төмөр замын гарамтай холбоотой хоёр ч осол бүртгэгджээ. Тодруулбал, Төв аймгийн Сэргэлэн сум Баянбүрд нэгдүгээр баг Төмөр замын 467-р километрийн дөрөвдүгээр зуутад ачааны галт тэргэнд Архангай аймагт оршин суух, 54 настай эмэгтэй Д дайрагдаж амь насаа алдсан байна.
Мөн Сэлэнгэ аймагт Тоёота маркийн автомашины жолооч гарамгүй газар хориг хашааг дайрч хөдөлгөөнд оролцож явсан 3503 дугаар галт тэргэнд мөргүүлжээ. Тухайн үед галт тэрэг яаралтай тоормос хийж зогссон тул ослын улмаас хүний амь нас эрсдээгүй байна.
Харин бүртгэгдсэн зам тээврийн ослын 11 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн бол 19 нь мөргөлдөх хэлбэрээр, онхолдох хэлбэрээр таван осол бүртгэгдсэнийг шалгаж байна. Гудамж талбайд хийсэн шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 268 жолоочид хуулийн хариуцлага тооцжээ. Дээрх жолоочдын 140 нь олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр бүртгэгдсэн аж. Тухайлбал, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт асфальтан замд 2019 оны гуравдугаар сарын 8-нд Тоёота приус маркийн автомашин онхолдож, зорчигч долоон настай, эмэгтэй Э-ийн амь нас хохирч, жолооч 18 настай Б, зорчигч 41 настай С нар гэмтжээ.
- Хан-Уул дүүргийн нутаг дулааны гуравдугаар цахилгаан станцын замд 2019 оны гуравдугаар сарын 8-ны өдөр Тоёота приус 20 маркийн автомашин нь Тоёота приус 11, Тоёота приус 20 маркийн автомашинуудтай мөргөлдөж, дотор нь зорчиж явсан хоёр, гурав, зургаан настай гурван хүүхэд гэмтсэн хэргийг шалгаж байна.
Алба хаагчдаас гудамж талбайд хийсэн шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 268 жолоочид хуулийн хариуцлага тооцжээ. Тэдгээр жолоочдын 140 нь олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр бүртгэгдсэн аж.
ХӨВСГӨЛ НУУРЫН МӨС ЦӨМӨРЧ ГУРВАН ХҮН АМИА АЛДЖЭЭ
Баяр, амралтын өдрүүдэд Онцгой байдлын газарт мөс цөмрөхтэй холбоотой дуудлага мэдээлэл цөөнгүй иржээ.
Бүртгэгдсэн осол хэргээс дурдвал Дорноговь аймгийн Айраг сумын Цагаан дөрвөлж багт оршин суугч 13 настай эрэгтэй Т нь 2019 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн 11.00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлага тус аймгийн ОБГ-д өнөөдөр 02.42 цагийн орчимд иржээ. Дуудлагын дагуу зургаан аврагч, хоёр цагдаа, ар гэрийнхэн 16 хүн нийлж эрэн хайсаар хүүг 05:48 цагт эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.
Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороонд дээвэр дээрээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлага өчигдөр 18.35 цагт НОБГ-д иржээ. Дуудлагын дагуу долоон аврагч 18.44 цагт очиж тус байрны дээврээс 25 настай П-г буулгаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн аж.
Хөвсгөл аймгийн Хатгал сумын Хатгал тосгоны Ар хилт гэдэг газар "Хөвсгөл нууранд автомашин цөмөрсөн" гэсэн дуудлага гуравдугаар сарын 9-ны өдрийн 14.56 цагт тус аймгийн ОБГ-д иржээ. Дуудлагын дагуу 11 аврагч, цагдаагийн зургаан алба хаагч ЗДТГ-ын зургаан алба хаагч, ар гэрийнх нь 16 хүн, нийт 39 хүн ажилласан байна.
УАЗ-451 загварын автомашинд гурван цаа буга тээвэрлэн Хөвсгөл нууран дээгүүр явах үед мөс цөмөрч дээрх осол болсон аж. Ослын улмаас Цагаан нуур сумын Хармай багийн харьяат иргэн 46 настай эрэгтэй З, 38 настай эрэгтэй Г, 38 настай эрэгтэй Ч нар амиа алджээ. Цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад өгчээ.
Э.АРИУН
Холбоотой мэдээ