Өмчөө нийгэмчлээд өөдөлсөн түүх хаа ч байхгүй

Хуучирсан мэдээ: 2019.03.11-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Өмчөө нийгэмчлээд өөдөлсөн түүх хаа ч байхгүй

Өмчөө нийгэмчлээд өөдөлсөн түүх хаа ч байхгүй

Румыны ард түмэн 1989 оны арванхоёрдугаар сард улс орныг нь 10 гаруй жил удирдсан Николае Чаушескуг эхнэрийн хамт буудан хороосон. Тэднийг улс орноо дампууруулсан, ард түмний хөрөнгийг их хэмжээгээр хувьдаа завшиж гадаад орны банкууд руу гуйвуулсан хэрэгт буруутган цэргийн шүүх хурал явуулж, буудан алах ял оноосон бөгөөд уг ялыг 10 хоногийн дараа гүйцэтгэх ёстой байсан ч тэр өдөртөө гүйцэтгэсэн байдаг. Шүүх хурлыг тухайн үеийн Румыны Батлан хамгаалахын сайд удирдан явуулсан бөгөөд тэрхүү сайд энэ хэргээс ердөө хэдхэн хоногийн өмнө Чаушескугийн тушаалаар иргэдийн үймээнийг цэргийн хүчээр дараад байсан. Тэрхүү сайд сүүлд олон улсын шүүхэд дуудагдсан түүхтэй.

Румын нь Монголын нэгэн адил тухайн үедээ ЗХУ-ын тэргүүлсэн социалист системийн бүлэгт багтдаг орон байсан ч эдийн засгаа хөтлөх арга барил, үзэл суртлын хувьд ч ЗХУ-ын зааврыг үг дуугүй биелүүлээгүй. Тухайн үед соц системийн орнуудаас барууны хөрөнгөтөн орноос нийтдээ 20 гаруй тэрбум ам.долларын зээл авч чадсан улс байлаа. Барууны зээлийн хүчээр эдийн засаг нь сэргэж, аж үйлдвэрийн бүтээмж 30 жилийн дотор 100 дахин өссөн. Харамсалтай нь, төдөлгүй Румыны үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн соц системийн орнууддаа илүүдэж, харин барууны оронд гологдон, зээлийн эргэн төлөлтийн хавханд орсон. ЗХУ-аас холбоогоо тасалж, тухайн үеийн соц орнуудын цэргийн эвсэл болох Варшавын гэрээнээс гарвал зээлийн өрийг хүчингүй болгох болзлыг барууныхан тавьсан ч Чаушеску зөвшөөрөөгүй. Хэдийгээр үзэл суртлын дайснуудын саналыг хүлээж аваагүй ч бас ЗХУ-д М.Горбачевын эхлүүлсэн “перестройка”-г дагахыг тэр хүсээгүй. Соц системийн орнуудад нийгмээ өөрчлөх давалгаа эхэлж байх үед Румын арайхийн зээлийн өрөөс гарсан ч эдийн засаг нь хараахан сэргэж амжаагүй байсан үе.

Социалист систем нуран унасан түүхийг Чаушескугийн эмгэнэлт үхлээр төлөөлүүлэн ярьдаг ч үнэндээ хэнийг ч дагахыг хүсэлгүй өөрийн замаар явах хүсэл нь түүнд дотоодод нь ч, гадаадад ч дайсан бэлдэж өгсөн хэрэг. Түүний үхлээс бараг 20 жилийн дараа Чаушеску гадаадын ямар ч банкинд дансгүй байсныг тогтоосон байдаг.

Цөс нь хөөрсөн хүмүүс уур хилэнгээ тэвчих чадваргүй болдог, хэн нэгнийг буруутан болгож байж өөрөө зөв гэж сэтгэлийн таашаал авдаг нь хүний муу чанаруудын нэг. Мөн хууль, шүүхийн оролцоогүйгээр хэн нэгнийг яллах нь хэлмэгдүүлэлт болдгийг түүхийн олон эмгэнэлт жишээ нотолдог. Монголын түүхэнд нь ч ийм хар үе байсан. УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэдхэн сарын өмнө чуулганы танхимд Чаушескуг унагасан жишгийг Монголд давтах ёстой гэсэн агуулгатай үг хэлж байсан нь олон хүнийг цочроосон. Ийм үзэл бодолтой хүн өнөөдөр нийгмийн шинэчлэгчийн нэг болон тодорсон нь эмгэнэлтэй.

Энэ бүхнийг нуршсаны учир нь өнгөрсөн долоо хоногт “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг тойрсон зохион байгуулалттай цуврал акц хүмүүсийн цөсийг хөөргөх нэг зорилгод зангидагдсан гэсэн хардлага байгаатай холбоотой. Даваа гаригт Ерөнхийлөгч Х.Баттулгын эзэмшдэг С1 телевизээр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг оросуудаас худалдан авахдаа “Монголын зэс” корпорац яаж хөрөнгө босгосон талаар нэвтрүүлэг цацагдаж, маргааш өдөр нь буюу Мягмар гаригт ЗГХЭГ-ын даргаар томилогдоод удаагүй байгаа залуу гишүүн Л.Оюун-Эрдэнэ Төрийн ордонд сэтгүүлчдийг дуудан авчирч 49 хувийн схем гэгчийг нямбайлан зурсан тайлбар хийж, Лхагва гаригт 49 хувьд хамааралтай Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин гэсэн гурван хүнийг тусгай хүчнийхнийг дайчлан цагдаагийнхан байцаалт авлаа. Үйл явдлын дарааллаар нь хөөвөл телевизийн нэвтрүүлгийн дагуу ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ схем зурж, Л.Оюун-Эрдэнийн зурсан схемийн дагуу цагдаа байцаалт авсан болж таарах нь. Цагдаагийнхан мөрдөн байцаалтаа явуулаад хөдөлшгүй баримтаар нотлогдсон бол прокурорт мэдэгдээд, прокурор нь баримтуудыг шалгаад баривчлах шийдвэр гаргадаг. Мөн тусгай хүчнийхнийг үнэхээр тусгай нөхцөлд дайчилдаг. Бас болоогүй тэндээс тийм хүн баривчилна гэдгээ тусгайлан зарим нэг хэвлэлийнхэнд дамжуулчихсан, нөгөөдүүл нь өглөөнөөс баривчлагдах хүмүүсийн гэрийн гадаа хүлээн суусан. Буруутай этгээдийг баривчлах үйл явц ЗГХЭГ-ын даргад огт падлийгүй. Харин “Эрдэнэт” үйлдвэр дээр очиж онцгой дэглэм тогтоосныг мэдэгдэх бол байж болох юм. Гэхдээ Монголын төрийн түүхэнд байсан жишгээр төрийн өмч хариуцсан агентлагийн дарга ийм үүргийг гүйцэтгэх учиртай. 1998 онд "Эрдэнэт" үйлдвэр дээр мөн иймэрхүү үйл явдал болж байсан бөгөөд өнөөгийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд тухайн үед Төрийн өмчийн хорооны даргын хувиар очиж Ш.Отгонбилэг агсны цоожилж, лацдаад явсан хаалгыг эвдэн орж "Төр өмчөө мэдэж байна" гэсэн үгээ хэлж байсан түүхтэй.

1992 оны Үндсэн хуулиар засаглалын хуваарилалтыг ялгаж, салгаж өгсөн. Үндсэн хуулийн энэ зарчим алдагдаж байгаа бол Монголын нийгэм аюулд ойртож буйн шинж. Бас хувийн өмчийг баталгаажуулж, төр энэ эрхийг хамгаалах үүрэг хүлээсэн. Энэ эрхийн дагуу 1992 оноос хойш монголчууд өмчтэй болж, одоо эдийн засгийн бүтцийн 80 хувийг хувийн хэвшлийнхэн бүтээж байна.

Төрийн өмч рүү дайрсан, хураана гэж айлгасан, төрийн нударгаар далайлгасан үйлдлийн давтамж улам ойртох боллоо. Монголын эдийн засгийн өсөлтийг хангаж байгаа ганц салбар уул уурхайг зүхэх хандлага нийгэмд чөлөөтэй урсах боллоо. Барууны үзэл баримтлалаа сэргээн, сонгодог утгаараа ажиллана гэж саяхан зарласан Ардчилсан нам хэлгүй, дүлий мэт. Шинээр сонгогдсон МҮХАҮТ-ын удирдлагаас ч реакц үзүүлсэн зүйл алга. Өмчөө нийгэмчилсэн Венесуэль ердөө 10 хүрэхгүй жилийн дотор сүйрэн унаж байна. Уго Чавесийн үед эхэлж, Мадурогийн үед сүйрэх тавилантай Венесуэлийн хоёр гол түнш нь манайх хоёр хөрш гэдгийг дуулгахад илүүдэхгүй.

Уг нь “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаад авчирсан хүмүүсийг цаазын тавцан руу чирэхээс өмнө төсвийн мөнгийг хулгайлсан ЖДҮ-чдээ, “Эрдэнэт “үйлдвэрийн төрийн мэдлийн 51 хувийг гаднын банкинд барьцаалсан луйварчдаа, бодит үнээс нь 5-10 дахин илүү үнээр бараа шахаж баяжсан төрийн түшмэдүүдээ, тендер нэрээр аймгуудад халдаггүй, тааз нь нурдаг сургуулийн байр барьж өгдөг хүйтэн сэтгэлтнүүдээ, утааг бууруулна гэж тэрбум тэрбумаар нь мөнгө идэж мянга мянган багачуулыг хорт утаагаар амьсгалахаас өөр аргагүй байдалд хүргэсэн албан тушаалтнуудаа, ямар ч ногоон байгууламжгүй болтол нь хотыг бетонон барилгаар "цэцэглүүлсэн" үе үеийн хотын Захирагчдыг олны нүдэн дээр гавлаад хуулийн хариуцлагын өмнө аваачсан бол Монголын төр зөв харагдах байлаа.

Алт тушаалт эрс буурсан, “Оюутолгой”-н гүний уурхайн санхүүжилт хойшилсон зэрэг нэн тэргүүнд анхаарал хандуулах сэдэв уг нь хангалттай байна. 20 мянган төгрөгөөр сонгуулийн саналаа иргэдээ соён гэгээрүүлэх, зөв мэдээллээр хангах чиглэлд төрийн оролцоо бүхий том аян зарлахаас өөр аргагүй хэмжээнд хүрээд байгаа нь "Эрдэнэт" үйлдвэрт онцгой дэглэм тогтоохоос ч илүү амин чухал зорилт болоод байна. Даанч попрох дэндүү амархан ч, попын өртөг дэндүү өндөр тусахаар байна. Энэ өртгийг попчид та нар биш үр хүүхэд чинь төлнө гэдгийг мэдэж байгаа биз дээ. Л.Оюун-Эрдэнэ гишүүн Эрдэнэтээс эргэж ирээд нийгмээ өөрчлөх цаг болсныг сануулсан, зөв харагдаж чадахгүй байгаа төрийн том эрх мэдэлтнүүд өөрчлөх гээд нурааж орхих вий гэсэн болгоомжлол нийгэмд бий боллоо. Болгоомжилж байгаа бол түүнийгээ бусдад илэрхийлэх, дуу хоолойгоо нийгэмд сонсгох цаг иржээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
ЗөвЗөв
20
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж